СҮРЬЕЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГА

Bacille Calmette Guerin (BCG) буюу БЦЖ нь сүрьеэгийн эсрэг хийгдэж буй цорын ганц вакцин бөгөөд хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс сэргийлэхэд нэн чухал. Сүрьеэ өвчний үүсгэгч Микробактери-ийн хоруу чанарыг алдагдуулан БЦЖ вакциныг гарган авдаг.

Анх 1921 оноос эхлэн сүрьеэ өвчнөөс сэргийлэх зорилгоор нярай хүүхдүүдэд хэрэглэж эхэлсэн. Дархлаа суларсан, дархлаа дарангуйлагдсан өвчтөнд уг вакциныг хийсэн тохиолдолд сүрьеэгээр өвчлөх магадлалтай. Дархлаа сайтай эрүүл хүмүүст ч вакцин хийлгэсний дараагаар хэсэг газрын хариу урвал маягаар уг хэсэгт шархалж болно.

Вакциныг нярайг төрсний дараа 24 цагийн дотор эсрэг заалт байгаа эсэхийг тодруулсны дараа бэлтгэгдсэн сувилагч тарьж, эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэнэ. Вакцин хийгдээгүй бол шалтгааныг зааж өгдөг.

Тарилгын дараа 2-3 долоо хоногийн дотор цэврүүнцэр үүсч, зургаан долоо хоногийн дараа ойролцоогоор 5 мм хэмжээтэй шархалж, гурван долоо хоногийн дотор эдгэрэн байнгын сорив үүсэх нь тарлигын дараа үүсэх хэвийн урвал юм.

Эсрэг заалт: Дутуу төрсөн II-IV зэрэг, ургийн тураал II-IV зэрэг, ургийн халдвар, идээт-үжил өвчин, нярайн цус задрах өвчин (дунд-хүнд, хүнд хэлбэр), түгээмэл хэлбэрийн арьсны гэмтэл, хурч өвчин, гэр бүлийн сүрьеэгийн хавьтлын анамнез, төрөх үеийн тархи нугасны гэмтэл, гаж хөгжил

Нөхөн дархлаажуулалт: Нярайд хийсэн БЦЖ вакцины анхны тунгийн үр дүнг нэг, гурав,12 сартайд нь вакцины урвалын байдал (гүвдрүү, шархлаа, сорви), хэмжээгээр нь үнэлэн эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэж, хэрэв сорви үлдээгүй бол туберкулины сорил тавьж, сөрөг тохиолдолд нөхөн дархлаажуулна.

Төрсний дараа 24 цагийн дотор хориглох заалтаар БЦЖ вакцин хийлгээгүй хүүхдэд, хориглох заалт арилсны дараа туберкулины сорил тавьж нөхөн дархлаажуулна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих