Эхийн хэвлий
Би
Эртний домгоос нүүж Эхийн хэвлийд сууршихдаа
Элэг дэлүүг нь тийрч идэх хоолыг нь булаасан
Гоёмсог биед нь нэвчиж зөөлөн арьсий нь сунгахдаа
Голт зүрхий нь тэмтэрч хааяа тэнцвэр алдуулсан
Сарны төгөл шиг аниргүйд арван сар хөрвөөхдөө
Сайхнаас сайхан төрхөө үнэ төлбөргүй авсан
Бурхан заалдавч буцаахгүй усны тэр ертөнцөд
Бундан зүрхээ бүтээлгэж сэлүүргүй хөвж сурсан.
Амгалан сайхан Ээжийнхээ амьсгал бүрийг хугаслаж
Амьдралын тэр өдрүүдэд доторий нь давчдуулж алхуулсан
Улаан голтой нь уягдсан амин хүйгээ атгачихаад
Уйлж инээхийн завсарт нь дээс тоглож эрхэлсээн
Цэцэгт диваажингаас илүү гоо сайхнаас амилаж
Цэрдийн нүүдлээс зөөлөн танхил алхаанаас унаж
Эргэх орчлонг туулахдаа хоёр нүд минь нулимстай байна
Эхийн хэвлий шиг үзэсгэлэнг одоо болтол хараагүй байна
Тоост хорвоогийн үүд хүйтэн болоод жавартайг
Тосож авсан хүмүүс баяр гунигийн нулимстайг
Таныхаа хэвлээс унаад анхан тэгж мэдсэн юм
Талынхаа чулуунд бүдрээд сая л нэг ухаарсан юм
Ариун хэвлийд нь дүрсгүйтэж аз жаргал бэлэглэсэн
Алгын чинээ ураг тань амьдарч л явна даа Ижий минь.
/ Ч.Чагнаадорж /
URL: