НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ НЭГ ХҮНИЙ ӨМЧ БИШ
Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон зүйлсийн нэг нь авто зогсоол. Мэдээж ажил төрөл, амьдрал ахуйгаа зохицуулахад автомашин шиг хэрэгтэй зүйл үгүй. Гэвч захын нэг үйлчилгээний болоод албан газар, төрийн байгууллагын гадаа автомашин тавих зогсоол асуудал үүсгэнэ. Жолооч нар зогсоол хайж тойрсоор хамаг цагаа барна. Түүнээсээ болж бухимдана. Ингээд л хаа дуртай газраа машинаа байрлуулчихаад хар эрчээрээ алга болно. Мэдээж машиныг нь аччихвий гэсэн айдастай. Гайгүйхэн шиг газар бараадуулаад байрлуулбал төлбөртэй зогсоол болчихно. 30 хүрэхгүй минут машинаа тавилаа гэж бодоход 500-1,000 төгрөгөөр хэмжигдэнэ.
Хэн дуртай нь хаа сайгүй жижигхэн алга дарам газрыг хашиж аваад, амбаар барьчихаад төлбөртэй зогсоол болгочихсон. Уг асуудалд анхаарлаа хандуулж, хууль бусаар зогсоолын үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага тооцож журамлах цаг болсон мэт. Ийн нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлдэг төлбөртэй зогсоолуудын талаар сурвалжиллаа. Сүхбаатарын талбайн урд хэсгийн 200 автомашины зогсоолоор очиж цагийн үнийг асуухад постоос шар хантааз өмссөн эгч гарч ирээд “Яах гэж байгаа юм” хэмээн асуув. Тус зогсоолын тарифыг асуухад Тун дурамчханаар “Манайх цагийн 1,000 төгрөгөөр автомашин зогсоодог” гэв.
Өдрийн орлогыг нь асуутал “Хаанаас яваа юм. Яах гэж байна” зэрэг асуулт тавина. Би юм хэлсэнгүй явж одов. Замын тэмдэг, тэмдэглэгээ, борооны ус зайлуулах хоолой, шугам гэрэлтүүлэг, сандал явган хүний зам гэх мэт олон улсын стандартад нийцсэн сайхан авто зогсоолтой боллоо гэж нийслэлчүүд сэтгэл тэнэгэр байсан цаг саяхан. Гэтэл төд удалгүй орсон, гарсан машин бүрээс төлбөр авч эхэлжээ. Энэ байж болох зүйл үү. Бид хэзээ сэтгэлд нийцсэн автомашины парктай болох вэ. Тус зогсоолоор үйлчлүүлсэн жолооч нарын байр суурийг сонсоход тэд ийн ярьсан юм.
ЮМ БОЛГОН ДЭЭР АШИГ ХОНЖОО ХАРАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Х.Чулуунбадрах (БГД-ийн иргэн) -Улс эх орон хөгжөөд байна гэх юм. Би тэр хөгжлийг нь огт олж харахгүй л байна. Юм болгон дээр ашиг харах юм, болих хэрэгтэй. Наад зах нь л нэг автомашины зогсоол дээр хүртэл хонжоо харна. Энэ чинь анх байгуулагдахдаа нийтийн эзэмшлийн авто зогсоол гэж баригдсан. Гэтэл одоо хувьчилж аваад мөнгө олох хэрэгсэл болгож байна. Нийслэл хотод машины зогсоол үнэхээр дутмаг. Яагаад автомашиныхаа зогсоолыг цогцоор нь шийдчихэж чадахгүй байгаа юм. Ийм байхад яаж замын түгжрэл буурах вэ.
ХЭДХЭН МИНУТ ЗОГСООД ГАРАХАД Л ЦАГИЙН МӨНГӨӨ ГҮЙЦЭЭЖ ӨГ ГЭЭД ХААЛТАА ХААГААД ЗОГСООЧИХДОГ
С.Оюунгэрэл (СБД-ийн иргэн) -Энэ зогсоол бол бүх нийтийн зогсоол. Үүнийг яагаад, ямар эрх мэдэлтэн төлбөртэй зогсоол болгочихов. Уваагүй үйлдлээ болих хэрэгтэй. Жолооч бид нарын хамгийн том асуудал энэ. Бид нэг газраар ороод гарах болгондоо төлбөртэй зогсоол дээр машинаа байршуулна. Тэгэхээс ч өөр арга алга. Эгч нь сая энэ зогсоолд ороод удсангүй. Гэтэл надаас 1,000 төгрөг авлаа. Би учирлаж хэллээ. “Орж зогсоод ойрхон МҮЭ-ийн хороо орчихоод ирлээ 30 минут ч болоогүй байна”. Гэтэл нэхсээр байгаад 1,000 төгрөг авах юм. “500 төгрөг байна” гэсэн “Авахгүй” гэнэ. “Төлбөрөө гүйцээж өг. Аль эсвэл гаргахгүй шүү гээд хаалтаа нээж өгдөггүй юм даа” хэмээн учирлав. Талбайн урд талын зогсоолоор үйлчлүүлсэн жолооч нар үгээ барж ядан байсан юм.
АВТО ЗОГСООЛУУД ДУНДЖААР 150 МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАДАГ
Спортын төв ордны ойролцоох зогсоолд очиход хаалт татсан “Төлбөртэй” гэх пайз хадсан байх нь тэр. Мөн л үнийг нь асуухад “Нэг цагийн 1,000 төгрөг” гэлээ. 30 орчим насны эрэгтэй орж, гарч буй машинуудаас мөнгө авч энгэр лүүгээ хийгээд өнөөх тасалбараа тасдаж өгөх нь харагдана. Түүнээс зогсоол хэний эзэмшлийнх, өдөрт хэд орчим төгрөг олдог талаар асуухад “Би мэдэхгүй. Манай даргаас асуу” гээд халгаасангүй. Цаанаас нэг настай ах гарч ирэхэд нь түүнээс ашиг хэр байдаг талаар лавлахад “Өдөрт дунджаар 150 мянган төгрөгийн орлого олдог. Гэхдээ энэ бол тогтсон орлого биш. Мэдээж өдөр бүр өөр. Баярын өдрүүдэд бол ачаалал ихтэй учраас орлого арвин. Манайх нэг жил гаруй хугацаанд зогсоол ажиллуулж байгаа.
Нийслэлийн автозамын газартай гэрээтэй, ажиллах зөвшөөрөлтэй. Бид хэдий төлбөртэй зогсоол ажиллуулж байгаа ч гэсэн нийт орлогынхоо 60 хувийг замын санд төвлөрүүлдэг. 40 хувиар нь бусад асуудлаа шийднэ дээ” гэв. Тус зогсоолд орох гэсэн жолооч нар “Зай байна уу” гэж ар араасаа цувна. Тэдний нэг ийн хэллээ ”Бид чинь энд, тэнд зай гарвал зогсчих гэхээр машиныг минь ачаад явчихна. Гайгүй зогсоол гарчих болов уу гэж горьдоод зам дагуу зогсоод хүлээх гэхээр цагдаа нар ирээд хөөгөөд байдаг. Сая гэхэд л би автобусны буудлаас хөөгдөөд арга ядаад энэ зогсоол руу орж ирлээ. Уг нь зам таглаж, нийтийн тээврийн хөдөлгөөнд саад болох хуулиндаа хориотой л доо.
Гэхдээ зогсоолынхоо асуудлыг шийдчихвэл хэн, хэндээ амар юм уу даа. Ийм байхад төлбөртэй зогсоолд тавихаас өөр яалтай билээ. Хаашаа л харна бөөн мөнгө болж дээ. Машины зогсоолд өдөрт доод тал нь 4,000-5,000 төгрөг зарцуулдаг” гэсэн юм. Хөл хөдөлгөөн багатай Хотын A зэрэглэлд автомашины зогсоолын үнэ ханш ийм байсан юм. Харин бид олон нийтийн үйлчлүүлдэг зах худалдааны төвийн зогсоолууд ямар байдаг талаар судлахаар “Бөмбөгөр” худалдааны төвийг зорив. “Бөмбөгөр” зах тус бүртээ авто зогсоолтой аж. Тус захын хойхноо нь зогсоолын төлбөр авч буй эмэгтэйтэй таарлаа. Хэсэг ажиглан зогстол орсон, гарсан машиныг алгасахгүй “Мөнгөө төлөөрэй” гээд цонхыг тогшин гүйнэ.
Тэрбээр гартаа тасалбар барьсан байвч түүнийгээ жолооч нарт өгөлгүйгээр мөнгөө хурааж байлаа. Зарим жолооч нараас бүр гурав, дөрвөн цагаар зогссон гээд 4,000 төгрөг нэхнэ. Жолооч учрыг нь тодруулж “Яагаад хоёр цаг гаран зогссон байхад 4,000 төгрөг нэхдэг байна” гэсээр явна. Зогсоол хариуцсан эмэгтэй дээр очин “Танайх хувь хүн үү, байгууллага уу” гэхэд “Хувь хүн” гэсэн юм. Өдөрт хэдэн төгрөгийн ашигтай ажилладгийг нь ч лавлалаа. “200-300 мянган төгрөгийн орлоготой” гэв. Урт цагааны урд талбайг төлбөртэй зогсоол болгон ашиглаад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Зөвшөөрөлтэй эсэхийг нь асуухад төлбөр хураагч залуу дуугарсангүй.
Тус зогсоол нь автомашинуудаа баруун талаараа оруулж, зүүн талаараа гаргадаг аж. Ингэхдээ мөн л цаг тутамд 1,000 төгрөгийн хураамж авна. Энэ мэт нийслэл хотод зөвшөөрөлтэй үгүй нь мэдэгдэхгүй автомашины зогсоол тоймгүй байх юм. Эдгээр зогсоол эрхлэгчдийн бай нь мэдээж жолооч нар. Ганц нэг газар журмаа мөрдөж харагдана. Ер нь зөвшөөрөлтэй гэх авто зогсоол эзэмшигчдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй мэт. Наад зах нь зогсоолуудад камержуулалт маш чухал. Камергүй газар машинаа байрлуулчихаад шүргүүлчихдэг аль эсвэл машиныхаа эд ангийг хулгайд алдах гэх мэт эрсдэл гарах нь элбэг. Жолооч өөрөө хохироод үлддэг асуудал цөөнгүй бий. Иймд авто зогсоол эрхлэгчид дүрэм журам, стандартаа сайтар мөрдөж чадаж байгаа эсэх нь мөн л яригдах асуудал. Нийслэлд 2009 оноос эхлэн төлбөртэй зогсоол байгуулах асуу-дал хөндөгдсөн.
Өдгөө үйлчилгээ явуулдаг байгууллага өөрсдийн эзэмшлийн талбайгаа хүртэл авто зогсоол хэлбэрээр ашиглах болж. Тухайн байгууллагаар үйлчлүүлэх гээд ороод, гарах төдийд мөнгө төлнө. Яваа яваандаа автомашины зогсоол нь мөнгө олох сонирхолтой хүмүүсийн өмнөө барьдаг шийдэл болж гэхэд хилсдэхгүй юм. Зөвшөөрөлтэй зогсоолууд ч аргаа олж. Харин зөвшөөрөлгүй зогсоолууд нийслэлийн автозамын санд ямар нэгэн хураамж төлдөггүй. Жолооч нарын зогсоолын зовлонгоор далимдуулан амандаа орсон үнээ хэлж байх жишээтэй. Иймд зөвшөөрөлгүй авто зогсоолын үйлчилгээ эрхэлдэг байгууллага, хувь хүнд ямар хариуцлага тооцох цаашлаад энэ асуудал дээр хэрхэн анхаарах талаар албаны хүмүүсээс тодруулсан юм.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, ТӨЛБӨРТЭЙ АВТО ЗОГСООЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛБЭЛ 500 МЯНГААС ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Б.Отгонцэнгэл (НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар геодези, зураг зүй хяналтын улсын байцаагч) -Нийслэлийн авто замын хөгжлийн газраас “Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 15 байршилд шалгалт явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг НМХГ-т ирүүлсэн. Үүний дагуу хяналт шалгалтын ажлыг хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ хугацаанд зөвшөөрөлгүй авто зогсоолын үйлчилгээ эрхэлсэн хоёр тохиолдлыг илрүүлж торгуулийн арга хэмжээ аваад байна. Авто зогсоолын үнийн тарифыг журмаар зохицуулж өгсөн байгаа. Тиймээс гадуур авто зогсоол эрхлэгчид тэр тарифаар л үйлчлэх ёстой. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ямар нэгэн байдлаар нийтийн эзэмшлийн газрыг ашигласан тохиолдолд иргэнийг 500 мянга, аж ахуй нэгжийг таван сая төгрөгөөр торгодог гэлээ.
АВТО ЗОГСООЛЫН ХУУЛЬТАЙ БОЛНО
Ө.Төрбат (Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дотоод хяналтын мэргэжилтэн) Нийслэлийн автозамын хөгжлийн газрын төлөвлөлт, дотоод хяналтын мэргэжилтэн Ө.Төрбат хэлэхдээ, “Иргэдийн хурлын тогтоол нийтийн эзэмшлийнхээр гарчихсан. Цаашдаа зогсоолын тухай хууль гаргая гэсэн саналыг хүргүүлсэн. Энэ хууль батлагдвал нийтийн эзэмшил болоод өөрийн эзэмшлийн талбайд зогсоол эрхлэх тухай журам батлагдана” гэв. Нийслэлийн хэмжээнд 46 төлбөртэй зогсоол байдаг. Зөвхөн зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулж буй газруудад зогсоолын төлбөр өгөх ёстой.
Харин зөвшөөрөлгүй зогсоолд мөнгө төлөх шаардлагагүй аж. Өөрөөр хэлбэл үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй. Автозамын хөгжлийн газартай гэрээтэй ажилладаг байгууллагуудын тухайд таних тэмдэг бүхий самбар, хувцас хэрэглэл, замын тэмдэг тэмдэглэгээ зэрэг стандартыг зайлшгүй мөрдөх шаардлагатай аж. Харин авто зогсоолын үйлчилгээ эрхэлдэг газруудын олонх нь энэ таних тэмдгийн стандарт ажиглагдсангүй. Иймд стандарт дүрэм журмаа мөрддөггүй, цаашлаад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлдэг авто зогсоолуудыг торгох биш, үйл ажиллагааг нь таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм шиг. Энэ асуудалд НМХГ, Нийслэлийн автозам хөгжлийн газраас илүү нухацтай хандаж хариуцдагийг хатуу тооцдог болмоор…
Эх сурвалж:
URL: