МАН-ынхан нийслэл дээр “зодолдож”, АН-ынхан МҮХАҮТ-ыг авлаа
УИХ-ын чуулган завсарласан ч улс төр, нийгэм, эдийн засагт нэлээд дуулиан, шуугиантай долоо хоног болж, өнгөрлөө. Сар гаруйн хугацаанд эзгүй байсан Хотын даргын суудал эзэнтэй болов. Нийслэлийн Засаг даргад МАН-аас С.Амарсайхан, заалнаас С.Мөнхчулуун нэр дэвшиж, тэд хоёр дахь удаагаа өрсөлдлөө. Хуралдааны 45 төлөөлөгчийн 25 нь саналаа өгснөөр НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргаар сонгогдсон юм. Энэ үйл явдлыг улс төрийн хүрээнд МАН ардчилсан зарчмаас ухарч, аливаа асуудлыг эрх мэдэл, дарангуйлал, хуйвалдааны аргаар шийддэг улс төрийн хүчин боллоо гэж дүгнэж байна. Учир нь энэ удаагийн өрсөлдөөнд С.Амарсайханы талынхан өмнөх алдаагаа давтахгүйн тулд бүх асуудлыг хайрцаглаж оруулж ирсэн гэхэд болно.
Нэр дэвшигч С.Мөнхчулууны талыхан болон АН-ын бүлгийн гишүүдийн гаргасан саналууд эхнээсээ л унасан. Зарим төлөөлөгчийн суудлыг сольж, МАН зарим гишүүнээ хянах, улмаар С.Амарсайханы эсрэг санал өгсөн гишүүдийг намаас хөөнө, гаргана гэх аргыг хэрэглэсэн гэдгийг зарим эх сурвалж хэлж байсан. Ийнхүү С.Амарсайхан хотод ялалт байгуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг хүлээлгэж, чилээсэнгүй ганцхан хоногийн дараа батламжилж, ажилд нь орууллаа. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нь 2012 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа.
Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, Эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн авто худалдааны төвийн ТУЗ-ийн гишүүнээр ажилласан. 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан. 2017 оноос НИТХ-ын даргаар сонгогдсон байдаг. Ийнхүү тэрээр хотод ялалт байгуулж, Улаанбаатарыг жил гаруйн хугацаанд удирдахаар болов.
Мөн НИТХ-ын төлөөлөгчид С.Амарсайханы оронд НИТХ-ын даргаар Р.Дагвыг сонголоо. Түүнийг НИТХ-ын даргаар томилох нь мөн л тодорхой байсан гэхэд болно. НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа Р.Дагватай өрсөлдөхөөр заалнаас нэрээ дэвшүүлсэн. Гэвч Нийслэлийн МАН-ын бүлэг завсарлага аван хуралдаж, нэрийг нь татуулсан. Ц.Байгалмаа нь 2017 оноос хойш НИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн төлөөлөл болж энэ сунгаанд өрсөлдөхөө мэдэгдсэн ч хэдхэн хормын дараа нэрээ татсан нь анхаарал татаж байв. НИТХ-ын даргаар сонгогдсон Р.Дагва нь 2002 онд МУИС, 2012 онд ИЗОУИС, 2015 онд Удирдлагын академийг тус тус төгсчээ. Эрх зүйч мэргэжилтэй. МАН-ын Бага хурлын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хурлын тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга юм. Ийнхүү нийслэлд МАН-ын Хотын фракц ялагдаж, Зүүний хүчнийхэн эрх мэдлийг гартаа авлаа. Гэхдээ энэ асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгээс шүүхэд хандах болсноо зарлав. Тэд НИТХ-ын даргаар Р.Дагвыг сонгох санал хураалт хууль зөрчсөн гэж үзжээ. Заалнаас нэр дэвшсэн хүнээ хасч, санал хураалтыг ил явуулсан нь Дэгийн хууль зөрчсөн үйлдэл болсон.
Өнгөрсөн долоо хоногийн бас нэг онцлох үйл явдал нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сунгаа байв. Их хурал үүрийн 04:00 цаг хүртэл хуралдаж, Удирдах зөвлөлийн гишүүд болоод ирэх дөрвөн жилд удирдах ерөнхийлөгчөө сонгосон. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин, хуучин ерөнхийлөгч Б.Лхагважав, “Ард”-ын Ч.Ганхуяг, “Буян”-гийн Б.Жаргалсайхан, “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл нар өрсөлдсөн юм. Явцын дунд С.Түмэнгэрэл нэрээ татаж, гол өрсөлдөөн О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан нарын дунд болов. Үүнээс төлөөлөгчдийн олонхийн саналаар UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Танхимын ерөнхийлөгчийн сунгааг улс төрийн өнцгөөс харвал МАН-аас Ч.Ганхуяг, Б.Лхагважав, АН-аас О.Амартүвшин, БНН-аас Б.Жаргалсайхан өрсөлдсөн. МАН-аас хоёр хүн энэ сунгаанд оролцож санал хуваасан тал бий. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нь 25 настайдаа бизнесээ эхлүүлж, “UFC” группийг байгуулснаар бизнесмэнүүдийн жагсаалтад өөрийн байр суурь эзлэх болсон байдаг. Тэрээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаа “МҮХАҮТ зөв бодлого бариад явсан бол нэр дэвшихгүй гэж бодож байсан. Харамсалтай нь, дөрвөн жилийн өмнөхөөс огт урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс 10 гаруй байраар ухарчихлаа. Бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихэсч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй” гэж тайлбарласан байдаг.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: