Улстөр та бүү давар.. Үнэ тодорхойлох эрх чамд байхгүй!
Өгсөөд, уруудаад л үнэ гэдэг юм үгүй мөн тоглоомтой эд юм. Хөлд нь өртсөн иргэд зовж байгааг тэр мэддэг болов уу. За даа, үгүй л болов уу. Учир нь үнэ өөрийгөө тодорхойлдоггүй. Улстөр бас түүнийг тодорхойлох учиргүй. Зах зээлийн хуулиар тодорхойлогдох зүй тогтолтой аж. Харин манай улсад нэг л өөр.
Яг долоо хоногийн өмнөх орой импортлогчид ЭБЭХ-ний Дэд сайд Б.Ариунсангийн зөвшөөрөлтэйгөөр түлшний үнийг 260 төгрөгөөр нэмсэн. Харин өчигдөр буюу пүрэв гарагаас эхлэн 50 төгрөгөөр бууруулав. Сануулахад, импортлогчид баасан гарагт салбарын яаман дээр болсон Ажлын хэсгийн хурал дээр анх 300 төгрөгөөр нэмэх тооцоололтой ирсэн гэх мэдээлэл бий.
Харин Дэд сайд эрхмээр ахлуулсан Ажлын хэсэг 40 төгрөг хасаад 260-аар нэмэхийг зөвшөөрсөн гэж байгаа. Гэтэл гурван хувийн алдагдал хүлээгээд байна, илүүг алдаж чадахгүй, дампуурах нь гэж зовлонгоо тоочин үнээ нэмсэн импортлогчид зургаа хоногийн дараа 50 төгрөгөөр бууруулсан нь, нэг талаас түлшний үнийн өсөлтийг дагаж үзэгддэг хэвийн үзэгдэл мэт ч, угтаа бол үнэ ингэж нэмэгдэх учиргүй байж гэж харахад хүргэж байна. Импортлогчид шатахууны үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлэхэд алдагдалгүй ажиллах боломжтой байтал, зориуд илүү өндөр үнийн саналыг Ажлын хэсгийн хуралдаанаар оруулж гэж харахад хүргэж байгаа юм. Асуудал хурцдаад ирэхэд дуу нэгтэй үнээ буулгахаар шийдвэрлэж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчин үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн байж болзошгүй гэх хардлагыг хүч оруулж байгаа бөгөөд үнэ нэмсэн шалтгаан нь батлагдахгүй бол импортлох эрхийг нь хасч болзошгүй тухай Ерөнхий сайдын хатуу анхааруулга зэрэгтэй холбогдоод явчихаж байгаа юм. Тэрчлэн Ерөнхий сайд С.Батболд “мэргэжлийн байгууллагын хийсэн тооцоогоор шатахууны үнэ нэмэгдлээ гэхэд 170 төгрөгөөр л өсгөх тооцоо байтал аж ахуйн нэгжүүдийн аманд орж, удирдах дээд байгууллагадаа танилцуулалгүй, амралтын өдрүүдэд 260 төгрөгөөр өсгөсөн байна” гэх зүйлийг ярьсныг энд сануулъя.
Мэдээж импортлогчид үнээ бууруулаад байгаагийн цаана, нэмэхэд хүргэсэн үндсэн шалтгаан нь нааштайгаар шийдвэрлэгдэх нөхцөл бүрдээд байна уу гэж харах ёстой юм. Тэр буруутан нь ам.долларын ханшийн чангаралт. Монгол төгрөг ам.долларын эсрэг сүүлийн хоёр сарын хугацаанд 200 шахам төгрөгөөр суларсаны уршигаар импортлогчид илүү их зардал гаргахад хүргэсэн, 2009 оны нэгдүгээр сард ам.долларын ханш 1740 төгрөг хүрч чангарч байх үед нефтийн бүтээгдэхүүний үнэ 1900 төгрөг болж өсч байсан. Энэ нь ам.долларын ханш түлшний үнийн өсөлтөд зайлшгүй нөлөөлж байдгийн баталгаа гэхчлэн үнэ нэмэхийг зөвшөөрсөн, нэмсэн талууд байр сууриа илэрхийлсэн.
Тиймээс долларын ханшийн чангаралтаас болж үнэхээр түлшний үнийг нэмэхээс өөр аргагүй болов уу гэдгийг энэ долоо хоногийн туршид ярилаа. Нэр бүхий түшээд Монголбанкны үйл ажиллагааг шалгалаа. Монголбанкны удирдлагууд бурууг бусдаас хайх хэрэгтэй гэсэн агуулгатай байр сууриа илэрхийлцгээсэн. Байр сууриудыг хүргэхээсээ өмнө ам.долларын ханшийн мэдээллийг хүргэе.
Өчигдөр буюу 12-ны өдрийн байдлаарх Монголбанкны ханшаар 1 ам.доллар 1,400.05 төгрөгтэй тэнцүү байна. 18:20 цагийн байдлаарх “Найман Шарга”-ын ханшийг харахад 1 ам.долларын авах үнэ 1410, зарах үнэ 1415 төгрөг байна. Харин 11-ний өдрийн 16:25 цагийн байдлаарх авах үнэ 1402, зарах үнэ 1408 байсан. Тэгвэл Түлшний үнэ нэмэгдэхийн өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 5-ны өдөр 1 ам.долларыг авах үнэ 1433, зарах үнэ нь 1440 төгрөг байсан юм. Тэгэхээр дундажлаад харахад сүүлийн хоёр сарын хугацаанд 200 төгрөгөөр өссөн ам.долларын ханш сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд 25 төгрөгөөр сулраад байна. Ерөнхийдөө Монголбанкнаас гаргаж байгаа ам.долларын нийлүүлэлтийн үр дүн гэж болох юм. Нөгөө талаас, буруутан байх магадлалтай ам.доллар суларч, асуудал шийдэгдэж байгаа дүр зурагтай. Харин одоо буруутныг хайсан байр сууриудыг хүргэж байна.
Буруутнууд буруутныг хайгаад байна уу..
Үнэ нэмэхийг зөвшөөрөөд буруудсан Дэд сайд Б.Ариунсан “280 хүртэлх төгрөгөөр тогтоодог Онцгой албан татварыг багасгасаар, улмаар тэглэсэн. Мөн гаалийн татварыг тэглэх арга хэмжээг авсаар ирсэн. Гэтэл ам.долларын ханш сүүлийн сард өссөөр 1470-1480 төгрөгт хүрсэн. Энэ нь шатахууны үнийг өсөхөд нөлөөллөө” гэсэн юм.
Тэгвэл ам.долларыг давраасан гэгдэн буруутгагдаж байгаа Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “10, 11, 12 сард ам.долларын ханш хэд хэдэн удаа огцом хөдөлсөн нь гадаад худалдааны баланс алдагдалтай байгаатай холбоотой” гэсэн. Өнгөрсөн хугацаанд валютын нийт нөөцийнхөө 10 хувьтай тэнцэх 280 сая ам.доллараар интервенц хийсний үр дүнд ам.долларын ханшийг 1400 төгрөгт барьж ирсэн. Гадны хөрөнгө оруулалт багассан, гадаад зах зээлийн нөхцөл муудаж байгаа ийм үед валютын нөөцөө цацан ханшийг барихыг оролдвол аюултай үр дагаварт хүргэж болзошгүй” гэж байгаа. Гэсэн ч Монголбанк интервенц хийсний үрээр төгрөг долларын эсрэг чангараад байгааг дахин тодотгоё.
Харин Ч.Улаан гишүүн Ардын Намын бүлгээс Монголбанкинд томилогдон ажилласан ажлын хэсгийн гишүүний хувиар хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ “Монголбанк ханшийн тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч зах зээлд интервенц хийх замаар валютын эрэлтийг зохицуулах алхам хийсэн ч мэдрэмж муутай, үр ашиг багатай ажиллаж гэж дүгнээд, Монголбанкныхан үр ашигтай зохицуулалтыг зах зээлд тасралтгүй хийж чадаагүй байгаа юм л даа” хэмээн тодотгосон байгаа юм. Мөн Дэд сайд Б.Ариунсан үнийн асуудал хариуцсан Ажлын хэсгийн хуралдааны үеэр шатахуун импортлогчдын үнэ нэмэх саналыг дэмжсэн шийдвэр гаргаад, чиглэлээ өгчихсөнийг улс төртэй холбоогүй гэж хэлэхэд үнэмшилгүй сонсогдож байгаа биз дээ. Улс төрийн оролцоо байгаа гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байгаа шүү” гэхчлэн байр сууриа илэрхийлсэн. Мөн валютын ханшийн өсөлт шатахууны үнийг 200-240 төгрөгөөр нэмэгдэх үндэслэл болоогүй. Эдийн засгийн бус хийсвэр агуулгаар үнэ нэмэгдсэн гэж үзэж буйгаа Төрийн ордонд болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм.
Харин Ерөнхий сайд, МАН-ын дарга, С.Батболд “Энэ удаагийн шатахууны огцом өсөлтөд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн нөлөө давамгайлсан байхыг үгүйсгэхгүй. Төрийн албан хаагчдын түвшинд ч, магадгүй аж ахуйн нэгжүүдийн хувьд ч энэ асуудал сөхөгдөж мэднэ. Өөрсдөдөө ашигтайгаар алхам хийсэн байхыг үгүйсгэхгүй. Засгийн газрын ажил явдгаараа явна гэдгийг би оны өмнө ч хэлж байсан. Одоо ч үүнийг давтан хэлье. Улс орны ажил улс төрөөс хамаарах ёсгүй. Жингийн цуваа явдгаараа явж, улс орны Засаг төрийн ажил явдгаараа явж л таарна. Харин үүн дээр улс төр хийж болохгүй шүү. Тиймээс би өмнө ч улс төрийн хүчнүүдэд хандан энэ тухай уриалж байсан. Аливаа нэгэн улс төрийн хүчин ард түмний нуруун дээр дарамт болох асуудлаар хожоо хийхгүй байх, эдийн засаг бизнесээр, улс төрийн тоглолт хийхгүй байхыг уриалсан” гэж мэдэгдсэн нь АН-ын ҮЗХ-ны хурал болохын өмнөх өдрийн анхаарал татсан байр суурь байв.
Ерөнхийдөө эрхмүүдийн байр сууриудаас харахад энэ удаагийн шатахууны үнийн өсөлтийн угшил шалтгаан нь улстөр байв уу. Өссөн хойно нь улстөржүүлэх гэж оролдоод байна уу, гэхчлэн талцан харахад хүргэж байна. Монголбанк сүүлийн хоёр сарын хугацаанд бууруулж дийлэхгүй байсан ам.долларын чангаралтыг долоо хоногийн дотор шийдчихэж байгаа харагдлаа. Энэ нь төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангаж дийлэх чадамж Монголбанкинд байдаг л юм байна гэдгийг илтгэж байна. Нөгөө талд импортлогчид ч анхнаасаа дуртай үнээ хэлж даварсан байх магадлалтай нь харагдаж байна. Мөн түүнийг нь дэмжиж шийдвэрлэсний цаана хэний ашиг сонирхол байв гэдэг асуулт ч дагаж байгаа юм. Цаашлаад, Засгийн газарт дангаараа үлдэж байгаа МАН-ынхан шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор хариуцлагын тухай тун тодоор ярьж байгаа нь, сонгууль хаяанд ирсэн энэ үед оноо авах нэг оролдлого ч болж харагдаж байна. Эцэст нь хэлэхэд, Улстөр чи бүү давар.. Үнэ тодорхойлох эрх чамд байхгүй!
Э.Болорхажид
URL: