Орон сууцны хонгилд их хэмжээний зээрийн эвэр нуусан байжээ
Баруун-Урт сумын долоодугаар багт нийтийн орон сууцны хонгилд их хэмжээний зээрийн эвэр нуусан байсныг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
500-600 ширхэг зээрийн эврээс гадна хонгилд 40 орчим үхсэн бог малыг нуусан байжээ.
Зах зээлийн ханшаар зээрийн эвэр нэг килограмм нь 8000-9000 төгрөгийн ханштай байна. Ан амьтны тухай хуулийн 25.4.1-т ховор болон нэн ховор амьтны эд зүйлийг санаатайгаар худалдан борлуулахыг завдвал 1-5 жил хорих гэсэн заалт байдаг. Нөхөн төлбөр нь ооно, шаргачинаас шалтгаалан өөр өөр байдаг аж.
Дээрх зүйлсийг хэн гэдэг хүн, ямар зорилгоор нуун цуглуулж байсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мөрдлөг, шалгалтын ажлыг хийж байна. Эзэн холбогдогчийг тодорхой болмогц Цагдаагийн газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.
URL: