ТОЙМ: “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал тогтоож, Ерөнхийлөгч АТГ, ЗХЖШ-ын удирдлагуудыг солих хүсэлтээ хүргүүллээ
Өнгөрч буй энэ долоо хоногийн хувьд улстөрийн хувьд нэлээн үйл явдал өрнөсөн өдрүүд болж өнгөрлөө. ЗГХЭГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан хэрэгт шалгалт явуулсанаар баривчилгаа, онц байдал, халаа сэлгээ зэрэг олон үйл явдал өрнөсөн юм.
Ингээд өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэрэгт буруутгав
Өнгөрсөн мягмар гаригт Эрүүгийн цагдаагийн газраас сүр дуулиантайхан баривчилгаа хийв. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэрэгт буруутган баривчилсан юм. Улмаар ЭЦГ-т байцаалт явуулж, үүний дараа ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийж, орой 23.00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.
Харин маргааш нь буюу өнгөрсөн лхагва гаригт шүүхээс тэднийг суллах шийдвэр гаргасан. Учир нь цагдаагийн баривчилгаа явуулахдаа шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. Мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн хэмээн сулласан юм.
Гэвч үүний маргааш буюу өнгөрсөн пүрэв гаригт цагдаагийн байгууллагаас тэднийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байгаа билээ.
Харин энэ асуудалд Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон “Өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдал бол улстөрийн зорилготой. Өнгөрсөн жил намайг Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбоотойгоогоор дуудаж мэдүүлэг авч байсан. Гэтэл өнгөрсөн мягмар гаригт гэрээсээ ажил руугаа явж байсан чинь гэнэт хууль бус баривчилгаа явагдсан. Ингэхдээ хуулийн дагуу биш шууд цагдаагийн хүч ашиглаж, онц ноцтой гэмт хэрэгтэн баривчилж байгаа мэтээр барьж явсан. Миний асуусанд ч хариулалгүй авч явсан.
Цагдаагийн байгууллага зөвхөн гэрчийн л мэдүүлэг авсан. Тэгээд энэ бүх асуудлын цаана нэг банк, нэг хүн байгаа мэтээр зохион байгуулалттай мэдээлэл цацаж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаанд “ОНЦ БАЙДАЛ” тогтоож, найман ажилтныг нь ажлаас халан, есөн өрөөг битүүмжлэв
Өнгөрсөн мягмар гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаанд онц байдал тогтоох шийдвэр гаргасан. Ингэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаанд саад учруулах биш. Зарим нэг санхүүгийн материалыг татаж үзэх шаардлагатай байгаа хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм. Улмаар шууд Эрдэнэтийг зорьж, Эрдэнэт үйлдвэрийн есөн өрөөг битүүмжлэв.
Мөн Тэргүүн дэд захирал, хуулийн хэлтсийн дарга, хуулийн хэлтсийн даргын орлогч, ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, Хүний нөөцийн албаны дарга зэрэг найман албан тушаалтныг чөлөөлсөн байдаг.
Түүнчлэн шүүгч М.Батсуурийг энэхүү мөнгө угаалтад оролцсон байж болзошгүй, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн АТГ, ШЕЗ-д гомдол гаргахаар болсон билээ.
Ерөнхийлөгч АТГ, ЗХЖШ-ын удирдлагуудыг солих хүсэлтээ хүргүүлж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлуулав
Мөн өнгөрсөн долоо хоногийн онцлох нэгэн үйл явдал бол Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн байгууллагын удирдлагуудыг солих хүсэлтээ хүргүүлсэн явдал байлаа. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан АТГ-ын дарга, дэд дарга, ЗХЖШ-ын дарга, Ерөнхий прокурорын орлогч нарыг солих хүсэлтээ хүргүүлж, энэ асуудлыг яаралтай УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг хүссэн юм.
Харин түүний хүсэлтийн дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гарган, УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтов.
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдаж байсан дөрвөн хүнийг суллажээ
Олны анхаарлын төвд буй нэгэн хэрэг бол Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг юм. Уг хэрэгт шүүгч Л.Бямбааг цагдан хорьсон бол тэрбээр хоригдож байх хугацаандаа нас барсан байдаг. Мөн түүнтэй хамт хоригдоод байсан дөрвөн хүнийг суллах шийдвэрийг шүүхээс гаргажээ. Прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих санал гаргасан ч шүүх хүлээн аваагүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсын шүүхийн байгууллага талийгаачийн үхэлд цочирдож, бүгд өндрөө авсан сурагтай. Мөнгөншагай нарыг үргэлжүүлэн хорих шаардлаггүй гэж үзсэн шүүгч ч, нпг-ын улсын яллагч, АТГ-ын мөрдөгч нарт хариуцсан хэрэгт нь сэжиглэгдсэн нэг сэжигтэн амиа алдсан нь тэдний ажлын хариуцлага алдсантай холбоотой гэж буруутгаж эхэлжээ. Ингээд эхлээд талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхой болгож, буруутай албан тушаалтан нь хариуцлагаа үүрсний дараа салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх ёстой гэж байр сууриа илэрхийлжээ.
Худал мэдээлэл түгээсэн Э.Цэрэнг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ
Цэнхэр үст Э.Цэрэнг ХУД-ийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ. Учир нь өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр нас барсан Г.Улсболдын ар гэрийнхнээс гаргасан хүсэлтийн дагуу ийнхүү шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, Цэнхэр үст Э.Цэрэн өөрийн фэйсбүүктэй “Загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн сүүлийн гэрчийг устгалаа. Г.Улсболд гэх энэ залуу нь өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр ОО-ын өрөөнөөсөө нас барсан байдалтай олдлоо” хэмээн бичсэн байдаг. Улмаар нас барсан, талийгаач Г.Улсболд гэх залуугийн зургийг олон нийтэд дэлгэсэн юм.
Гэтэл талийгаач Г.Улсболд нь загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт огт холбогдолгүй бөгөөд Ч.Чамин-Эрдэнийг амиа алдсан өдөр ОХУ-д ажлаар явж байсан аж.
Иймд талийгаачийн ар гэрийнхэн нас барсан хүүг нь элдэв хэрэгт хамаатуулж, худал ташаа мэдээлэл түгээсэн Э.Цэрэнд гомдолтой байгаагаа илэрхийлж цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргаад байгаа юм байна. Ар гэрийнхнийх нь гаргасан гомдлын дагуу шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Б.Аз
URL: