Бизнесийнхнийг “боомилсон” болохоор бид ядуу байна
Манай улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр өнгөрсөн онд дөрвөн байр ухарч, 140 орноос 99 дүгээрт бичигдлээ.Мэдээж үүнд нөлөөлсөн зүйлс олон. Гэвч эдийн засаг 6.9 хувиар өссөн. Төсвийн алдагдал буурсан. Экспортын орлого долоон тэрбум ам.долларт хүрсэн. Төв банкны гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа 3.5 тэрбум ам.доллар болсон гэх мэт чихэнд чимэгтэй тоон өсөлтүүд нь эрсдэлтэй байгааг дээрх үзүүлэлт харууллаа. Наанадаж л эдгээрийг нь дагаад бизнесийн орчин нь сайжирсан юм алга.
Бизнес эрхлэх орчныг сайжруулах, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Гэвч өнөөдөр эдгээр асуудалд анхаарал хандуулдаг, төр, төрийн тус байгууллага нь ч алга. Аж ахуйн нэгжийн эрхийг хамгаалагдахаар хуульчлагдсан танхим ч энэ асуудалд чих нь дүлий байсаар. Угтаа бол тэдний эрхэм зорилгод “бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна. МҮХАҮТ нь бизнесийн амжилтын талбар байж, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд манлайлахад хөтөч нь болно” гэсэн цагаан дээр хараар маш тодорхой бичсэн зорилт бий. Ингээд бизнесийг дэмжих албан үүргээ аль ч шатандаа биелүүлдэггүй. Магадгүй бүр бизнесийг сайжруулахын оронд тушдаг. Үүний энгийн жишээ бол өнөөх дуулиант ЖДҮ. Ийм л болохоор манай улс уул уурхай гэсэн ганц “тэжээгчтэй”. Тэгээд эдийн засаг нь дэлхийн түүхий эдийн савлагаанд донсолдог. Бизнес эрхлэгчид нь шантарсан, эсвэл итгэлгүй. Дотоодын брэндийн сураг байтугай ойлголт ч байхгүй. Ингээд импортлогч улсын зовлонг иргэд нь нуруун дээрээ үүрээд гэлдэрсээр байна. Хэрэв бизнесийнхнийг бодлогоороо “боомилолгүй” дотоодын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжээ дэмжих зорилтуудаа ёсчлон биелүүлсэн бол өнөөдөр бид ам.долларын “аманд” орж, төгрөг үнэгүйдэхгүй, гурван хүн тутмын нэг нь ядуу гэх сэтэр сүүж, талхаа таллаж, ургамлын тосоо граммлахгүй л байсан байх.
http://eagle.mn/r/56507
URL: