Хориг зөрчиж, хил давсан Гуайдог шууд баривчлахаар болжээ

гуайдо_bӨөрийгөө Ерөнхийлөгч хэмээн зарлаад буй Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өнгөрөгч долоо хоногт Колумбын нийслэл Богота Лимагийн бүлгийн орнуудын хуралд оролцохын тулд хилийн дээс алхсан юм.

Түүнийг өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн зарласны дараахан тус улсын Дээд шүүх хилийн хориг тавьсан билээ.

Тэгвэл шүүхийн шийдвэрийн уландаа гишгэж хилийн дээс алхсан Гуайдо энэ долоо хоногт нутагтаа ирэхээр төлөвлөжээ.

Харин түүнийг ирсэн даруй ямар ч сануулгагүйгээр шууд баривчилж, ял асуухаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Энэ талаар  Варгас мужийн захирагч Хосе Луис Гарсиа Карнейро ОХУ-ын төрийн ТАСС агентлагт өгсөн ярицлагынхаа үеэр онцолжээ.

Захирагч “Мадурогийн дэглэмийг эсэргүүцэж, улс орондоо үймээн самууныг өдөөн турхирсан Гуайдог Венесуэл улсад ирсэн тохиолдолд шууд баривчлах болно” гэж ярьлаа.

Тэрбээр 2004-2011 онд Венесуэлийн Батлан хамгаалахын сайдаар ажилласан ба 2015 оны долоодугаар сард Варгас мужийг тэргүүлэх болжээ.

Гуайдо өнгөрсөн сарын 22-ний өдөр  Колумбийн хил орчмын Кукута хотоор дамжин, хил давсан гэнэ. Ойрын эх сурвалжууд түүнийг энэ долоо хоногийн эхээр тус бүсээр дамжин Венесуэлд ирнэ хэмээн мэдэгджээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих