Тавдугаар цахилгаан станцын тендерийг америкчуудад өгөхөөр болжээ
Тавдугаар цахилгаан станцыг үтэр түргэн барих нь нэн чухал асуудлын нэг хэмээн ярьсаар удаж байна. Эдүгээ 1000 Мваттын хүчин чадал бүхий энэхүү цахилгаан станцыг барих тендерт 11 компани шалгарч үлдээд байгаа аж. Үүний зарим нэгээс дурдвал Дэлхийд томоохонд ордог Японы Mitsui, Германы Siemens, Хятадын Шинхуа групп, Америкийн International Power TLC, Японы Sojitsu корпораци, Монголын Ньюком ХХК-ийн хамтарсан консорциум болон Бишрэлт ХХК, Моннис групп зэргийг нэрлэж болно. Ойролцоогоор нэг тэрбум ам.долларын өртөг бүхий энэхүү тендерт зааснаар бол эхний ээлжинд одоогийн гуравдугаар цахилгаан станцын суурин дээр 450 Мваттын хүчин чадал бүхий цахилгаан станцыг ашиглалтад оруулах ёстой аж.
Эдгээр компаниудын дотроос хамгийн томд тооцогдох Хятадын эрчим хүчний зах зээлийг хангаж ажилладаг, 30 орчим цахилгаан станцыг барьж байгуулсан, 200 сая тонн нүүрсний орд газрыг саяхан ашиглалтад оруулсан Шинхуа групп уг тендерт ялах магадлал өндөр байна. Дэлхийд эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед Хятадаас бусад орны компани шалгарлаа гэхэд энэ их хөрөнгийг цаг алдалгүй босгож чадах болов уу гэсэн асуудал өөрийн эрхгүй төрнө.
Харин ЭБЭХ-ний сайд Д.Зоригт энэ бүх асуудлыг Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ гэх хариуг хэнбугайд ч хамаагүй өгч асуудлыг өөрөөсөө холдуулна гэж үзэх ажиглагчид олон байна. Гэтэл тус яам уг төслийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг баталдаг тул эрхэм сайдын оролцоо үүнд ер байхгүй гэж хэлэх нь утга учиргүй зүйл юм. Харин Үндэсний аюугүй байдал, энэ тэр гэх асуудлыг авч үзвэл Хятадын компанид бус харин Америкийн компанид энэхүү тендерийг өгч ялуулах нь бараг тодорхой болжээ.
Германы канцлер Ангела Меркелийг Монголд айлчилж Л.Гүндалайд үнсүүлчихээд аз жаргалтайхан мишээснийг бид мартаагүй байна. Тэгвэл эрхэм канцлер ирсэн хэргээ бүтээж Siemens корпорацидаа ашигтай гэрээ байгуулаад буцсаны дараа АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жо Байден ганцхан өдрийн айлчлал хийх үеэрээ мөн л өөрийнхөө компанийн оролцсон хамтарсан консорциумыг дэмжүүлэх тал дээр нууцхан гарын үсэг зурчихаад явж одсон гэдэг. Удахгүй аль нь үнэн болохыг цаг хугацаа харуулна.
А.ХАРАНГА wikimon.
URL: