“Aваагүй байхад авгай сайхан”

…Биднийг бага байхад ДУРЛАЛ-ыг шоолцгоодог байж. Дурласан хүүхдүүдийг “Тэр тэрэнтэй явдаг гэнэ” хэмээн шоолонгуй хэлэлцэх. Гэсэн хэрнээ хүн болгон л дурлахыг хүсэцгээнэ. Хэн нэгэнд дурлахаараа учиргүй ичиж зовон бусдаас нуух гэж аргаа л барна. Бие биетэйгээ болзож уулзахдаа хүртэл “хүн амьтан харчих вий” хэмээн сэрвэлзэн болгоомжилж, нэг л тухгүй бас ёс төдий үг хэлэлцэнэ.

Гэхдээ л хэрдээ аз жаргалтай. Хэн нэгний шоолох муулахыг сонсоод сэтгэлдээ л “өмөөрөн” хайрлана. Үнсэхдээ хүртэл ичингүйрч, сэтгэлийн гүнээс ундрах хайраа духан дээр нь “үнэрлэн” илчилнэ. Хариу талархал болгон ханхар цээжийг нь налах дор хан уул мэт түшиг, бас булгилах зүрхний “хайр буцлах” цохилтыг мэдрэгдэнэ. “Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол битгий алдаарай” гэж сургадаг ч сайхан хайр нь дэндүү олон байсан.

…Харин одоо бол ДУРЛАЛ-ыг шоу болгодог болж. Дурласан нэгнийг гоочилж шоолж, дурлуулсан түүнийг нь сонжиж шинжиж “сонгоцгооно”. Бүгдээрээ дурлахыг хүсэвч “шаналахгүйгээр”, хөнгөхөн дурлахыг зөвлөнө. Бусдаас нуун ичингүйрэх биш, бусдад гайхуулан бас атаархуулахыг хүсэцгээнэ. Сонголт олон болохоор олон “сэлгээ” болгон нь, “сайхан бүсгүй”, “сайн эр”-ийн шинжээр үнэлэгдэх. Үнсэхдээ хүртэл “дурлахгүйгээр”, хайрлахдаа хүртэл “санаа алдахгүйгээр”, сонгохдоо хүртэл “итгэхгүйгээр” дурлаж болдог болж. Бааранд эхэлсэн хайр буудалд үргэлжлэн дурлал болон өргөжих дор сэтгэл хайлан уярах нь юу л бол. Гэсэн хэрнээ бүгдээрээ л сэтгэлийн гүндээ “сайхан хайр”-ыг хайн мөрөөдөж шаналцгаана. Энэ цаг дор “сайхан хайр” дэндүү ховор болоо юу?

ДУРЛАЖ БАЙХДАА…

…Хүн дурлаж байхдаа дэндүү аз жаргалтай байдаг. Хүний сэтгэлийн гүн дэх уянгат чавхдсыг дурлал хөглөж, өөрт нь мэдрэгдэхгүй байсан хүч чадал итгэлийг дурлал мэдрүүлж, олж харахгүй байсан гоо үзэсгэлэн, гоё сайхныг дурлал харуулдаг аж. Эзэндээ захирагдахаа больсон сэтгэл түүнийг болзоонд яаруулж, ичиж зовох төрхөөр түүнийг чимж, ээрч муурах үгсээр түүнийг бахардуулж, эргэж хоргодох сэтгэлээр түүнийг шаналгана. Дурласан тэр, дуу аялан сэтгэлийн эгшигтээ хөг нэмэн, хөл нь хөнгөрөн яарах сэтгэлдээ хурд нэмэн, цаг хугацааны урсгалыг мөрөөдлөөр сөрж гагц түүн рүү л тэмүүлдэг.

Дурласан хүн түүнийгээ хэн нэгэнд бахархан ярьж, магтаалын хачрыг нэмээсэй гэж хүсдэг. Хүн болгон түүнийг анзаарч, бага зэрэг атаархангүйгээр баяр хүргээсэй гэж хүсдэг. “Сайхан бүсгүй байнаа, нүдэнд дулаахан юм” гэж хэлэхэд нь баярлаж “сэтгэл нь бүр ч илүү сайхан” гэж дуу алдахыг хүсдэг. Дотно найз нь түүний дурлалд хамтдаа баярлаж, бахдаж  байгаасай гэж хүсдэг. Дурласан түүнтэйгээ хамтдаа байхдаа ямагт “хайр гэрэлтэх” нүд рүү нь харж, мөрөөдөл хүслээр дүүрэн яриаг нь “өхөөрдөн” сонсож, зөвхөн өөрийг нь хайрлах чин сэтгэлийн “хайр”-ыг мэдрэхдээ аз жаргал гэж юу болохыг дэндүү сайхнаар мэдэрдэг.

Дэндүү жаргалтай энэ мөчүүдэд сэтгэлдээ өдөр шөнийг ч “аргамжина”. Энэ орчлон ертөнцийн олж хараагүй олон өнгийн анзааран харж гайхан, үүлтэй хэрнээ тэнгэр ямар тунгалаг уудам болохыг анзаарч, өдийг хүртэл мэдрээгүй нарны илч гэрлийн дулаанд халууцахдаа “энэ ертөнцөд хүн болж төрөх”-ийн аугаа тавиланд бахархана. Энэ л үедээ бусдад дурлаж бусдаар дурлуулж, бусдыг хайрлаж бусдаар хайрлуулахын гайхамшигт сайхныг мэдэрдэг.

ДУРЛАЛ бол хүний амьдралын хамгийн гайхамшиг. Энд ямарч ялгаварлан гадуурхах зүйл үгүй. Нас болон яс үндэстний ялгаа үгүй. Бусад олон зүйлийг “хүлж”, хориглож болдог боловч хүний сэтгэлийг хэн ч хориглож, “хүлж” чаддаггүй, чадах ч боломжгүй. Энэ тухай Т.Бум-Эрдэнийн “Юуг ч бодож болдог орчлон” нэртэй өгүүллэгт гайхам мэдрэмжтэйгээр өгүүлсэн байдаг. Хүмүүс бид энэ амьдралд бие биедээ “үхэтлээ” дурлаж, “бэтгэртлээ” санаж, “солиортлоо” тэмүүлдэг тэр л аяг аашийг дурлал л өгдөг.

Харин бие биенээ сонгож гэр бүл болсноос нилээдгүй хугацааны дараа бие биенээ гомдоон, муудалцаж маргалдах бүрдээ “тэр үедээ бид бие биенийхээ юунд тэгтлээ дурлаж, тэмүүлж байсан”-ыг гайхдаг. Жирийн хүмүүс ямар нэгэн асуудлаар маргалдан бие биедээ гомдохоос, “хайрлаж, дурлаж шаналж байсныхаа төлөө” бүр ч илүүтэйгээр гомдоно. Гомдсондоо хацар даган урсах нулимснаасаа “би тэр цагт энэ хүний юунд нь тэгтлээ дурлаж тэмүүлж байсан юм бэ?” гэж халаглан асуудаг. Гомдсондоо оволзон цохилох зүрхнээсээ “тэр цагт миний дурлаж тэмүүлж байсан тэр сайхан чанарууд хаачаа вэ?” гэж харамсан асуудаг. Олон олон гомдлын эцэст “чи намайг яах гэж хуураа вэ?” гэж цөхөрсөн сэтгэлээсээ гунигтайхан асуудаг.

ДУРГҮЙ БОЛДОГ ОЛОН ШАЛТГУУД

…Залуус бие биедээ ДУРЛАНА гэдэг, бие биенийхээ олон сайхан чанарыг олж харан нээж, түүнд нь тэмүүлдэг шалтгаан юм. Хаяадаа болзож уулзан, хамтдаа байх богинохон мөчид тэр хүний зарим сул талыг мэдрэвч дурлалдаа мансуурсан сэтгэлдээ ямагт “уучилдаг”. “Бид бие биедээ хайртай л юм чинь засарч чадна” гэж өөрийгөө аргаддаг. Хаяадаа санаанд оромгүй гаргах “муухай ааш”-ийг нь хайр энхрийллээрээ “аргадаад” өөрчилж чадна гэж өөртөө итгэдэг. “Хамтдаа л байвал бүх юм сайн сайхан болно” гэж бие биедээ амладаг.

Нэг. Бие биедээ туслахгүй байх ШАЛТАГ битгий олж бай.

…-Миний хайрт наад хувцаснуудаа эвхээд тавьчихаарай
-Миний хайрт надад хоол хийхэд туслачихгүй юм уу?
-Найз нь ядраад байна, чи энэ аяга тавгуудыг угаачихаарай
-Зурагтынхаа дууг жаахан багасгачихаач, миний толгой өвдөөд байна
-Миний хайрт энэ хувцаснуудыг угааж туслаач

Хайртынхаа хүссэнээр хувцсаа эвхээд тавих, хоолоо хийхэд нь ногоог нь хэрчээд өгөх, хоол идсэн аяга тавгаа угаахад, хүссэнээр нь зурагтынхаа дууг багасгахад, хиртэй хувцаснуудаа угаалгын машинд аваачаад хийхэд ямар хугацаа болон хөдөлмөр зарцуулна гэж бодож байна?

Ихдээд л 5-10 минут л зарцуулна. Энэ тийм ч биелүүлэхийн аргагүй хэцүү хүсэлт ч биш. Харин чи үүнийг сонсоогүй юм шиг сууж байхдаа “үгүй ер өдөржингөө гэртээ байхдаа юу хийдэг байнаа, зүгээр л сууж байгаад одоо болохоор надаар хийлгэх санаатай” гэж бодоод шаралхан сууна. Уг нь одоо босоод хийж болох ч “би байнга үүний үгээр болоод байвал дандаа хийлгэх гээд даварч мэдэх юм” гэж сэтгэлдээ “маргана”. Ажилдаа бага зэрэг ядарсандаа болоод “би ажил дээрээ зөндөө л ядарлаа, гэртээ ирээд жаахан амарч болдог юм байгаа биз дээ” гэж өөрийгөө “өмөөрнө”.

Хэрэв та анзаарсан бол хайртай хүнийхээ тавьсан саналыг биелүүлэхгүй байх ямар олон ШАЛТАГ бодож олж чаддагийг. Хайртай хүнийхээ хүсэлтийг биелүүлээгүйн улмаас хэн хэнийх нь сэтгэлд ГОМДЛЫН ГАЛ асч хэрүүл маргаанд хүрэх нь бий. Ердөө л 5 минутанд хийж болох ажлыг хийгээгүйнхээ төлөө муудалцаж хэрэлдэн 5 цаг, цаашлаад 5 өдөр болох нь ч бий. Хамгийн муухай нь, уурлаж бухимдсандаа бие биенээсээ давж гарах гэж, сэтгэлийг нь шархлуулж уурлуулах гэж хэлсэн үг болгон нь сэтгэлийн мухарт хадгалагдан үлддэг юм.

2. Бие биенээ муу муухай үгээр битгий гомдоож бай
…-Чи үүнийг хийчихэд гар чинь хугарчих гээд байна уу? Арчаагүй залхуу амьтан
-Чи гэртээ юу хийгээд суугаад байдаг юм бэ? Ядаж намайг ирэхэд үүнийгээ хийчихсэн байж чадахгүй байна уу? Би ядарч байна.
-Чи бусдыг хар, тэгээд өөрийгөө хар. Хормойгоо чирсэн амьтан л болсон байна
-Чи гэр бүлээ тэжээх үүрэгтэй биз дээ? Намайг боддоггүй юм бол үр хүүхдээ бодоход яадаг юм. Тэнэг амьтан чинь.
-За чи надтай анх танилцаж байхдаа ямар л өөдтэй амьтан байлаа

Яг үнэндээ хэрэлдэж муудалцаж байхдаа муу муухай үгсийг бие биенээ давж гарахын тулд л албаар хэлдэг. Бүр даамжирвал “танай аав ээж ах дүүс” гэхчилэн хамаатнуудаа хамруулан хэлэхдээ “хамгийн эмзэг газар нь дарж” буйдаа аархана. Үүгээр ч зогсохгүй анх танилцан дурлаж байхдаа “өхөөрдөн” уучилдаг байсан тэр чанаруудыг ч ШАЛТАГ болгон дурдаж мэдэх. Хэрэв нэг нь дуугаа хурааж орхивол, заавал уурлуулахын тулд юуг ч хэлж юу г дурдаж мэдэх. Тэнэгхэн ухаандаа нэгнийгээ багтартал нь уурлуулж чадвал ЯЛАЛТ ирэх мэтээр төсөөлдөг. Бусад хүнтэй ингэж маргалдахгүй хэрнээ хайртай хүнтэйгээ заавал ингэж муудалцдагаа анзаардаг уу? Энэ бол хайрлаж дурласан хүнийхээ өмнө “үнэ хүнд, хүч чадал”-аа хадгалж үлдэх гэсэн мунхаглал, бас дарангуйллын нэгэн хэлбэр болж болох.

Харин дараа нь эвлэрч бие биенээ аргадахдаа “Муухай үг хэлсэнд намайгаа уучлаарай, би зүгээр л санаандгүй хэлчихсэн юм. Би чамдаа хайртай шүү дээ” хэмээн учирлаж, дахиад ингэхгүйгээ “амлана”. “Үг гэдэг хүнийг сэхээж эсвэл алж болдог зэвсэг” болохоор хэдийгээр эвлэрсэн ч тэр л мөчид хайртай хүнийх нь амнаас гарч чихэнд сонсогдсон тэр үгс сэтгэлд хоногшин, сэм сэмхэн сэтгэл “хөндүүрлүүлнэ”. Харин байдал дахин дахин давтагдах аваас эвлэрэх болгонд ГОМДОЛ-ын орон зай тэлж, ИТГЭЛ аажим аажмаар алдардаг. Сэтгэлийн мухарт ихээр хуримтлагдсан ГОМДОЛ нэгэн цагт асч байсан ДУРЛАЛ-ыг эргэж хэзээ ч сэргэхгүйгээр УНТРААДАГ юм даа.

3. Бусдын өмнө хамтдаа сайхан харагдаж бай
…-Чи яагаад надад хэлэхгүйгээр дүүдээ мөнгө өгөө вэ? Надад хэлсэн бол уурлахгүй л байсан. Энэ чинь манай гэр бүлийн асуудал биз дээ.
-Чи найз нарынхаа дэргэд дандаа намайг “доош нь хийж” ичээж байх юм. Чамайг ингэхээр найзууд чинь бас л намайг “дорд” үзнэ шүү дээ
-Чи  бусдын дэргэд ярьж хэлж байгаа юмаа анхаарч бодож бай л даа, санаа зовмоор юм. Хүн дохиод байхад ч анзаарахгүй, хүмүүс чамайг шоолоод байна шүү дээ
-Чи ээжийн дэргэд уурлаад ч байгаа юм шиг муухай царайлаад зогсоод байх юм яачихаа вэ? Ээж их л дургуй байна билээ, дараа бөөн хэрүүл болно доо
-Дахиад би чамтай үдэшлэгт явахгүй, бусдад анхаарлаа хандуулаад байгаа мөртлөө намайг огт тоохгүй юм. Надаас ичээд байгаа юм уу, хаашаа юм.

Хайртай хосууд зөвхөн гэртээ хоёулхнаа амьдардаггүй болохоор найз нөхөд, ажлын газрынхан хамаатан садангууд , үзвэр үйлчилгээний газрууд гээд бусдын өмнө хамтдаа байх олон тохиолдлууд гардаг. Монголчууд бид бусдыг тэгтлээ сонжиж, тэдний тухай өөр хоорондоо сайн муугаар шүүн ярилцдаг зангаас шалтгаалан, хайртай хосууд эвгүй байдалд орж түүнээсээ болж бие биедээ гомдон муудалцах ШАЛТАГ зөндөө л гардаг. Зарим тохиолдолд хэн нэг нь аав ээж , ах дүүгээ өмөөрөн нэгнээ гомдооно.

Өөрөө л бусдын өмнө эвгүй байдалд орохгүй гэсэн “аминчхан” хүмүүжлээр хайртай хүнээ бусдын өмнө эвгүй байдалд оруулах тохиолдол зөндөө. Хүмүүс та 2-ыг хамтад нь харж дүгнэж байхад зөвхөн өөрөө л “аятай сайн” -аар харагдаж үнэлэгдэхийг хүснэ гэдэг ТЭНЭГЛЭЛ. Харин хамтдаа сайхан харагдаж, бусдад сайхнаар үнэлэгдэнэ гэдэг зөвхөн таны бус танай гэр бүлийн нэр төрийн хэрэг байдаг.

ЗАЛУУСТ ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ

Энэ л амьдралын гэрэл гэгээ, баяр баясгалан, аз жаргалыг авчирдаг зүйл нь ДУРЛАЛ юм. Хүмүүс хэн нэгнийг ХАЙРЛАЖ болох боловч гагц нэгэнд чин сэтгэлээсээ дурлаж байж л ГЭР БҮЛ болдог. Гэр бүл болсноор чиний эрх тань багасаж, үүрэг хариуцлага тань нэмэгдэж байгаа хэрэг. Үүнийг дааж явж чадах эсэхээ ямагт өөрөөсөө асууж бай. Гэр бүлийн ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА-аа дааж явах тэнхээтэй үедээ ГЭР БҮЛ-ээ босговол илүү бат бөх байх болно.

ХАЙРандаа мансуурч, ДУРЛАЛдаа умбаж явах цаг дор чамд олон асуултууд тулгардаг. Заримдаа гомдож цөхрөх нь бий. Заримдаа баярлаж бахдах нь ч бий. Харин бид та нарт үүнийг хэлж сануулж чаддаггүйд бидний буруу бий. ХАЙР ДУРЛАЛ, АМЬДРАЛД нарийн жор байдаггүй ч ТУРШЛАГА гэж байдаг. Заавал бүгдийг дагах албагүй ч өөртөө хэрэг болох нэгэн санааг олж авч байгтун. Бас хайж байсан асуултынхаа хариуг олж мэдэж байгтун. Найз нартаа ч хэлж сануулж, бас тусалж байгтун.

Дэлхий даяаршиж буй өнөө цагт, монголчууд минь гадаад ертөнцөд нэвтрэн сэлгүүцэж буй энэ цагт маш олон гэр бүлүүд салж, олон залуус учраа олохгүй тэвдэж л байгаа. Заримдаа хэн нэгэн “Энэ ертөнцөд сайхан хайр гэж байдаг юм уу?” хэмээн дуу алдаж байгаа. ДУРЛАЛыг зугаа цэнгэл гэж, ХАЙРыг хөгжилтэй наргиан гэж үздэг монгол залуус олширч байгаад л бид илүү санаа зовж байгаа хэрэг. Маш энгийнээр ойлголцож болох олон асуудлыг бид өөрсдөө “хүндрүүлэн” бие биенээ зовоож байна.

Яг үнэхээр сайн ухаарч харах юм бол бид бие биенээ гомдоох ШАЛТАГ-аа өөрсдөө эхлэж олж, түүнийгээ дагаад байгаад байгаа юм. Хэрэв бие биендээ үнэхээр хайртай л бол ердөө цаг хүрэхгүй хугацаанд гэрийн ажлаа хамтдаа хийж болно. Тэгвэл бие биенээ улам ихээр хайрлаж, хамтдаа эрхлэх цаг тань нэмэгдэнэ. Хэрэв бие биедээ үнэхээр хайртай л бол муудалцаж маргалдахаас зайлсхийж болно. Нэг нь уурлаад байвал нөгөө нь тэвчээртэй хүлээж, уурыг нь гарахаар тайван ярилцаж болно. Хэрэв бие биедээ үнэхээр хайртай л бол бусдын өмнө бие биенээ магтаж, чин сэтгэлээсээ хайрлан энхрийлж болно. Бие биенийхээ сайхан чанарыг ямагт “сануулан магтаж”, байнга сэргээж байх нь бие биенээсээ “уйдахгүй” байх нэгэн шалтаг.

Заримдаа муудалцаад бие биендээ гомдон орхиж оддог. Бие биенээсээ хол байх мөчдөө “тэр минь надад ямар их хэрэгтэй, үгүйлэгдэж байгааг, би түүнд ямар их хэрэгтэй бас үгүйлэгдэж байгаа”-г мэдрэх юм бол уучилж бай. Эвлэрэх бүрдээ амласнаа биелүүлж бай. Амаргүй байсан ч заавал хичээж бай. Энэ бол та 2-ын л амьдрал болохоор бусдын тусламж дэмжлэггүйгээр өөрсдийн  зүрх зүрхээ чагнан байж “учраа олж ” байвал юутай сайн. Монголчууд бидний өрх гэр болгон бат бөх амгалан тайван байвал, Монгол орон минь бат бөх амгалан тайван байх болноо.

ЗАЛУУС МИНЬ БИЕ БИЕНЭЭ ГОМДООХ ШАЛТГИЙГ Л БҮҮ ОЛЖ БАЙ!

Г.Галбадрах gala_mn@yahoo.com


URL:

Сэтгэгдэл бичих