Өмнөговийн цахилгаан станц тэг зогсолт хийлээ

Өмнөговьчууд мөсөн хөшөө болж мэдэх нь. Учир нь “Даланзадгад ДЦС” ТӨХК-ийн үндсэн станцын I, II зуух, турбингенератор I, II-оор хэвийн ажиллаж байгаад өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 18-нд үндсэн II турбингенератор эвдэрч зогсолт хийсэн.

Тэгвэл энэ сарын 10-ны 22:30 цагаас эхлэн тэг зогсолт хийлээ. Тэг зогсолт хийх болсон шалтгаан нь станцын зуухны галын хотлын бетон ховхорч унаснаас шлакдалт үүсч шаталтын тавцангийн үлээх соплог дарснаас болсон байна. Мөн албаныхан нүүрсний чулуулаг ихээс ширхэгийн хэмжээ томорч эвдрэл гарахад нөлөөлсөн гэж дүгнэлт гаргажээ.

Уг гэмтлийг засварлах гэхээр сэлбэг нь Монголд байхгүй аж. Иймээс ойрын хугацаанд засварлах боломжгүй хүндхэн байдалд оржээ. Нөхцөл байдалтай холбогдуулан аваарын буюу нөөц дизель станцыг хязгаарлалттай хуваариар ажиллуулж байна. Гэсэн хэдий ч иргэдийг цахилгаанаар хангах боломжгүйд хүрээд байгаа гэнэ. Эл станцыг “ПАЭС-2500″ гэдэг аж. Бидэнд ирсэн мэдээллээр нөөц дизель станц нь шатахуун их зарцуулдаг аж. Нэг цагт 1.2 тонн дизель түлш зарцуулдаг тул эдийн засгийн хувьд ч тэг зогсолт хийхэд хүрчээ.

Аймгийн хэмжээнд хөлдөх аюул нүүрлэсэнд орон нутгийнхан шуурхай арга хэмжээ авч станцын сэлбэг хэрэгслийг БНХАУ-аас авчруулахаар захиалга өгсөн байна. Одоогийн байдлаар аваарын станцаар өглөөний 08:00-11:00, оройны 18:00-22:00 цагуудад хэрэглэгчдэд цахилгаан өгч байгааг эх сурвалж хэллээ.

ӨМНӨГОВЬД БИШ ҮЗМЭРТ ТАВИГДАХ БОЛЖЭЭ

Тус аймгийн цахилгаан станцыг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар БНСУ-ын зээлийн хөрөнгөөр барих шийдвэр гаргаж байжээ. БНСУ-ын “Хьюндай Инженеринг” компани нийт 9.3 сая ам.долларын өртөгтэй төслийг хэрэгжүүлэн улмаар 2000 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгсөн түүхтэй.

“Даланзадгад дулааны цахилгаан станц” ТӨХК-ний нийт хувьцааны 41 хувийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, 39 хувийг төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам эзэмшдэг аж. Тус компани нь цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх, түгээх, хангах, дамжуулах, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх, түгээх гэсэн зургаан төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшин 20.4 тэрбум төгрөгийн үндсэн, 1.9 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Аймгийн төвийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангахаас гадна Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Булган, Номгон сумдын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчний хэрэгцээг нь хангадаг аж. Ажиллах хүрээнд 482 аж ахуйн нэгж, албан байгууллага, 5672 айл өрхийг” цахилгаан эрчим хүчээр, 177 аж ахуйн нэгж, байгууллага 768 айл өрхөд төрөөс үзүүлэх үйлчилгээг үзүүлдэг байна.

ОНЦГОЙ КОМИССЫНХОН ОНЦГОЙ Л АНХААРАХГҮЙ БОЛ ГОРЬГҮЙ НЬ ЭЭ

Өмнөговьд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн удирдлагууд болон Онцгой байдлын хэлтсээс зарим нэгэн шийдвэрлэх асуудлыг Улсын онцгой комисс, Засгийн газар болон холбогдох салбарын хэмжээнд тавьжээ. Гэсэн ч тоймтой хариу дорвитой ажил хийгдэхгүй өдийг хүрчээ. Үүнд нутгийнхан гомдоллож сууна. Нэг үгээр хэлбэл, өмнөговьчууд өнтэй биш өрөвдөлтэй өвөлжиж байна. Холбогдох албан тушаалтнуудаас өмнийн цэнхэр говийнхон тусламж хүлээж дараах хүсэлтийг тавьлаа.

Үүнд:
1. 2011 оны арваннэгдүгээр сарын 18-нд эвдэрсэн Даланзадгад ДЦС-ын II турбингенераторын засварын ажлыг богино хугацаанд хийлгэх,
2. “Даланзадгад ДЦС” ТӨХК-аас цахилгаан эрчим хүчний хэрэглээ авдаг хөдөөгийн таван сумдын нэг цагт 19-22 литр дизелийн түлш зарцуулдаг дизель моторын шатахууны зардал,
3. Нэг цагт 1.2 тонн дизель түлш зарцуулах аваарын зориулалттай “ПАЭС-2500″ станцын өглөөний 08:00-11:00, оройны 18:00-22:00 цагуудад ажиллуулахад шаардагдах шатахууны зардал,
4. Ханхонгор, Хүрмэн, Баяндалай, Булган, Номгон сумдын дизель моторыг ажиллуулахад шатахууны татан авалт, хангалтыг хэвийн явуулахад холбогдох байгууллагуудыг шаардах зэрэг саналуудыг хүргүүлж байна.

НӨӨЦ НЬ ШАВХАГДСАН НУТГИЙНХАН ХЭНД ХАНДАХ ВЭ

Өмнөговь аймгийн хэмжээнд 19 мянган хүн аж төрөн амьдарч байна. Тэгвэл иргэд цахилгаангүйн улмаас харанхуй нутагт голоо зогоож эхэллээ. Цахилгааны хязгаарлалтын улмаас эмнэлгийн үйл ажиллагаа нь ч доголдоход хүрчээ. Яаралтай хагалгаа, төрөлт гээд цахилгааны эх үүсвэр шаардлагатай зүйл олон гарна. Энэ болгонд байгаа нөөц бололцоогоо ашиглаж өвлийн хүйтнийг аргацааж байна. Өдрөөс өдөрт хүйтний эрч чангарч буй идэр гурван есд иргэд нь зутарч албан байгууллага нь хөлдөхгүй гэсэн баталгаа алга.

Эх сурвалжийн хэлж буйгаар өнгөрсөн долоо хоногт зарим газарт хөлдөлт явагдаж улмаар цаг алдалгүй засварласны үр дүнд аюулгүй болгож. Гэтэл хэдхэн хоногийн дараа станц нь нурж энэ аймагт сүйрэл гээч нь ирлээ. Салбарын сайд нь санаачилга муутай, сайрхах дуртай гишүүд нь самбаагүй ажилласнаас болж өмнийн цэнхэр говьд мөсөн хотхон сүндэрлэх вий дээ.

А.Лхагважав


URL:

Сэтгэгдэл бичих