Зайсангийн КFC-ээс гадна бусад салбаруудаас нь ч зөрчил илэрсэн гэв

508

Хан-Уул дүүрэгт байрлах KFC зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хордлогод орж ХӨСҮТ-д хандсан хэрэг өнгөрөгч хоёрдугаар сард гарснаар эрүүл мэндийн салбарт ниргэсэн том харанга болсон. Энэ хугацаанд хордлогын улмаас 242 хүнд эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гэх мэдээллийг НМХГ-аас өгсөн.

Хэргийн гол буруутан болох “Таванбогд фүүдс” компани мэдэгдэл гарган хордлогод орсон бүх иргэдэд нөхөн төлбөр олгох болно гэдгээ мэдэгдсэн хэдий ч уг хэрэг явдал энд хүрээд өнгөрөх асуудал яавч биш билээ. Учир нь иргэдийн шинжилгээнээс илэрсэн гэдэсний савханцар болон бусад нянгууд хүний бие эрхтэнд үржсээр байх аюултайг мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд онцолж байсан. Нэг ёсондоо халдвар авсан иргэд цааш цаашдаа гэдэсний халдварт өвчинтэй амьдарсаар байна гэсэн үг.

Олныг цочирдуулж хэсэгтээ дуулиан шуугианаар тасрахгүй байсан “Таванбогд фүүдс” компани хэргийн гол бурууг гүний худгийн ундны ус болон зайсан KFC салбарт ажиллаж байсан хоёр ажилтанд өгч “тэдгээр хүмүүст хариуцлага тооцно” хэмээн цагдаа болон мэргэжлийн хяналтын газраас сүр дуулиантайгаар мэдээлсэн.

Түүнээс гадна бусад салбаруудад хордлого гарснаар үндэслэн хяналт шалгалт хийхэд багагүй зөрчил дутагдлууд илэрсэн байдаг. Тодруулбал, эрүүл мэндийн хуудсыг худал бөглүүлсэн, шинжилгээнд хамраагүй байж тамга тэмдэг дарсан, хамрагдах ёстой хугацаа дууссан байхад ороогүй гэх зэрэг зөрчлүүд илэрчээ. Үүнээс харахад дэлхийд нэр нөлөө бүхий түргэн хоолны салбар сүлжээ газрууд ажилчдынхаа эрүүл ахуйд хэрхэн анхаардаг болох нь ийнхүү эргэлзээ төрүүлэм. Ажилчдаасаа эхлэн үйлчлүүлэгчдийнхээ хүртэл эрүүл ахуйд анхаарал ёстой газар бол яалтачгүй энэ салбарынхан.

Түргэн хоол гэх нэршлийн ард хэдий бохир заваан, эрүүл мэндэд муу хэмээх ойлголт байдаг ч дэлхийд алдартай сүлжээ, түргэн хоолны газар хүртэл манай улсад шалдаа буутлаа нэр хүндгүй боллоо. Угтаа дэлхийн жишгийг Монголдоо бий болгоё гэсэн чин хүсэл эрмэлзэл бий ч манайхан гурилдаж байгаад баригддаг нь ганцхан KFC-ээр ч тогтохгүй олон.

Уг хэрэг явдал гарч НМХГ-аас KFC-ийн бүх салбаруудыг хаана гэж мэдэгдэж байсан ч одоогоор ажиллаж байгаа салбар олон байна. Гэхдээ эл хуль, тэднийг зорьдог үйлчлүүлэгч нарын тоо эрч багасжээ. Үйлчлүүлэгч нарынхаа болон дэлхийд алдартай сүлжээ түргэн хоолны газрын нэр хүндийг уландаа гишгэсэн “Таванбогд фүүдс” ХХК хэдий болтол гүргэр зангаа хаяхгүй байх вэ?

“Таван богд” гэх том группийн нэр хүндээ бодсон ч тэр иргэдээс уучлал хүсэн, хордлогод орсон иргэдийн эрүүл мэндэд анхаарлаа хандуулах цаг хэдийнээ ирсэн. Гэвч тэдэнд үйлчлүүлэгч нарын эрүүл мэндээс илүүтэйгээр шороонд хутгаад хаясан бизнесийнх нь ашиг орлого чухал бололтой.

Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих