МАН-ын Удирдах зөвлөл сайд нараа томилох зарчмаа тодорхойлжээ

АН-ын ҮЗХ-ноос хамтарсан Засгийн газраас гарах тухай шийдвэрийг уржигдар албан ёсоор гаргаж, сайдууд нь өчигдөр өргөдлөө өглөө. Одоо МАН-д АН-ынхны сууж байсан зургаан яамны “толгойд” суух сайдуудаа томилох ажил л үлдэв. Хэд хэдэн сайдын суудал онгорхой үлдсэн С.Батболдын Засгийн газар ойрын өдрүүдэд танхимын гишүүдээ бүрдүүлчих төлөвтэй байна.

АН-ын дарга Н.Алтанхуягийн Хамтарсан засгаас гарах мэдэгдлийн дараагаас л МАН-ын гишүүд сайд болоод дэд сайдын албан тушаал горилж байгаагаа ил далдгүй илэрхийлж эхэлсэн бөгөөд ҮЗХ-ны шийдвэр албан ёсоор гараагүй байхад асуудлыг ярьж эхлэхгүй байсан юм.

Өрсөлдөгч намаасаа түүхэндээ анх удаа рейтингээрээ унасан МАН-ын хувьд сонгууль хүрэх богино хугацаанд сайдуудын томилгоо дээрээ зөв бодлоготой хандаж чадвал намын нэр хүндэд нь ашиггай гэж улс төр судлаачид онцолж байгаа билээ. Нэр цэвэр, мэргэшсэн бас аль болох УИХ-аас бус гаднаас томилж чадвал С.Батболд нэр хүндээ өсгөөд авах боломж гарна. Гэвч албан тушаалд горилогсдын ичгүүр сонжуургүй улайрал ийм боломжийг гаргахааргүй байгаа юм.

Ямартай ч АН засгаас гарснаар хамтарсан Засгийн газар гэсэн нэр томъёо алга болж байгаа юм. Одоо хамтарсан Засгийн газарт баяртай гэхээс өөр зүйл үлдсэнгүй. Уг нь С.Батболдын Засгийн газар ч үргэлжлэң ажиллах боломжгүй. Гэвч сонгууль дөхсөн энэ цагт МАН хүчээр сайд нараа нөхөж оруулж ирэх аргыг хэрэглэж байна. Энгийн логикоор хамтарсан Засгийн газар байхгүй болохтой зэрэгцээд хамтдаа байхгүй болох ёстой. Даанч, нөхцөл байдал гольдролоороо бус өөрөөр өрнөж байгаа нь хэнд ч ил байна. АН-ынхныг лхагва гаригт ҮЗХ-гоороо шийдвэрээ гаргахтай зэрэгцээд тус намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Герман улсаас иржээ. Тэрээр дахиад хэд хоног саатах төлөвлөгөөтэй байсан ч яаравчлан нутгийн зүг жолоо залсан нь сайдуудын томилгоонд намын генсекийн хувьд оролцохгүй бол болохгүй байсан биз. Мэдээж намын хоёрдугаар хүний хувьд түүний үг зайлшгүй хэрэгтэй учраас намын дарга нь харьж ирэх үүрэг өгсөн бололтой. Түүнийг ирсэн өдөр намын дарга нь яаравчлан уулзсан байна. Харин өчигдөр тус намын Удирдах зөвлөл хуралджээ.

Гэхдээ эхний байдлаар нэрсээсээ өмнө зарчмаа тодорхойлохоор цугларсан гэх. Мэдээж, тэдний халаасанд хэд хэдэн нэр, магадгүй өөрсдийнх нь нэр байсан биз.

МАН-ын гишүүдийн хувьд зургаан сар ч байсан хамаагүй сайдын сэнтийд суугаад үзчих санаатай эрхмүүд өөрсдийн хүсэлтээ ний нуугүй илэрхийлсээр байгаа. Тухайлбал, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улаан, Эрүүл мэндийн сайдад УИХ-ын гишүүн Д.Очирбат нар санаатай байгаагаа хэвлэлээр ил тод мэдэгдсэн. Гэхдээ яриа хэлцэл хүссэнээр нь болох эсэх эргэлзээтэй.

Сайд нарын суудлаас гадна дэд сайд нарын суудал сэтгэлийг нь гижигдэж байгаа билээ. Үүнд Ардын намын залуучууд ихээхэн, найдлага тавьж байгаа сураг бий. Гэхдээ сайд нарын суудал онгойсон цагаас сайд болох хамгийн магадлалтай гэж бичигдсэн НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнтэй таарч асуугдахдаа албан тушаалын төлөө улайрахгүй байгаагаа илэрхийлсэн нь олон хүнийг гайхшруулсан. Хэзээнээс энэ намын залуучуудын байгууллагын тэргүүн албан тушаалгүй хоцорч байгаагүй уламжлалтай. Харин Л.Оюун-Эрдэнэ хувь хүнийхээ хувьд энэ марафонд оролцох бодолгүй байгаагаа илэрхийлсэн нь намын залуучуудын нь амбицийг хөдөлгөсөн байж мэднэ. Бас албан тушаал горилж байсан НАМЗХ-ны залуучуудыг хазаарласан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ намдаа тэрбумын хөрөнгө хандивласан гэх “МАК”-ийн Н.Номтойбаяр, эцэг, эхийнхээ нэрээр намдаа орон зайгаа олдог О.Содбилэг нар идэвхийлэн зүтгэж байгаа нь нууц биш. Намын удирдлагын түвшний хүмүүс бүгд өөр өөрийн хүнээ зүтгүүлж байгаа сурагтай бөгөөд Эрүүл мэндийн сайдад гэхэд МАН-ын нарийн бичгийн дарга С.Баяр одоогийн дэд сайд Ж.Цолмонг, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарыг зүтгүүлж байгаа ажээ. Сангийн сайдад өмнө нь хоёр ч удаа ажиллаж байсан Ч.Улаан гуай санаа тээж байгаа ч одоогийн ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар очих магадлалтай гэж байгаа гэх. Түүнийг МАН-ын генсек У.Хүрэлсүх зүтгүүлж байгаа ч Ерөнхий сайд дэмжихгүй байх талтай. Харин Ч.Хүрэлбаатарын оронд УИХ-ын сонгуульд нэр дэвших төлөвлөгөөтэйгөөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын суудлаа өгсөн Т.Цогтбаатар байж болно гэсэн хувилбар байгаа бөгөөд бас түүнийг төрийн албан тушаалаа өгсөн ч буцаад дэд сайд Б.Болорын оронд улс төрийн албан тушаал дээр дэд сайдаар очихыг ч үгүйсгэхгүй гэж байгаа юм. Мөн Байгаль орчны сайдаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга очиж магадгүй. Тэрбээр Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа сайд Л.Гансүхтэй таарахгүй өөр яам руу явсан бөгөөд “Сайд болж эргэж ирнэ дээ” гэж шазуур зууж байсан удаатай. Гэхдээ МАН-ын даргын хувьд сайдын албан тушаал авбал УИХ-д заавал суудал авчир гэсэн шаардлагыг тавих гэнэ. Саяхан батлагдсан Сонгуулийн тухай хуулиар зарим тойргууд дахь мандатын тоог цөөлсөн билээ. Тиймээс ч МАН-ын даргын хувьд тойрог хэрхэн хуваарилах нь шүдний өвчин болоод байсныг хэлэх хэрэгтэй. Хэрэв сайд болохоор болбол оноосон тойрогт очиж, бас суудал авчрах даалгавар давхар дагуулж магадгүй байна. Тухайлбал, Батлан хамгаалахын сайдад нэр нь яригдаад эхэлсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэхэд Говь-Алтай аймгаасаа бус хотын аль нэг дүүрэгт нэр дэвшиж суудал авах үүрэгтэй болно гэсэн үг. Харин түүний оронд тойргийн асуудал нь хэцүүдээд байсан Ц.Дашдорж гишүүн Говь-Алтайдаа дэвших жишээтэй. Хэрэв Ц.Дашдорж сайд болбол хуучин өрсөлдөөд унаж байсан СХД-тээ үзэх ёстой гэх мэт. Иймэрхүү зарчмаар Булганаас хоёронтоо сонгогдсон Ц.Цэнгэл гишүүнд ЗТБХБ-ын сайдын санал ирсэн сураг байна.

Жич. Өчигдөр үдээс хойш хуралдаж эхэлсэн МАН-ын Удирдах зөвлөл дугаар шилжих мөчид ч үргэлжилсээр байсан бөгөөд юуны өмнө Засгаас гарах тухай АН-ын сайд нарын өргөдлийг авч хэлэлцжээ. Бас сайд нарыг томилох тал дээр зарчмын асуудлуудаа ярьж эхэлсэн байв. Өөрөөр хэлбэл, УИХ-аас хэд нь байх юм, мэргэжлийн хүмүүсээс хэдийг нь бүрдүүлэх юм хэмээн ярилцжээ. Ингээд УИХ-аас гурав, гаднаас гурван хүнийг сайдаар авахаар тохирч байгаа бололтой. Одоогийн дэд сайд Ч.Ганхуягийг Сангийн сайдаар жинхэлж, ажлаа мэддэг, нуруутай гэдэг үндэслэлээр хотын орлогч дарга Б.Мөнхбаатарыг ч сайдын суудалд санал, болгож магадгүй гэнэ. Энэ тухай өнөөдөр хуралдах МАН-ын бүлэг хэлэлцэх юм байна. Мөн сайд нарыг нөхөн томилох томилгооны тухайд МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүд нэг нэгээрээ саналаа хэлсэн гэнэ. Харин хэвлэлээр яригдаад эхэлсэн сайд нарын нэрсийн талаар энэ өдөр ярьж эхлэхгүй төлөвтэй байсан бөгөөд өнөөдөр болоод амралтын өдрүүдэд гол яриа хэлэлцээр нь явагдахаар байна.

Т.ГЭРЭЛМАА

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих