Эрэн хайх ажиллагаа маш хүнд нөхцөлд үргэлжилж байна

332

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газарт үйл ажиллагаа яюуулдаг  “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт нуралт болж зургаан хүн, хоёр трактор шороонд дарагдсаад байгаа. Эдгээрээс хоёр хүнийг аварч эмнэлэгт хүргэсэн тэдний биеийн байдал сайжирч байгаа гэсэн мэдээлэл байна.

Харин үлдсэн 4 иргэнийг аврах ажиллагааг хүч нэмэгдүүлэн явуулж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна. Одоогоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн 53 настай эрэгтэй Г, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат эрэгтэй, 38 настай П, Булган аймгийн Хангал сумын харьяат эрэгтэй, 31 настай О, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат эрэгтэй, 31 настай Б, нарын дөрвөн хүн, нэг бульдозер, нэг экскаватор машин нурангинд дарагдсан байдалтай байна.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний Аврах бригадын 20 алба хаагч осол болсон газарт  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Түүнчлэн хойд бүсийн төв, Орхон аймгийн Онцгой байдлын алба болон Үндэсний аврах ангиудаас аврагч нар хүч нэмэгдэж, нийт 30 алба хаагч эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэдийгээр аврах баг тасралтгүй ажиллаж байгаа ч тэнд буй болоод байгаа нөхцөл байдал туйлын хүнд, хөрсний гулгалтаас гадна ус шүүрэлт маш их хэмжээнд байгаа ажээ.

Авран хайх ажиллагаа үргэлжилж байна, гэвч одоогоор ямар нэг үр дүн гараагүй байна.

Г.Тулга


URL:

Сэтгэгдэл бичих