Хайртай эх орноо зүрхэндээ тээж харийн нутагт …

“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэнэ өвөртөлж ирнэ” гэж миний эх орны алдартай зохиолч хэлсэн байдаг. Тэр эрдэнийг өвөртөлж ирэхээр харийн нутгийг зорьсон минь саяхан. Ээжийн бүлээн үнсэлт, аавын минь дулаан харц, эх орны минь сэрүүн салхи аль аль нь сэтгэл далласаар үлдсэн шиг санагдсан.

Харийн орныг үлгэрийн диваажин мэт санаж, хичнээн их яаран догдлон ирснийг ярих юм биш, харин гайхмаар сайхан барьсан үлгэрийн мөсөн хотхон шиг, үзэсгэлэнтэй атлаа хахир хүйтэн харийн нутагт байхад эх орон минь диваажин юм билээ.

Би Завхан нутгийн хүү, оройд нь мөнх цасан дуулга гялалзсан Очирваань уулаа сүслэн, эрхлэн наадах хос Вансэмбэрүүний эрх хотгор дэлбээг илбэж, Богдын гол, Рашаан голынхоо цовоо цолгин дуунд эрх унага шиг тонгочин өссөн болохоороо би эх нутагтаа илүү хайртай юм шиг ээ.

Хаяа хонинд унадаг хурдан борлог морь, зунд нь нутагладаг Хөөргийн ам, Завгийн бөөрөг, Баянзүрх уул, өвөлжөө нутаг минь болох их бага Хөмгийн өвөр, Ямаан ус, алдарт тэхийн зогсоол бүгд л үлгэрийн орон шиг мөрөөдөл болж нүдэнд минь байнга тодордог.

Тийм ээ!  Одоохондоо миний мөрөөдөл, хийх бүтээхийн их аянд дуудсан хүсэл эрмэлзлийн минь хөтөч. Би байгаль орчны эдийн засгийн эрх зүйн ангид сурч байгаа минь ч үүнтэй холбоотой. Завхан нутаг минь алт, болон нуур, байгалийн үнэт олдвор бүхий уурхай байхгүйд нь би заримдаа ханцуйдаа залбирч баярлах шиг болдог. Мэдээж байгаа орон улс шиг минь хөгжилтэй, сайхан бүхэн цогцлоход байгалийн баялаг хэрэгтэй л дээ. Гэхдээ хүнийх нь ч адил, өөрийнх нь ч адил хахир хатуу сэтгэлээр хандах эх орны минь үзэсгэлэнт унаган байгаль тэнгэрт тулсан тоосонцор болж хувирахад сэтгэл өвдөхгүй байхын аргагүй.

Тоглож өссөн эх орон минь торойтол үлдэх ботго шиг өнчирч, багтаж ядах баян хангай минь бадар барьсан гуйлгачин шиг гудайж, дэлгэсэн тэрлэг шиг нутаг минь дэндүү нөхөөстэйдээ дэлхийд гологдвол яана. Би ийм л зүйлээс айдаг, айдагтааа аливааг эргэцүүлдэг. Үйлс нь ерөөлтэй, үр дүн нь бэлэгтэй тийм л байгууллагыг байгуулж үйл ажиллагааг нь өргөжүүлж дэлгэрүүлэхсэн гэж хүсдэг.

Хүний өөрийн олон уурхай олон компани ажиллаж байна. Тэдэнд нүд улаан мөнгө цагаан гэдэг шиг авах ашиг нь л чухал болохоос үлдэх эх орноо төдий л боддоггүй.  Цэвэр усны хоолойгоор зэвтэй ус ирэх нь үү гэж хүлээн суухаас голын эрх хонгор чимээг сонсож тунгалаг усыг рашаан мэт хүртэж ариун ус урсав уу, мөнгөн ус урсав уу гэдгийг анхаарч ялгадаггүй ч байж болох юм. Дараа нь нөхөн сэргээлт хийсэн нэртэй оромдож, нэр мултрах даан ч ичгүүргүй энэ байдлыг өөрчилж болох боломжийг эрэлхийлэх нь юунаас ч чухал.

Би бодохдоо тухайн үйлдвэрлэл явуулсан байгууллагын байгальд учруулсан хор холбогдлыг маш нарийн тооцож, түүнд тэнцэх мөнгөн хөрөнгөөр санхүүждэг, байгалийг нөхөн сэргээх үйл ажиллагаатай компани байгуулахсан гэж хүсдэг. Тэр компани баялгийг ашиглах биш зорилго нь нөхөн сэргээх учир илүү сайн талтай гэж үздэг. Цаг алдахгүй, зөв бодлоготой ажиллаж чадвал “Нинжа” ч гэсэн үгүй байх боломжтой.

“Нэг цэцэг тарих нь нэг бурхан, нэг мод тарих нь мянган бурхан бүтээсэнтэй тэнцдэг” гэж байгальдаа хайртай, цагаан сэтгэлтэй монголчууд ярьдаг. Энэ уламжлалт сэтгэлгээ унаган байгальдаа өссөн монголчуудын мах цусанд байдаг энэ хандлагыг сэргээж ажиллуулж чадах юм бол энэ хэцүү ажил биш ээ!

Энд дурдсанчлан харийн нутгаас ийм  халуун итгэл, их эрдэм хоёр өвөртөлж буцахаар шамдаж сууна. Хүсэл эрмэлзэл, харьшгүй итгэл, халуун сэтгэл гурав байхад хүний хүүд чадахгүй зүйл үгүй.

Хайртай эх орноо зүрхэндээ тээж харийн нутагт хичээж л явна даа ЭХ ОРОН минь

http://www.orloo.info/readfull/bee-nest-project

Биднийг Файсбоок-р энд дарж дагаарай!
“Зөгийн үүр” цахим ертөнцөд 2011 Баримтад кино энд дарж үзээрэй!


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих