О.Орхон гэж хэн бэ?

532

Хэвлэл мэдээлэл, дуран камер, буу шийдэм болж, сүр дуулиантайгаар баривчилсан банкир О.Орхоныг мэдэхгүй, танихгүй хүнгүй болсон биз. Түүнийг баривчилж байгаа зураг өчигдрийн нүүр номын нэг дуулиан байсан учраас.

Харин энэ удаад О.Орхон хэн бэ, ямар боловсрол мэргэжилтэй хүн бэ гэдгийг сонирхуулъя. Дэлхийн хэмжээний наймааг Оростой хийж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авч ирсэн О.Орхон бол яах аргагүй Монголын банкны салбарын шилдгүүдийн нэг, олон улсын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын бондыг  амжилттай гаргаж явсан туршлага, мэдлэгтэй, чадварлаг тоглогч юм.

Тэрбээр өдгөө 44 настай. 1997 онд МУИС-ийн ЭЗС, 2003 онд Их Британийн Уэльсийн их сургуульд суралцаж төгсөн банк санхүү, бизнесийн удирдлагын ухааны магистр цол хамгаалсан. 1997-2003 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, 2004-2005 онд “Трий Тигерс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2005-2006 онд Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлд санхүүгийн зөвлөх хийж явсан. Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, мөн Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байхдаа О.Орхон Н.Алтанхуягийн Засгийн газрын олон улсын хөрөнгийн зах зээлд Чингис бондыг арилжаалах үйл явцад зөвлөх, андройдероор оролцсон.

Худалдаа хөгжлийн банк бол Монгол Улсын хувьд гадаад зах зээлд гурван удаа дараалж бонд гаргасан анхдагч. Худалдаа хөгжлийн банк 2007 онд олон улсын хөрөнгийн зах зээлд бонд арилжиж байсан түүхтэй.

Харамсалтай нь, өнөөдөр Монголын төр түүнийг луйварчин, хэрэгтэн болгон дэлхийд “зарлаж”, сүр дуулиантайгаар баривчилсан нь хэр зохимжтой үйлдэл болохыг хэлж мэдэхгүй юм.

Ямартай ч тэрбээр бусад шиг “Баянгол” зочид буудлын дотор нуугдаж, гаднаа бөхчүүд болоод “Босоо хөх”-чүүд, УИХ-ын гишүүдийн хамгаалалтад ороогүй. Гадагшаа зугатсангүй. Улстөрчдийн том зодоон, байгалийн баялаг булаацалдсан өмчийн хэрүүлдээ Монголын төр хичнээн залуусын зориг зүрхийг мохоох ёстой вэ? Түүний хийсэн наймааг улстөрчдийн цүнх барин эрх мэдэлд хүрсэн “хүүхэлдэй”-нүүд үнэнч шударгаар шалгаж чадах уу?

Тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Төрийн өмчтэй компаниудыг санхүүжүүлсээр өнөөг хүрсэн. “Монголын төмөр зам” техник тоног төхөөрөмжөө шинэчлэхдээ, “Эрдэнэт” үйлдвэр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар манайхаас санхүүжилт авч байсан. Монгол Улс түүхэндээ анх удаа “Боинг” худалдаж авсан нь ердөө саяхны үйл явдал. Онгоц захиалчихаад худалдаж авахдаа тулахад засагт мөнгө байгаагүй. Эцсийн мөчид манай банк 80 гаруй сая ам.доллараар санхүүжүүлж байсан. Дахин хэлэхэд зөвхөн “Эрдэнэт” ч гэлтгүй бүх том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Энэ бол бидний өдөр тутам хийдэг ажил” гэсэн байдаг.

Ө.БАЯСГАЛАН

News.mn


URL:

Сэтгэгдэл бичих