МХЕГ хэдий болтол ниргэсэн хойно нь хашгирах вэ

15519501965c80e174a939b

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн  алтны уурхайд  осол гараад 10-аад хоног өнгөрч байна. Аврагчид одоо хүртэл нэг хүний цогцсыг олоогүй,  дахин нуралт үүсэх эрсдэл бүхий маш хүнд нөхцөлд  эрэн хайх ажиллагаа явуулж байна. Тэнд одоогоор найман шумбагч ажиллаж байгаа бөгөөд  гурав хоногийн өмнө буюу энэ сарын 5-нд Шадар сайд тэргүүтэй албаныхан газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаад ирснээ хэвлэлийнхэнд “тайлагнасан”.  Энэ үеэрээ аврагчдын хувцас шаардлага бүрэн хангахгүй, их муудсан байгаа учраас цаашид үүнд анхаарч ажиллахыг анхааруулна билээ.  Аврагчид  5 м хүртэл гүнд  мөс шавартай  усанд шумбалт хийж байгаа аж. Гэтэл тэдний хувцас хэрэглэл гэж бараг л нөхөөстэй дугуй шиг юм байгаа бололтой юм. Уг нь ОБЕГ  энд тэндхийн бөхчүүдийг өөрийн  болгож, албан тушаал цол чимэг, дүрэмт  хувцас, цалин урамшуулалд гар татаад байдаг газар биш сэн. Гэтэл хэдэн аврагчдынх хувцас хэрэгсэл нэг иймэрхүү  байгаа аж.

Ө.Энхтүвшин сайд энэ сарын 6-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ үдээс хойш осол гарсан шалтгааны талаар Мэргэжлийн хяналтын байгууллагын  албан ёсны дүгнэлт гарна. Үүний дараа хариуцлага тооцох асуудлыг ярина хэмээн мэдэгдсэн.

Осол гарснаас хойш 10-аад хоног өнгөрчихөөд байхад мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаралгүй ийн удааширч байгааг юу ч гэж ойлгомоор юм бэ дээ. Уул шугамандаа МХЕГ иймэрхүү осол болохоос урьдчилан сэргийлж, буруутай үйл ажиллагааг  таслан зогсоох ёстой үүрэг функцтэй байгууллага.  Харамсалтай нь  тус газрынхан урьдчилан сэргийлэх биш  ниргэсэн хойно нь хашгирдаг газар болсон. Заамарын энэ уурхайд ч бас л үүнийгээ давтав. Уг нь МХЕГ-т уул уурхай хариуцсан хяналтын байцаагчид  гэж эрх мэдэл, эдэлж өмсөхөөр төрөөс хангагдсан  хүмүүс бий.

Гэтэл “Эко Алтан Заамар”-ын уурхай гэж  харсан үзсэн байтугай сонссон хүнд хүртэл аюул осолтой нь тодорхой уурхай байжээ.  Тодруулбал, газар дээр нь очиж харсан Шадар сайд уурхайг шанагатай  зүйрлэжээ.  Уурхай  100 метрийн өргөн,  эргэн  тойрондоо 80 метр гүнтэй  эгц шахуу мөргөцөөр хүрээлэгдсэн байжээ.  Осол болох үед уурхайд ажиллаж байсан хоёр насосчин хар хурдаараа зугатаагаад ч гарч чадалгүй дарагдсан нь ямаршуухан давчуу орон зайд олборлолт явуулж байсныг илэрхийлнэ.

Монголын алт олборлолтын голлох бүс нутаг Заамарт  уурхайн нөхцөл байдал иймэрхүү байхад алслагдсан газар нутагт амь дүйж байгаа алтныхан яаж шүү байдгийг хэлж мэдэхгүй.  Одоо урин дулааны цаг ирж, ус гэсэж уул уурхайн компаниуд ажилдаа гарч байна. Хэдэн арваар бус зуугаар тоологдох аж ахуйн нэгж, хажуугаар нь нинжа нартайгаа  хавсран  алтны төлөөх “дажин”-аа эхэлнэ.  Харин тэр бүхэнд аюулгүй ажиллагааны норм хэмжээ хангагдсан уу гэдгийг шалгаж тогтоох, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох  үүрэг хүлээж, үүнийхээ хэрээр эрх мэдэл эдэлдэг байгууллага нь Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар.

Шадар сайд Заамарын осолтой  холбогдуулан МХЕГ-ын үйл ажиллагаанд хоёрдмол утгатай санал дүгнэлт илэрхийлж байгаа байна лээ. Ерөнхийдөө бол сайн ажиллаж байгаа, гэхдээ бүгдээрээ тийм биш гэхчлэн. Тэрчлэн хүн хүчний хүрэлцээ муу гэнэ. Харин нэг авууштай санаа илэрхийлсэн нь  энэ байгууллагын байцаагч нарыг албан контороос нь гаргаж, амьдрал дээр, хэрэгтэй газар нь хэрэгтэй цаг үед нь хяналт  шалгалт хийлгүүлж байх явдал гэсэн.

Ерөөс энд тэнд хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль журам зөрчигдснөөс гарч байгаа иймэрхүү аваар осол, зөрчил гэм зэмийн хариуцлага МХЕГ-тай л холбогдох учиртай. Өөрөөр хэлбэл МХЕГ бол урьдчилан сэргийлдэг, хяналт тавьдаг,  стандарт дүрэм журмыг сахиулах ёстой ёстой болохоос биш  аливаа золгүй явдлын араас нь  том дуугарч чухал царай гаргах үүрэгтэй байгууллага биш билээ.

Осол гараад 10-аад хоночихоод байхад  албан ёсны дүгнэлт одоо хэр гараагүй байгаа нь тус байгууллагын бас нэг илэрхийлэл болон нийгэмд хүрч байна. Уул уурхайд  мөрдөж сахьдаг бэлэн дүрэм журам стандарт гэж бий. Хар ухаанаар бодоход  босоо хананы налуу, мөргөцөгийн алслалт гэхчлэн яригддаг байх. Түүнчлэн  босоо хананаас байнга ус шүүрч байгаа  тохиолдолд тэр хана нурахгүй гэх баталгаа огтхон ч байхгүй нь тодорхой.

Ийм байсаар байтал эл ослыг урд өдөр нь болсон газар хөдлөлттэй холбоотойгоор  тайлбарлах гэсэн хандлага  үе үе давалгаалах гээд л байна.  Энэ бол мэргэжлийн байгууллагын дуу хоолой үгүйлэгдэж байгаагийн  илэрхийлэл болой.

 Г.Хан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих