Шинэ нийгмийг цогцлоосон эцэг хууль
Өнөөдөр Ардчилсан үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой тохиож байна. Анх Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг 1984 оноос эхэлсэн гэж үздэг аж. Энэ нь тухайн үеийн өөрчлөлт шинэчлэлтэй холбоотой юм байна. АИХ-аас Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс байгуулагдаж Жамбын Батмөнх агсан түүнийг удирдаж байж.
Анх гурван хувилбар байсан бөгөөд тэдгээр нь шинэ Ардчилсан Үндсэн хуулийн суурь болж өгчээ. Бүгд найрамдах засаглалыг тунхагласан Үндсэн хууль байсныг Парламентын засаглалтай болгож өөрчилсөн, Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын эрх үүргийн хуваарилалтыг бий болгосноороо цоо шинэ тогтолцоонд шилжсэн юм.
Энэ хуулийн ачаар монголчууд бид гадаадад зорчих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бизнес эрхлэх, бие даасан олон тулгуурт гадаад болон эдийн засгийн бодлого явуулах нь нээлттэй болсон билээ. Тухайн үед Ж.Батмөнх дарга АИХ-ын нарийн бичгийн дарга Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэдийг Герман, Англи улсын Үндсэн хуулийг судлуулахаар нэг сарын хугацаагаар явуулж байсан гэдэг.
Мөн Швед, Швейцарийн хуулийг судалжээ. Тэр үед ихэнх соц орнууд үндсэн хуулиа шинэчилсэн байжээ. Нэг нийгмээс нөгөөд шилжихдээ эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлэхийн тулд хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд Үндсэн хуулийн гол агуулга нь чиглэгдэж байжээ. Олон намууд өөрсдийн Бүгд, Бага хурлаар Үндсэн хурлын төслийг хэлэлцэж АИХ-д саналаа оруулж байсан юм. АИХ-ын дарга нь Ж.Гомбожав байсан бөгөөд 427 депутатын 327 тэр үеийн МАХН-ын гишүүд байсан байна.
Тус намын бүлгийг МАХН-ын дарга Г.Очирбат гуай даргалж байжээ. Хөдөөнөөс гэхэд 160 депутат сонгогдсон байсан гэдэг. Хөдөөгийн, эмэгтэйчүүдийн фракц гэж байж. Аймаг болгон бүлгийн ахлагчтай санал бодлоо ярилцаж нэгтгээд түүгээрээ дамжуулан чуулгандаа ордог ихээхэн зохион байгуулалттай байж. Намын дарамт шахалт гэж байхгүй зөвхөн ажил хэргээ гүйцэтгэдэг байсан хэмээн ярьдаг. Хуралдааны явцад сонин санаа их гарч. Баян-Өлгий аймгийн нэг төлөөлөгч Баян-Өлгийг автономит эрхтэй бүгд найрамдах улс болгоё гэсэн санал гаргаж бөөн маргаан болж байсан гэдэг. Үүнээс санаа авч Монгол Улс нэгдмэл байна.
Зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэсэн Үндсэн хуулийн үг өгүүлбэр мэндэлсэн түүхтэй гэдэг. Манай шинэ Үндсэн хуулийг гадаадын судлаач эрдэмтэд тэр дундаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бейкер “Сайн эцэг хууль болсон” гэж хэлсэн удаатай. Ийнхүү 73 хоног хуралдуулж мэндэлсэн Үндсэн хууль даяар монголчуудын эцэг хууль болж чадсан юм.
Н.Лхагвасүрэн
URL: