Хулгайчийн энгэрт Г.Жуковын одон “зүүж”, Ж.Лхагвасүрэн жанжны гар бууг өгөөд явуулжээ
Монголын бүх музей хаалгаа дэлгэж, гурав хоногийн турш олон нийтэд нээлттэй бөгөөд төлбөргүй үйлчиллээ. БСШУС-ын сайдын тушаалаар ийм боломжийг ард түмэндээ олгох болсон юм. “Зууны мэдээ” сонин музейн олон улсын өдрөөр монгол соёл, өв уламжлалын талаарх цуврал сурвалжлагыг “Монгол цэргийн музей”-гээс эхлүүлснээ хүргэе.
“Монгол цэргийн музей” үүрэг, зорилгоо “Тус музей нь Монголын түүхийн нэг салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон Монгол Цэргийн түүхийн арвин баялаг дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, олон түмэнд үзүүлэх, сурталчлах, үүрэг зорилго бүхий соёл, шинжлэх ухааны байгууллага юм” хэмээн тодорхойлжээ. Эрхэм зорилго нь өөрсдийнх нь танилцуулгад дурдсанаар бол “Монгол төр, ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө баатарлаг гавъяа байгуулсан үе үеийн эрэлхэг хөвгүүдийн тэмцлийн яндашгүй түүхийг ард иргэдэд таниулах, цэргийн түүхэнд холбогдох эд өлгийн хайгуул судалгаа хийж, сурвалжлан олох, хадгалж хамгаалах, судлах, дэглэн үзүүлэх, Монголын төрийн батлан хамгаалах бодлого шийдвэрийг сурталчлан таниулахад оршино” гэсэн байна.
Харин үр дүнгээ “цэргийн музейн үзүүллэг, үзэсгэлэн, тэдгээрийн үйл ажиллагаанд чанарын ахиц гарснаар эд өлгийн зүйлсийг үзүүллэгийн эргэлтэд оруулж, гадаад харилцааг бэхжүүлж, Монгол цэргийн баатарлаг дайчин уламжлалыг хүүхэд залуучуудад таниулж, эх оронч үзлийг төлөвшүүлнэ” гэж тодорхойлжээ.
Харамсалтай нь тус музей Г.Жуков жанжныхаа баатрын одонг хулгайчид “зүүж өгөөд”, бас болоогүй XIII зууны баатрын нум сумны үйсэн хоромсого / сумны гэр/-ыг бүсэнд нь “зүүж”, Ж.Лхагвасүрэн жанжныхаа гар буугаар “зэвсэглээд” явуулчихсныг хэр олон хүн мэдэх бол.
Гэсэн атал энэ сарын 13-нд “Монгол цэргийн музей”-нхэн Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнуулахаар бэлтгэж, хөл хөөр болцгоож байх юм. Тэд ийм алдар гавьяаг хүртэх ёстой, бас тийм эрхтэй гэж үү.
Түүх, түүхээрээ л байх ёстой. Тэгвэл өнөөдөр “”Монгол цэргийн музей”-д байгаа үзүүлэн, үзмэрүүд бодитой эсэхэд эргэлзэх олон шалтгаан байна. Энд гурван асуудал байна. Нэгдүгээрт, тус музейгээс Г.Жуков жанжны баатрын одон алга болоод удаж байна. Тэр бол ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ -ын Эх орны их дайны цуут жанжин, ЗХУ-ын маршал гэдгийг бид мэднэ. Гэтэл түүнд олгосон БНМАУ-ын баатрын одон алга болсон байх юм. Түүгээр зогсохгүй 2000 оноос эхлээд тус музейгээс Д.Сүхбаатарын одон, байлдааны гавьяаны одонгууд, тэр байтугай байлдааны буу, зэр зэвсэг өчнөөн алга болжээ. Дээврийн хонгилоор орсон хулгайч энэ бүхнийг гадагш гаргах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан юм байх.
Энэ хэргийг хөөж үзвэл, дээрх соёлын өвийг хулгайлсан этгээдийг шалгуултал давхар хүн амины гэмт хэрэг хийсэн нь илэрсэн тул 1990-ээд онд цаазаар авахуулсан гэнэ. Иймд хавтаст хэргийг хаасан гэхээс өөр мэдээллийг “Монгол цэргийн музей”-н захирал, менежерүүд өгсөнгүй. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I , II хэсгийнхнээс энэ талаар тодруулах гэсэн боловч “Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тэгээд ч эрт болоод өнгөрсөн хэрэг. Одоо тэр талаар хариуцаж байсан хүмүүс нь ч байхгүй” гэлээ.
Тус музейн менежер, ахмад Ж.Алтангэрэлээс энэ талаар тодруулахад “Шүүхийн шийдвэрийн талаар бидэнд ямар ч мэдээлэл байдаггүй. Миний хувьд 2015 онд ажил хүлээж авсан, хулгайн гэмт хэрэгтэн цаазаар авахуулсан гэж ярьдаг юм байна лээ.Өнөөдөр тэр одон музейд байхгүй” гэлээ. Өөрөөр хэлбэл, тус музейнхэн Г.Жуков жанжныхаа баатрын одонг хулгайчид “зүүж өгөөд” алдчихсан, өнөө хүртэл ямар ч мэдээлэлгүй сууж байна. Энэ хэрэг 1990-ээд онд гарсан гэнэ. Гэтэл музейн захирал дэд хурандаа Д.Ганзориг “Г.Жуков жанжны одон алга болсон ч түүнийг нь орлуулсан байгаа” гэлээ.
Мөн 2006 оны үед тус музейн ажилтан Дорнод аймагт үзүүлэн зохион байгуулахдаа XIII зууны баатрын нум саадагны үйсэн хоромсог /сумны дайз/ -ыг хаяж үрэгдүүлсэн зөрчил гаргасан байна. Музейн эд өлгийн улсын тооллого дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд 2008 оны улсын тооллогоор дээрх зөрчил илэрсэн ч хариуцсан ажилтан нь археологич мэргэжилтэй нэгэн байсан тул түүнтэй төстэй эд өлгийн зүйлийг авчирч өгснөөр соёлын өвийг орлуулж нөхсөн гэнэ.
Түүх түүхээрээ л үлдэх ёстой. Тэгвэл түүхэн эх сурвалжийг алга болгочихоод өөр нэг зүйлээр оруулчихаж байгаа нь түүхийг түүх биш болгож байгаа гэмт хэрэг юм. Монгол цэргийн музей ийм л байдлаар ажил хэргээ явуулж иржээ. Тэгэхээр тус музейн үзүүлэнд дэлгэсэнд эл өлгийн зүйлсээс аль нь орлуулсан, аль нь жинхэнэ эд өлгийн зүйл болохыг ялгаж таних боломжгүй юм.
Хамгийн сүүлд буюу 2016 оны аравдугаар сард Монгол цэргийн музейгээс илэрсэн зөрчил нь Ж.Лхагвасүрэн жанжны эдэлж, хэрэглэж байсан гар бууг хулгайд алдсан явдал юм. Тэр нь Залуу жанжин хэмээн олноо алдаршсан төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн эдэлж хэрэглэж байсан, гарын алганд багтах хэмжээтэй, тусгай зориулалтын гар буу байжээ.
Хэрэг гарах үед музейн үзмэр харагч нь ойр хавьд байгаагүй бөгөөд хяналтын камерын дүрс бичлэгийг цагдаагийнхан шалгахад дунд сургуулийн сурагч хүү авсан нь тодорхой байсан бөгөөд холбогдох байгууллагууд гэмт этгээдийг тогтоосон байдаг. Тус хэргийг БЗД-ийн Цагдаагийн II хэлтэс шалгаж, 2017 онд шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэснээр өдгөө нөхөн төлбөр төлүүлж байгаа. Гэмт хэрэгтэн нь насанд хүрээгүй, эцэг эх нь төлбөрийн чадвар муу тул өдгөө төлбөрийг бүрэн барагдуулаагүй байгаа аж.
Ийнхүү нэхэн сурвалжлахуй Монгол цэргийн музейгээс алга болсон XIII зууны үеийн олдвор болох үйсэн хоромсо буюу сумны гэр, тус музейн сан хөмрөгт байдаг XIII зуун үеийн монгол цэргийн сэлмийг АНУ руу үзэсгэлэнд авч яваад самурай бариул хийж хятад хуйтай болгосон гэх хэрэг, мөн ЗХУ болон Монгол Улсын баатар Г.К.Жуковын 985 гр цэвэр мөнгийг алтаар шармалдаж хийсэн Цэргийн гавьяаны улаан тугийн одон алга болж, оронд нь дууриамлыг хийж тавьсан гэх хэргүүдийг цагдаагийн байгууллага одоо болтол илрүүлээгүй, эцэслэн шийдвэрлээгүй байгаа юм байна.
Өдгөө албан тушаал хашиж буй болоод асуудлыг хариуцсан холбогдох албаныханд хандахад “Өмнөх хүний асуудал. Өнгөрсөн явдал” гэцгээх юм. Соёлын өв, түүхийн үнэт зүйлийг алга болгож, ашиг олж, эвсэл ямар нэг байдлаар шамшигдуулчихаад “Өмнөх хүний хэрэг”, “Өнгөрсөн явдал” гээд өнгөрүүлдэг явдал зуршил болжээ. Төрийн албанд цөөн төгрөгийн цалинтай ажил хийснээс хэн нэгний зүгээс 2-3 өрөө байр өгье гэсэн саналын дагуу соёлын өвийг хулгайлдаг, наймаалцдаг явдао газар авсан гэж энэ салбарынхан жиг, жуг гэлцдэг нь ч үнэний ортой бололтой. Монголын түүх ийнхүү мөхлийн ирмэгт ирээд байна, бид хаашаа нүүж байна вэ.
Үргэлжлэл бий.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: