МОНГОЛ УЛС ӨДӨРТ 120 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬД УНАЖ БАЙНА

d3d9446802a44259755d38e6d163e820-1140x570УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан баримтуудыг ил болгосонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь уулзаж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар ярилцаж байсан. Одоо яригдаж буй асуудлаар 2018 оны хоёрдугаар сард АТГ, Улсын ерөнхий прокурорт мэдээлэл өгсөн. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу 30.2.1.1 заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэгдээд АТГ, цагдаагийн хамтарсан бүрэлдэхүүн шалгалт явуулсан.

Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бүх мэдээллийн 60-70 хувийг өгсөн. 100 хувийн мэдээллийг өгөх ёстой. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад Монгол банкнаас зуу, зуугаар зээл өгсөн. Нууцын зэрэгтэй учраас үнийн дүнг хэлж чадахгүй байна. Тус мөнгөний 20 орчим хувь нь Худалдаа хөгжлийн банк руу 80 орчим хувь өөр аж, ахуй нэгж, сүбьект рүү очсон. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг энэ хэрэгт холбогдуулан шалгах ёстой. Өчигдөр “Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг солих” ёстой гэж ярьсан. Сольж болно. Гэхдээ солино гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө асуудалтай. Уг нь хууль, хяналтын байгууллагын одоогийн дарга нараар ажлыг нь хийлгүүлж 49 хувийн булхайг илрүүлээд Монгол улс өмчөө авах ёстой. Энэ нөхдүүд тус ажлыг хийж чадахгүй гэвэл Ерөнхийлөгч болон ЖДҮХС-д хамааралгүй хүнийг томилмоор байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг гурван жил ярьсан ч шийдсэнгүй. Одоо уг асуудлыг нэг талдаа хурдан шийдэх хэрэгтэй байна” гэлээ.

– ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэхээр бэлтгэж байгаа –

Шаардлагад “Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой 188 хавтаст хэрэг бий. Нэг хавтаст 250-300 хуудас материал бий. Нийтдээ 50-60 мянган хуудас “Стандарт” банктай холбоотой материал байна гэсэн үг. Биднийг “ “Стандарт” банкны өрийг буруутай этгээдээр нь төлүүлэх ёстой” гэж ярих хооронд Монгол улс өдөрт 120 сая төгрөгийн торгуульд унаж байна. Жилд 3 орчим тэрбум төгрөгийн торгууль төлөхөөр болж байна. “Стандарт” банк Хятадад зарагдсан байж болзошгүй байгаа. Тэд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн хуудсаа ирүүлээгүй. Учир нь тоолуур яваад байгаа учраас тэд шүүхийн шийдвэрээ ирүүлэхгүй байгаа юм. Шүүхийн шийдвэр ирвэл тодорхой хэмжээнд тоолуур зогсоно. Энэ тоолуурыг зогсоох хэрэгтэй. Бид хэлэлцээрт зайлшгүй орох ёстой. Хэлэлцээрт орох сүбьектээ тодорхойл, гурван жил хэрэлдсэн асуудлаа үнэн, зөвөөр шийдвэрлэ” гэжээ.

Мөн “Манай талаас хэлэлцээрт орох сүбьект нь өрийн тоолуурыг зогсоож, төлбөрийг багасгаж, өрийг хэн төлөх вэ гэдгийг тодорхой болгоно. 51 хувьтай шүүхийн шийдвэрийг яаравчлах хэрэгтэй байна. Тэгвэл бид хэдээр хохирсноо мэдэх боломж үүснэ. Энэ хүрээнд нөхдүүдэд хөрөнгө байна уу гэдэг асуудлыг ярина. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь 450 сая доллар бол 51 хувь нь 500 орчим сая доллар болно гэсэн үг. Хятадууд биднээс авах 150 сая доллараа хувьцаа хэлбэр рүү шилжүүлж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн 10-20 хувь нь Хятадад шилжих боломж бүрдээд байна. Тиймээс бид энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол өрийн тоолуур эргээд л байна. Шуурхай хэлэлцээрт яаралтай орохгүй бол Эрдэнэт үйлдвэрийн 10-20 хувийг алдаж мэднэ. Хятадын тал хоёр дахь гомдлоо гаргах гэж байна. Тэр гомдол нь өрөө мөнгөөр биш хувьцаагаар авъя гэдэг хэлбэр байж болохоор байна” гэлээ.

seruuleg.mn


URL:

Сэтгэгдэл бичих