Тайзан дээр анх гарахад хоолой чичрээд хэцүүхэн л байлаа

Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа дэлхийд үнэлэгдсэн дуучныг урилаа. Түүнийг Монголын дуурийн урлагийг чансааг олон улсад гайхуулан, нэр хүндтэй шагналыг эх орондоо авч ирснийг төрөөс үнэлэн Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртээсэн билээ. Ингээд ДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшинтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танд баяр хүргэхийг хүсч байна?

-Юунд тэр вэ.

-Бүх зүйлд. Тэр дундаа Мон­голын сонгодог ур­лагийн хөгжлийг дэлхийд  сур­талчилж, хоолойнхоо цар, авьяас билгээрээ гай­хаг­даж явааг тань харахаар бахархах сэтгэгдэл төрдөг юм?

-Өө, маш их баярлалаа.

-Одоо таны мөрөөдөл биелсэн гэж ойлгож болох уу?

-Ямар мөрөөдөл билээ.

-Яагаа вэ, “Дэлхийд алдартай дуурийн дуучин бол­моор байна” гэсэн мө­рөөдөл тань?

-Эхнээсээ биелж л байна. Надад олон мөрөөдөл бий.

-Тэр ч мэдээж байх. Харин ийм даруухан загнах хэрэг байна уу. Та дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж чад­сан биз дээ?

-Тийм ээ.

-Тэр ч бүү хэл сонгодог ур­лагийн Олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцож, дэд байрын шагналыг эх орондоо авч ирлээ. Манайхан энэ тэмцээнээс шагнал авахыг хагас зуун жил хүлээсэн гэдэг?

-Энэ үнэн. Сонгодог урлагийн Олимп гэж яригддаг, хамгийн нэр хүнд бүхий энэхүү наадамд оролцож, хоёрдугаар байрт шалгарна гэдэг яах аргагүй том амжилт. Манай улсын хувьд шагнал хүртэх нь олон жилийн турш сүмбэр уулын орой мэт төсөөлөгдөж байсан нь үнэн. Энэхүү нэр хүнд, нөлөө бүхий тэмцээн 1966 оноос эхэлж зохиогдсон. Харин манай улсаас урьд нь агуу дуучин МУГЖ агсан Ганбат дөрөвдүгээр байрт орж байсан юм билээ.

Яах вэ, миний мөрөөдөл биелээгүй биш биелсэн. Гэвч би залуу байна. Залуу хүн амжилтдаа ханах л юм бол сүйрэл нь эхэлдэг гэдэг үг байдаг.

-Бас 25 насандаа гавьяат хэмээх эрхэм цолоор энгэрээ хүртэл мялаалаа?

-МУГЖ цол авсан гэснээс би чамд нэг сонин юм ярья л даа.

-Тэгээч, юу тэр вэ?

-Би П.И.Чайковскийн нэрэм­жит олон улсын XIV наа­дамд шилдэг дөрөвт үлдчихээд зогсож байсан юм. Тэгэхэд зохион байгуулагч бололтой нэг залуу надаас “Танай Ерөнхийлөгч чам руу ярьсан уу” гэж асуудаг байгаа. Тухайн үед үнэхээр их гайхсан.

-Яагаад тэгж асуусан юм бол?

-Бусад орны Ерөнхийлөгчид тэгж их ач холбогдол өгдөг байхгүй юу. Гэтэл манайд яадаг билээ. Ямарваа нэгэн уралдаан, тэмцээнд эх орноо төлөөлөөд оролцож байхад дэмжиж туслах нь ховор. Харин амжилт гаргаад ирэхэд нь л хүлээн авч уулздаг. Энэ нь бараг ёс болчихсон.

-Үүгээрээ та яг юу хэлэх гэсэн юм бэ?

-Ер нь бол төр засаг тус уралдаанаас шагнал аваад ирэхэд минь үнэлсэн үү гэвэл үнэлсэн. Нэлээд их хэмжээний мөнгөн шагнал олгож, МУГЖ хэмээх эрхэм цолыг харамгүй өгсөн. Энэ нь талархууштай.

Би юу хэлэх гээд байна вэ гэхээр гагцхүү уралдаанд яваад ирэхэд нь бус явах үед нь дэмжиж байх хэрэгтэй л гэж хэлэх гэсэн юм. Манай төрийн тэргүүнүүд энэ тал дээр жаахан учир дутагдалтай.

-Тэр ч үнэн шүү. Харин энэ чадварлаг дуучныг ур­лагт хэрхэн орсон талаар яриа­гаа үргэлжлүүлье?

-Би багаасаа дуулах дуртай хүүхэд байсан.Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. 2004 онд Сүхбаатар аймгийн нэгдүгээр дунд сургуулийг төгсөж, СУИС-д элсэн орсон.

-Ингэхэд таныг есдүгээр ангид байхад Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан,  СТА Ц.Ерөө гуай хоёр өөрсдийн сургуульдаа элсэж орох урилга өгч байсан гэдэг юм билээ. Энэ үнэн үү?

-Тийм ээ, намайг бага байхад “Дуулах уу” гээд уралдаан болсон юм. Тэгээд есдүгээр ангид байхдаа анх удаа хотод ирж оролцсон юм. Тэгэхэд Х.Уртнасан, Ц.Ерөө гуай нар шүүгчээр сууж байсан юм. Тухайн үед байр эзлээгүй л дээ. Тэгсэн хэрнээ гайхалтай агуу дуучдын нүдэнд өртөж, чихэнд сонсогдож үлдсэн шиг байгаа юм. Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай надад Хөгжим бүжгийн коллежид орох урилгыг тэр өдрөө л өгч байсан. Харин СТА профессор Ц.Ерөө багш маань амаараа хэлж байлаа.

-Үнэхээр гайхалтай юм. Харин яагаад СУИС-ийг сонгосон юм бэ?

-Мэдэхгүй юм. Тэр үед би яагаад ч юм СУИС-д л сурвал сайн дуучин болдог гээд ойлгочихсон байсан. Тэр бодлоороо л дуурийн дуулаачийн ангид орж, СТА, профессор Ц.Ерөө багшийнхаа шавь болсон. Харин 2009 онд сургуулиа төгсөөд ДБЭТ-т гоцлол дуучнаар орж, одоо гурав дахь жилдээ ажиллаж байна.

-Ер нь дуурийн театрын босго хэр өндөр юм бэ?

-Өндөр байлгүй яах вэ. Ерөөсөө л биднийг оюутан байхаас л царай зүсээс эхлүүлээд энэ ямар хүүхэд вэ, яаж дуулж байна гээд бүхий л зүйлийг нь алсаас ажигладаг юм шиг байна лээ. Энэ ч утгаараа ирсэн бүхнийг авахгүй. Үнэхээр шалгуур өндөр шүү, өндөр.

-Үе үеийн шилдэг уран бүтээлч­дийг төрүүлсэн Дуурийн театрын тайзан дээр анх гарахад ямар сэтгэг­дэл төрж байв?

-Анх тайзан дээр гарахад хоолой чичрээд хэцүүхэн л байсан. Тэгээд хэд дахин гараад ирэхээр аяндаа хоолой задраад орчноо мэдэрдэг болоод ирдэг юм билээ. Оюутан байхдаа уралдаан тэмцээнд олон удаа оролцож байсан. Харин төгсөөд “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, “Хэрмэл жүжигчид”-ийн Тонио, “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн дүрд тоглож, дуулж байлаа.

-Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Аида” дуурийн Амонастрогийн дүрийг гайхалтай, чадварлагаар бүтээсэн. Энэ дүрийг бүтээнэ гэдэг дуурийнхны хувьд мөрөөдөл, бас мэргэжлийн том шалгуур байдаг?

-Яах аргагүй тийм л дээ. Гранд опера гэж ярьдаг том дуурь юм. Миний хувьд “Аида”-гийн аав Амонастрогийн дүрийг бүтээсэн. Сайхан ч дүр, дурлаж байж бүтээсэн. Өөрийнхөө хэмжээнд нэлээд хичээж дүрийг нь гаргаж, дуулсан. Бас ч гэж муу дуулаагүй шиг байгаа юм.

-Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай “Хэн ухаантай нь бус авьяастай нь дуулдаг юм байна” гэж хэлж байсан?

-Үнэн. Хүн ямар дүрийг ямар ухаанаар дуулах вэ, яаж хоолойгоо хайрлаж, өөрийгөө хөгжүүлэх вэ гэдэг бол цэвэр ухааны асуудал. Ухаантай байж л хүн амжилт олдог. Бидний багаж зэвсэг зөвхөн хоолой. Энэ чинь төмөр биш. Дуурийн дуучид ямар хүчтэй хоолойтой юм, яасан олон цагаар дууддаг юм гэлцдэг. Олон цагаар тэвчээртэй дуулж, тэр сайхан хоолойг хүчтэй гаргахад ухаан зарах хэрэгтэй. Үүний тулд нойр хоолоо зохицуулах, сэтгэл санаагаа стрессгүй тайван байлгах чухал. Ингэж л амжилт гаргана.

-Монголын сонгодог урлаг дэлхийн хаана явна вэ?

-Манай сонгодог урлаг эртнээс алдартай. Гадаад харилцаа сайжирч, олон орны уран бүтээлч ирж ажиллаж байна. Би ч гадаадын улс орнуудын тайзан дээр дуулж үзлээ. Манай дуурийн урлаг өндөр түвшинд хүрсэн гэж боддог. Манайд сонгодог урлагийн үндэс суурь сайн тавигдсан болохоор л тэр. Монгол хүний хоолой гайхамшигтай, театр маань ч Ази тивдээ байнгын ажиллагаатай. Ямартай ч манай сонгодог урлаг хөгжиж байна.

-Дуурийн дуучин бүр Италийг мөрөөддөг. Танд ч бас тэнд сурахсан гэсэн хүсэл, тэмүүлэл байдаг л биз дээ?

-Ер нь бол Италийг мөрөөдөх хэрэгтэй. Бүх л дуурийн дуу итали хэлээр дуулагдаж байна. Яг орчинд нь очоод номыг нь сонсох өөр. Тиймээс болж л өгвөл Италид сурах хэрэгтэй гэж бодож байна.

-Таныг хэл судлах тал дээр жаахан учир дутаг­дал­тай гэж сонссон юм байна?

-Тийм ээ, миний ганц дутагдалтай тал энэ байгаа юм. Одооноос хэлээ сайжруулахад анхаарч л байна. Хамгийн гол нь англи хэл сурах хэрэгтэй байна. Дээр нь тодорхой хэмжээний итали хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэхдээ дуучид итали хэл мэддэггүй гээд буруу дуулдаг гэж ойлгож болохгүй. Мэдээж итали үгээ зөв дуудлагаар уншчихдаг. Дээр нь концертмейстер болон ахмад багш нар маань зөвлөдөг юм.

-Ингэхэд дуучид нийтийн дуу руу хошуурсан. Дууриас өөр дуу дуулах бодол байдаг уу?

-Хоолой тогтоогүй үед янз бүрийн дуу дуулж, халтуур хийх буруу л даа. Мөнгөний төлөө биш мэргэжилдээ хайртай байж тууштай хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрнэ.

Нийтийн дууг үгүйсгэх аргагүй, би сонсох дуртай. Нийтийн дуу дуулахгүй гэж хэлэхгүй. Монгол аялгуутай сайхан дуу дуулах бодол бий.


URL:

Сэтгэгдэл бичих