Компаниуд нөхөн олговор авахаас дургүйцэв үү

-“Урт нэртэй хууль”-ийг Үндсэн хуулийн цэц дэмжсэн, одоо ухрах зам үгүй-

“Урт нэртэй хууль”-ийн дагуу ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон газрын хилийн заагт багтаж, лицензээ цуцлуулсан компаниудад нөхөн олговор өгөх ажил дөрвөн өдрийн өмнөөс эхлэв. Гэтэл Ашигт малтмалын газарт ердөө хоёр компани мэдүүлгээ ирүүлсэн гэнэ.

Бусад нь үйл ажиллагаа явуулах хүсэлтэй юм уу, бүү мэд, таг чиг. Уг нь хуулийн утга, заалт Монгол Улсын ирээдүй, байгаль, экологид үлэмж тус хүргэхүйц гэдгийг судлаач, эрдэмтэд нотолдог. Гэвч төрийн зарим түшээ уг хуулийн нэрнээс эхлээд агуулгыг нь гүйцэд ойлгоогүйн зэрэгцээ лицензээ цуцлуулсан компаниудад олгох нөхөн олговрын хэмжээг хэзээ ч төлж барагдуулахгүй гэж үзсэн тул Дээд шүүхэд хандаж, улмаар Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хянахаар болсон.

Цэцийн дунд суудлын хуралдаанаар эл маргааныг хянаж, хэлэлцсэний дүнд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хуулийг батлахдаа Үндсэн хуулийг зөрчөөгүй хэмээн дүгнэснээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Дэлхий дахинд “Minegolia” гэгдэж, уул уурхайн их тэсрэлт энэ тэрээрээ дуудуулах нь манайханд сайхан байгаа энэ үед ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг “хоморголон” цуцлах шинжийг шууд агуулсан гэдгээрээ энэ хууль эхнээсээ ад үзэгдсэн. Өнгөрсөн оны эхнээс л хуулийн дагуу хориглолтын бүс тогтоох гэтэл координат гаргахад хэцүү байна гээд холбогдох албаныхан нь хэл ам татлах болсон. Гол, горхийн дагуу 200 метрийн координат тогтоох ёстой гэж хуульд заасан ч яаж бүгдийг нь хэмжиж бардаг юм бэ гэж дарга, цэрэггүй тайлбар хийж байсныг санаж байна.

Мэдээж чухал, нарийн хууль тул биелүүлэхийн тулд шүд зуун гүрийх үүрэгтэй баймаар. Хориглолтын бүсэд 1182 лиценз олгосон нь нийт 890 компанийн мэдэлд байдаг аж. ЭБЭХЯ, АМГ, ТЕГын тооцоолсноор эдгээр компанийн ажлын зардал, татварт төлсөн мөнгө нийлээд 5.15 их наяд төгрөг болж байгаа юм. Үүнийг төрөөс төлөх нь тодорхой. Цаг хугацааны хувьд бага зэрэг сунжрах ч нийт газар нутгийнхаа найм хүрэхгүй хувьд ой мод, 25 орчим хувьд нь гол горхитой Монгол Улсад зайлшгүй хэрэгжих ёстой хууль. Гэтэл агентлагууд ажлаа эхлэхэд бэлэн болчихоод байхад О.Чулуунбат, Ж.Батсуурь, А.Тлейхан нарын УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцэл зарласан.

Монгол орныг уултай, устай, цаашид ашиглах баялагтай үлдээхийн тулд санаачилсан уг хуулийг түшээд бүрэн дэмжихгүй байгаа нь хачирхалтай. Эсэргүүцэгчид “Урт нэртэй хууль”-ийн хор уршгийг нөхөн олговортой холбон тайлбарласан. Үүнтэй холбогдуулан хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулсан ч тусыг эс олсон. Тухайн үед буюу өнгөрсөн жилийн зургаадугаар сард Сүхбаатарын талбайд хуулийг эсэргүүцсэн иргэд жагсаж байна гэсэн ч үнэндээ талбайн хоёр талаар “Ланд-200” эгнүүлсэн тэд яавч жирийн иргэд байгаагүй юм.

Яах вэ хийрхсэн хүмүүс мэр сэр ирсэн ч олонх нь уурхайн эзэн, уулын ам эзэмшигч байсан. Тэр үед эдгээр газрын эзний амнаас “Ашиглахгүй дарж байснаас ухаж гаргаад мөнгө болгосон нь дээр”, “Нэг компанид хэдэн хүн ажилладаг гэж бодож байна. Тэдгээр ажилчны цаана хэдэн хүн байгааг бодож үзээрэй” гэцгээж байснаас нөхөн сэргээлт, экологийн асуудлын талаар ганц үг ганхийгээгүй.

Уул уурхайнхаа салбарыг бид өөрсдөө дэглэж чаддаггүй тул энэ хуульд асуудал, маргаан олон байсан нь лобби орсны шинж хэмээн хэлэх нэгэн ч бий. Учир нь 1182 лицензийн 246 нь алтны шороон ордынх аж. Эдгээр зөвшөөрлийг эзэмшиж буй 130 орчим компанийн талаас илүү хувь нь гадаад эзэнтэй. Үлдсэнийх нь тал нь хамтарсан хөрөнгө оруулалттай. Гадныхан гэхээр сүйд болдог манайхан лицензийг авч үлдэхийн тулд эгээ л цусаар уйлаагүй. Одоогийн байдлаар 14.5 мянган га талбай эвдрэлд орсон бөгөөд багагүй хувь нь дээрх хориглосон бүсэд байжээ. Тухайлбал устай, модтой газруудаас эвдрэлд орсон нь Архангай, Сэлэнгэ аймагт голдуу бий аж. Ер нь аль ч ашигт малтмалыг олборлоход хамгийн их шаардлагатай зүйл нь ус. Дэлхийн байгаль хамгаалах сангийн судалгаагаар Монгол Улс баялгаа ашиглахдаа энэ “эрч”-ээ алдахгүй ус бохирдуулбал 20 хүрэхгүй жилийн дараа импортын ус хэрэглэхдээ тулна гэсэн дүгнэлт гарчээ. Дүгнэлтэд дурдсанаар уурхайн ажлын үед сул шороо ихээр үүсч, хөрс суларна. Энэ нь гүний усыг хэт хурдан ууршуулахын зэрэгцээ цөлжилтийг эрчимжүүлэх аж. Үүний уршгийг манайхан хэнээр ч хэлүүлэхгүй мэдэх учиртай ч ойлгодоггүй нь харамсалтай.

Г.Амартүвшин


URL:

Сэтгэгдэл бичих