А.Хатансайхан: Удахгүй оюутны дэлхийн аваргад оролцоно
Энэ удаа 2018 оны Самбо бөхийн залуучуудын улсын аварга, Азийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний самбо, жүдогийн алтан медальт Дорнод аймгийн шилдэг тамирчин, спортын мастер А.Хатансайхантай ярилцлаа.
-Спортын мастер цол хүртсэнд баяр хүргэе. 19 насандаа энэ цолыг авна гэдэг хүн бүрийн авч чадах зүйл биш?
-Баярлалаа. Спортын мастер цолоо өнгөрсөн сарын 16-нд авлаа. Би Батлан хамгаалахын их сургуулийн инженерийн ангид суралцаж байна.
-Дэлхийн аваргад жиндээ тэргүүлэх боломж байв уу?
-Гүрж улсад болсон залуучуудын дэлхийн аваргад 57 кг-д мөнгөн медаль авсан. Жиндээ тэргүүлэх боломж байсан. Гэхдээ жаахан алдаа гаргаад 3х1 харьцаатай алтан медалиас мултарсан.
-Дэлхийн аваргад оролцоход олон тэмцээнд амжилт гаргаж, эрхээ авах байх. Эрхээ яаж авсан бэ?
-Тийм ээ. Улсын чанартай тэмцээнүүдэд тэргүүлж байж дэлхийд өрсөлдөнө. 2018 оны гуравдугаар сард болсон самбо бөхийн залуучуудын улсын аваргад түрүүлж, Азийн аваргад орох эрхээ авсан. Дараа нь тавдугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр дэлхийн залуучуудын аваргад орох эрхээ авсан байгаа.
-Хамгийн анхны том тэмцээн ямар тэмцээн байсан бэ?
-Улан-Үдэд болсон жүдогийн өсвөрийн VI их наадмаас мөнгөн медаль авч байсан. Энэ тэмцээний дараа дандаа улсын чанартай тэмцээнд оролцож байгаад Азийн аваргад орсон. Миний хувьд дэлхийд гарах анхны том тэмцээн байсан гэж хэлж болно.
-Яагаад энэ спортод орох болсон бэ?
-Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд суралцаж байхад 2011 онд байхаа биеийн тамирын Ж.Оргилсайхан багш маань 14 хоног жүдогийн бэлтгэл хийлгээд тэмцээнд явж байсан. Тэгээд аймгийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд орж мөнгөн медаль авсан. Энэ миний хувьд анхны тэмцээн байсан. Тэгээд Зүүн бүсийн тэмцээнд алт авсан. Мөн дараа нь Улсын аваргын тэмцээнд оролцоод хүрлийн төлөө үзээд хожигдсон. Тэгээд л барилдаж болмоор санагдаад жүдогоор хичээллэж эхэлсэн дээ.
-Самбо, жүдогийн тэмцээнд оролцоод амжилт үзүүлж байна. Тэгэхээр самбо бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн юм бэ?
-Самбогоор 2017 оноос хичээллэж эхэлсэн. Яг чиглүүлж заасан багш байхгүй. Самбо бөхийн тэмцээн болох гэж байна гэж сонсоод өөрөө шийдээд л тэмцээнд оролцсон. Анх өсвөрийн улсын аваргад ороод хүрэл медаль авсан. Ерөнхийдөө жүдотой холбоотой болохоор болох юм шиг санагдаад үзээд алдсан.
-Санаанд багтаж байгаа зүйлээ зоригтой хийсэн байна. Зарим хүн шийдвэр гаргаж чадахгүй их уддаг. Жүдо, самбо хоёр дүрмийн хувьд өөр биз дээ?
-Тийм ээ. Хүн ер нь зорьсон зүйлээ эргэлзэлгүй хийж үзэх ёстой гэж хувьдаа боддог. Тэгээд л шийдээд самбогоор барилдаж эхэлсэн. Жүдо хөлд өчиг хийдэггүй бол самбо өчиг хийдэг байх жишээний. Мэдээж өөр зүйлүүд бий.
-Тэгвэл дүрмийн хувьд зөрчилддөг юм байна. Эсрэг дүрмээр барилдахад хүндрэлтэй зүйл байв уу?
-Тийм ээ. Эхэндээ жаахан хэцүү байсан. Одоо бол гайгүй ээ.
-Одоо ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна. Хэн багшийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийж байна вэ?
-Сая оюутны улсын аваргад түрүүлж дэлхийн оюутны аваргад оролцох эрхээ авсан. Энэ оны арваннэгдүгээр сард явах болохоор Самбо бөхийн холбооны багш Баярсайхан, гавьяат багш Үүрцолмон багшаар удирдуулж бэлтгэлээ хийж байна. Бэлтгэл сургуулилтаа байнга хийж байна. Маргааш Булган аймагт залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гээд Спортын төв ордонд самбо бөхийн шигшээ багтай бэлтгэлээ хангаж байна. Одоогоор төлөвлөсөн тэмцээнүүд энэ байна.
-Спортын чиглэлээр сурдаг байх гэж бодож байсан. Батлан хамгаалах их сургуульд инженерээр суралцаж байгаа юм байна. Энэ сонголтыг яагаад хийх болов?
-Зэвсэгт хүчин, арми бол спортыг дэмждэг. Батлан хамгаалах их сургуулийн харьяа “Алдар” спорт хороонд орох боломжтой. Тиймээс энэ сонголтыг хийсэн.
-Ирээдүйн зорилгоосоо хуваалцаач?
-Миний цаашдын зорилго бол насанд хүрэгчдийн дэлхийн аварга болох. Мөн олимпийн аварга болох хүсэл тээн бэлтгэлээ хийж байна. Миний бодлоор зорьсон зүйлээсээ ухрахгүй, зоригтой тэмүүлж чадвал бүх зүйл болно гэж бодож байгаа. Хамгийн гол нь тууштай бэлтгэл сургуулилтаа хийж, өөрийгөө дайчилж чадвал амжилтад хүрэхэд ойрхон байна.
“Зууны мэдээ” сонин
URL: