Зурхайч олширвол маргаан ихдэнэ гэж
Монголчууд бид хэзээнээсээ л жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 1-нээ хэзээ хийх вэ гэсэн будлиантай асуудлаас болж маргалддаг.
Үнэхээр бид тэгтлээ цаг тооллын буруу эргэлтэд орчихсон уу эсвэл их түүхээ мэддэггүй юм уу. Гэтэл хооронд нь маргалдуулж, будлиантуулж хэрүүлийн алим шидчихээд дундаас нь ашиг хонжоо олж суудаг бохир бизнес тогтоод чамгүй удлаа. Зуд болбол нохой зоолж, зурхайч олширвол маргаан ихдэнэ гэдэг хэлц үг оргүй хоосон биш бололтой. Магадгүй энэ маргаан хэзээ эцэслэн шийдэгдэхийг гагцхүү төр л мэдэх байх. Энэ талаар холбогдох хүмүүсийн байр суурийг тодрууллаа.
Ж.Баясах: Будлиантай цагаан сард төрийн оролцоо хэрэгтэй
Олон Улсын Харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч түүхийн шинжлэх ухааны доктор профессор Ж.Баясахаас цөөн зүйлийг тодрууллаа.
-Бид яагаад цагаан сараа маргаантай тэмдэглэх болов оо?
-Манайхан одоо хувьсганаад л их хэцүү байна шүү дээ. Тэр энэ зурхайгаар явна гээд үүнийг нь нэг тийш болгох хэрэгтэй байна.
-Цагаан сарын баяраа зөв зүйтэй тэмдэглэх ямар гарц байна вэ?
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд ажлын хэсэг гарган нэг талыг нь барьж туйлширдаггүй тийм л хүмүүсийг байлгамаар байна. 13 дугаар зууны эхэнд амьдарч байсан хүмүүс шороон жил харагчин шарагчин cap гэх мэтээр нэрлэж явдаггүй байж.
Манжийн хааны үед 200 гаруй жил цагаан сарыг өргөн тэмдэглэж иржээ. Одоо Азид цагаан cap тэмдэглэдэг улс нь Монгол Хятад Япон байна. Бидний хувьд цагаан cap том баяр үүнийгээ одоочилж маш зөв тэмдэглэх хэрэгтэй.
Өглөө босоод мөр гаргана гээд цаас бариад энд тэнд аваачиж шороонд булдаг энэ үзэгдлийг одоо боливол яасан юм бэ. Идээ будаа засах асуудлаа ч хялбаршуулмаар байна. Айл болгон ууц тавиад байж чадахгүй шүү дээ. Гэхдээ хамгийн том баяр уу гэвэл мөн.
Билгэдлийн чанартай л баяраа зөв зохистой тэмдэглэмээр байна. Нэг нэгнээ давах гэж уралдаж байгаа ч юм шиг. Хятад бэлэг өгдөггүй айл болох гэж Солонгос явж шатах жишээний айлууд ч байна. Ингэхлээр цаг тооны бичгээ ч шинэчилье ёс жаягаа дагая л гэж хэлмээр байна.
17 дугаар жаранд төрөөс баримтлах цаг тооны бичиг гэж гаргавал болохгүй гэх газаргүй буянтай юм болно.
Н.Нанзаддорж: Бидний он тоололд алдаа мадаг байхгүй
Монголын Бурханы шашинтны төв гандантэгчинлэн хийдийн дэд хамба Н.Нанзаддоржоос цаг тооллын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Манай цагаан cap яагаад Азийн орнуудаас зөрөөд байна вэ?
-Монголчууд зурхайн ёсны ухаанаа сайн мэдэх хэрэгтэй байна. Цаг тоолол нь тооцоолох тоон аргын л ухаан. Азийн орнууд сарны зурхайг голчлон хэрэглэдэг. Өдөр бүрийн cap өөр хэлбэртэй. Шинийн найман хоёр тохиолоо нэг өдөр нь алга боллоо гээд л яриа гардаг.
Өдөр алга болно гэсэн асуудал байхгүй. Cap дэлхийг зуйван хэлбэрээр тойрох үед сарны үзэгдэх хэлбэрийг тооцоолон хэзээ cap битүүрхийг олдог. Ингэж тойрон эргэх үед харагдах байдлаасаа үүдэн хэллэгийн хувьд зөрдөг. Хятадын шар зурхай Төгс буянтын зурхайтай зөрчилддөг гол зүйл нь энэ юм.
-Манай улс хэзээнээс Төгс буянтын зурхайг дагах болов?
-Азийн ихэнх орнууд Хятадын шар зурхайг баримталдаг. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Бээжин, Сөүлээс cap, нарны харагдах байдал өөр шүү дээ. Манай улсын хувьд Манжийн дарлалд байсан тэр цаг үед энэ зурхайг дагадаг байсан. Азийн улс орон хаан ширээнд хаанаа залснаас эхэлж он тооллоо тогтоодог байна. Дарлагч орон дагаар улсдаа өөрийн улсын хааны он тоолол, цаг тооны бичиг, хэл соёлоо дагахыг шаарддаг байж. Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний хойно Төгс буянтын зурхайгаа дагасан.
Мэдээж тусгаар тогтнолоо тунхаглах гэж зурхайгаас нь татгалзсан хэрэг. Гэхдээ тэр үед сүм хийдүүд Монгол зурхайгаараа л үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Төгс буянт зурхай нь зурхайч лам, хуврагуудын шашинтайгаа барилдуулж гаргаж ирсэн зурхай. Хан-Уул, Хатан туулаа харж шинжиж нар, сарны товлолоо гаргадаг. Бид Хятадаас ангид тусгаар тогтносон улс гэдгээ зарлан тунхаглах гэж Хятадын шар зурхайгаар биш Төгс буянтын зурхайгаараа л явах учиртай. Малчдын баярыг ч Төгсбуянтын зурхайгаар тэмдэглэж байсан
-Цаг тооны бичиг нь улс орны онцлог, түүх соёлтой холбоотой гэж үзэж болох уу?
-Тийм ээ. Зурхай, цаг тооны бичиг нь улс орны түүх соёлтой холбоотой. Хятад улс гэхэд л газар тариалангийн өнгөө харж зурхайн зурлагаа тооцдог байна. Ханш нээх үе нь ч ургац, тарианы үетэйгээ уялддаг. Монгол зурхай нь ч бидний амьдрал ахуйтай холбоотой байдаг. Сонирхуулж хэлэхэд социалист нийгмийн үед Шинжлэх ухааны хүрээлэнгээс зурхайч лам хуврагуудыг урьж он цагийн тооллоо бичүүлж байжээ. Тиймээс та бид гагцхүү уламжлалаа дагах хэрэгтэй.
Н.Нагаанбуу: Цагаан сараа буузны биш цагаан идээний баяр болгоё
Түүхч, профессор Бэсүдэй овогт Н.Нагаанбуутай он тоолол, cap шинийн талаар ярилцлаа.
-Бид аль улиралд цагаан сараа тэмдэглэх ёстой вэ таны бодлоор?
-Энэ цаг тооллыг тодотгохын өмнө эхлээд он цагаа зөв зүйтэй ойлгох хэрэгтэй. Ихэзэн Чингис хааны мэндэлсэн, нас барсан, Их Монгол Улсыг байгуулсан гэсэн энэ он цаг болон дундад зууны бүх цаг хугацааг би судалж тодруулж ном гаргасан. Өнөөдрийн энэ төгс буянтын, хятадын шар зурхай гээд яриад байгаа нь бүгд худлаа.
Үүний шалтгааныг тайлбарлахад, төгс буянтын зурхайгаар Чингис хааныг тавдугаар сарын 3-нд буюу зуны тэргүүн сарын улаан тэргэл едөр төрсөн хэмээсэн байдаг.
Харин миний хувьд, үүнийг үгүйсгэж байна л даа. Учир нь тавдугаар cap зун биш хавар. Монголчууд шашинаа шүтдэг хүмүүс болох гэж дарга, цэрэггүй ардчилал гэж хуйлраад. Төгс буянтын зурхайгаар яваад байна. Энэ бол ардчиллын шалгуур биш. Шашиныг үнэн болохоор нь шүтэж байгаа юм биш.
Түүнийг шүтэж мунхарсан ч түүнд чөлөөтэй хандах ёстой. Түүнээс шашин гэдэг нь туйлын үнэн учраас шүтэж байгаа юм биш. Манжийг дагаж төрийн албанд төгс буянтын зурхай орж ирсэн нь үнэн. Хятадууд буруу зүйл хийхгүй. Нэгдүгээр сард золгоно гэж өөрсдийн сарыг шинжиж шинийн нэгэндээ золгоно гэж байгаа нь тэдэндээ зөв. Тэр агуу ард түмэн буруу юм хийхгүй.
Төгс буянтын зурхайг бас гутаагчид ч байдаг. Мунхруулж байна үнэн, худал, буруу, зөв ярьж байна гэж. Энэ бас зөв. Яагаад вэ гэвэл төгс буянтын зурхайг Хөх нуурын эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир гэж хүн хийсэн. Энэ хүн 1704 онд төрсөн. Төгс буянтын зурхайг 1747 онд зохиосон.
Тэгвэл бид 13 дугаар зуун буюу 1100 онд Чингис хаан төрсөн тухай ярьж байна шүү дээ. 600-н жилийн өмнөх юмыг ярьж байна. Гэтэл өнөөдөр яагаад 600-н жилийн дараа гарч ирсэн төгс буянтын зурхайгаар Чингис хааны төрснийг хайгаад байгаа юм бэ.
Энэ нь зарчмын хувьд, солиорсон асуудал. Гэтэл Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Болд гэж хүн төгс буянт л зөв, манай уламжлалт гэж үзэж байгаа. Тэгэхээр төрийн толгой дээр Монголын ард түмнээ, соёл, их түүхээ мэддэггүй мулгуу нөхдүүд байгаагийн илрэл шүү дээ. Тиймээс л ийм гутамшигтай зарлиг гаргаж байгаа юм.
-13 дугаар зууны үед ямар цаг тооны бичиг байв?
-13 дугаар зууны үед Монголын нууц товчоонд цагалбар байсан уу байгаагүй юу гэсэн асуудлыг сөхөж байгаа нь сайн байна. Монголын нууц товчооны төгсгөл буюу 282 дугаар зүйлд “Хулгана жилийн гур cap” гэж бичсэн байгаа. Би үүнийг л гаргаж бичээд байгаа юм.
Зуны тэргүүн сарын тэргэл өдөр гэж яриад байна. Зун нь хэзээнээс эхэлж байгаа юм. Хожим нь эрэн сурвалжлаад Чингис хааныг долдугаар сарын 12-нд нас барсан гэж тоогоор хэлсэн байна.
Гэтэл энэ нэг cap нь хаанаас эхлээд байгаа юм. Үүнийг тодруулахгүй Түвд, Нанхиадууд цагаалж байгаа хоёрдугаар сараа нэгдүгээр cap гэж тооцоод найман сард нас баржээ гэж үздэг. Найман сарын аагим халуунд Түрэмгий балгаснаас олон говийг гатлаад Чингис хааны шарилыг хөндөлгүй авчирч оршуулсан гэж итгэдэг хүмүүс.
Энэ нь бас л амьдралтайгаа таардаггүй. Тэгэхлээр 13 дугаар зуунд он тоолол байсан гэж хэлнэ. Тэр цагалбараараа Тэмүүжиний төрсөн, нас барсан, Их Монгол Улсаа тунхагласан энэ бүх цаг хугацаагаар Монголын нууц товчоогоо бичсэн гэж хэлнэ.
Ингээд үзэхээр бүх түүх өөр болно. Монголчууд дээр үед дөрвөн улирлаа л олдог байж. Өдөр шөнө тэнцлээ маргаашнаас нь шинэ жил эхэлдэг. Монголчууд намар цагаалдаг байжээ. 12 дугаар сарын 21-н буюу ес эхлэхээр өвөл эхэлдэг. Есөн есийн наян нэг ерөөлийн ес хоног гээд 90 хоног нь өвөл байдаг.
Хавар нь гуравдугаар сарын 22-нд эхэлдэг. Харин зун нь зургадугаар сарын 22-нд эхэлдэг байжээ. Энэ бүгдэд нь тахилга хийж найр үйлддэг байсан гэдэг. Түүнээс монголчуудад өөр баяр байхгүй. Монголчууд цагалбараа улирлын зурхай гэдэг байжээ.
Улирлаа тоолоод тахилга хийдэг. Тэгэхлээр энэ тооллыг мэддэг хүн байдаггүй. Гаргаж ирээд байгаа хүн нь би юм. Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Чингис хааныг төрсөн гэж байгаа. Харин шинийн 3-нд хүй нь цөглөсөн гэж байгаа.
Гэтэл үүнийг нь 700 жилийн дараа гарсан хятад, түвд зурхайнууд өөр өөрсдийн тооллоороо тайлбарлаад маргаад байгаа юм. Энэ хоёр хоёулаа хэрэггүй цаашаа яв гэж хэлмээр байгаа юм. Ес эхлээд л өвөл эхлэх учиртай. Хөхий өвлийн хүйтэн хөр цасны хайруу гэж үг ч байдаг.
Өвлийн эхэн сарыг хөхий гэж нэрлэдэг юм. Хувь, хужир, өөлжин хөхий cap гэж ярьдаг. Амьдрал дээр Григорын тоололд шилжүүлээд гаргачихсан цаг тооллоо дахиад шилжүүлэх гээд байна шүү дээ. Ертөнцийн жамаас гажаад өөрсдийнхөө зохиомол өдөр сараа гүйлгэдэг, хасдаг,засдаг зарим едөр нь байхгүй болчихдог ийм зохиомол юмаараа ухраагаад байна.
-Тэгвэл энэ алдаатай өдөр, сарын балаг гэж байгаа юу?
-Байлгүй яах вэ. Чингисийн онгон Өвөрмонголд байна. Тэр онгон дээр арванхоёр дугаар сарын 23-нд тахилга хийж байгаа. Яагаад тэр өдрийг сонгож авсан нь учиртай. Чингис хааны хүй нь цөгөлсөн өдөр. Зарим эх сурвалж дээр бичээд байгаа Чингис хааны нас барсан долдугаар cap нь хаврын эхэн cap юм.
Хаврын эхэн сард нас барсан хүн сүйдтэй гэсэхгүй шүү дээ. Яагаад гэвэл гуравдугаар сард шарилыг нь хөндөхгүй энд аваад ирж болно. Манай монгол ахуйтай зохицсон он тоолол байсаар байтал өвлийн ид хүйтнээр сайхан хаваржиж байна уу гээд л шинэлээд улирлаа мэдэхгүй мангуураад яваад байна.
Цагаан cap хийх нэг, хоёрдугаар cap нь хоёулаа өвөл шүү дээ. Манайхны яриад байгаа цагаан cap нь хаврын эхэн гэж ухаарах нь их эндүүрэл юм. Учир нь өвлийн тэргүүн сарын 25-ны өдөр шарын шашны тэргүүн Зонхава Лувсандагва гэж хүн 15 дугаар зуунд 63 настайдаа нас баржээ.
Насных нь тоогоор зарласан гашуудал нь битүүнд дуусч бүх дацан хийд шөнөжин ном хурдаг. Өглөө нь дуганаасаа адис авч цайлж ирчихээд дахиад шинийн нэгэн, гурван, найман, 15-н гээд ерөөл хурдаг. Ингээд тэр хүний төлөө л өрөөл хураад Бурхан болсон гэж итгээд энэ нь Төгс буян болдог.
Энэ нь зөвхөн тэр шарын шашныг үндэслэгч Зонхава Лувсандагва гэж хүний л ёслол. Энэ цагаалга биш шүү.
Гэтэл бид Чингисийн Монгол гэж ярьдаг биз дээ. 15 дугаар зуунд үүссэн Төвд бидэнд чухал уу Чингис чухал уу. Ингээд үзэхээр хоёр еөр зориулалттай цаг тооны бичиг зөрөх нь ойлгомжтой биз дээ. Нэг нь алдаатай байгаа юм биш. Зориулалт нь хоёр өөр байгаа юм. Нэг нь төвд ламын төлөө төгс буян үйлдэх нас барсантай холбоотой юм байна. Нөгөөтөх нь шинийн 1-ний сараа харж бэлэгшээсэн л асуудал.
Нэгдүгээр cap гэхэд Бээжингээс урагш бүс нутагт үрсэлгээ соёолж эхэлдэг. Хаврын тариалалтаа бэлэгшээж сайхан баяраа хийдэг. Хөх хот манай улсын хооронд бүтэн сарын ялгаатай цаг хугацааны хувьд зөрөөтэй. Монголд есдүгээр сарын 15-нд байранд халаалт өгдөг байхад Хөх хотод аравдугаар сарын 15-нд өгнө. Аравдугаар сарын 15-нд тэнд нов ногоон байхад энд цас орж байдаг. Ийм зөрүү байдаг. Хоёулаа л агуу гүрэн учраас өөр өөрсдийн зориулалтаар цаг тооллоо бичсэн. Гэтэл хоорондоо хагарч чи түвдээ баримталлаа чи манжаа дагалаа гэж хэрэлдэж байх шаардлага алга.
-Монголчууд цагаан сараа хэрхэн яаж зөв зүйтэй тэмдэглэх вэ?
-Бид эхлээд цагаан идээний баяр болгоё. Намар есөн сардаа айраг цагаагаа хураагаад сайхан шинэлж, хөгшчүүлдээ урин дулаанд очиж золгоё л доо. Өвөл хөлдөж үхчих гээд явж байх ямар хэрэг байна. Манайхан буузанд их ач холбогдол өгдөг. Энэ чинь буузны баяр биш ээ. Намар хийх ёстой цагаан идээний баяр юм. Тэгэхлээр бид цагаан идээ олдох үгүйгээ л бодъё. Цагаална гэж ярьчихаад хаа хамаагүй буузанд ач холбогдол өгөөд байх юм.
-Цагаан сараар заавал ууц тавих ёстой юу?
-Ууц хэрэггүй. Намрын тэр сард малынхаа хариулгыг л тааруулах гэж мал муулдаг байлаа. Нийлж амьдардаг цөөн айлуудын хамгийн ахмад нь хонь гаргаад ууцаа тавина. Гэдсээ байгаа айлууддаа хуваана. Өөхөлсөн байна уу мах нь ямархуу байна хэзээ хужирлах уу, өдөрт хэд услах уу гэх мэтээр шинждэг байсан. Шинжихдээ битүүний шөнө шаант чөмгийг битүү хагалдаг байсан. Ингэж л шинждэг байсан гэтэл өнөөдөр бууз гээд л солиороод явж байна.
Өндөр үнээр ууц авлаа ч гэж ярих болж. Энэ ямар хэрэгтэй юм бэ? Энд мал шинжээд байх хэрэг байхгүй бид суурин амьдралтай хүмүүс шүү дээ. Ерөнхийлөгч Чингис хааны он тооллыг тогтоолоо гээд зарлиг гаргалаа. Энэ нь эргээд төвд, манж хоёр луугаа орсон болохоор би эрс эсэргүүцэж байгаа юм.
Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Болд гэж тэр хүн эргээд григорын тоолол руу оруулая гээд шилжчихсэн юмыг дахин шилжүүлэх гээд мангартаад байна. Хажуудаа эрдэмтдийн комисс гаргасан хэрнээ саналыг авалгүйгээр Ерөнхийлөгч энэ он тооллыг зарласан нь үнэхээр буруу юм. Шинжлэх ухаан хэзээ ч шашинжиж болохгүй алдааг Ерөнхийлөгч гаргалаа.
Ч.Оюунсүх
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: