Өмд тайлсан хэрэг буюу есөн жилийн ял

297

Шоронгоос Б.Дашзэвэг найз маань захиа ирүүлжээ. Б.Дашзэвэг гэдэг маань өнөөх л орой болгон телевизээр ярьж байдаг, олны танил Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, доктор профессор Бизъяагийн Дашзэвэг шүү дээ. Тэрбээр өнөөдөр далан хэдэн насандаа өргөст торны цаана сууж байгаа юм. Яаж зовж шаналж сууж байгаагаа Б.Дашзэвэг найз маань бичсэн байна. Ердөө л хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн хөрч хөлдөх шахсан өвдгийг дулаацуулахаар өмдийг нь тайлсан “хэрэг” шүү дээ. Монголын шүүх түүнд есөн жилийн ял халдаасан юм. Дээд шүүх гурван жил болгосон.

Гадаа хаврын урь орсон ч хүйтний эрч буугаагүй  л байна. Муу нөхөр минь шоронгийн мухарт, энэ хүйтэн орчлонд яаж зовж шаналж байгаа бол гэхээс элдвийн зүйл сэтгэлд орж ирэх юм даа. Б.Дашзэвэг найзыгаа би сайн мэднэ. Сэтгүүлзүйн өнөр бүлд бараг нэгэн үед багтсан учраас зан чанар, амьдрал уран бүтээлийг нь би мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. Монголыг дэлхийд таниулахаар зүтгэж ирсэн цөөн хэдэн сэтгүүлчийн нэг. НҮБ–ын хуралдааны их танхимаас, НАТО–гийн төв штаб, Варшавын гэрээний байгууллага, үе үеийн олимпын наадмаас, Сансарын хөлгийн гарааны талбайгаас, олон улсын уулзалт ярианы танхимуудаас хэн сурвалжилж, бидэнд хүргэж байлаа даа. Тэр хүн бол Б.Дашзэвэг. Тэр зөвхөн сэтгүүлч биш, “Ай даа хүмүүс минь амьдрах сайхан, Амьдын хорвоо доо энэ л үнэн шүү…” гэхчилэн олон арван шүлэг, дууны үг бичсэн нэртэй зохиолч билээ. Өнөөх “Амьдрах сайхан хорвоо”-доо өнөөдөр өргөст торны цаана сууж байна гэхээр хэний ч сэтгэл хямармаар л юм даа. Б.Дашзэвэг маань болсон явдлыг захидалдаа дэлгэрэнгүй бичжээ. Цас бороо хольж орсон тэр нэгэн жихүүн өдөр Шадивлангийн зусландаа очсон гэнэ. Ахмадын баярын өдөр, олон жил айл аймаг явсан н.Батмөнх сахиулындаа очингоо зуслангаа эргэж, цэвэр агаар амьсгалсан аж. Нөхдүүд баярын өдөр уулзсаных нэг шил юм задалж хүртсэн гэнэ. Б.Дашзэвэг бол ямар ч үед, төрийн хүлээн авалтад ч гурваас илүү хундага уудаггүй хүн л дээ.

Тэр л зарчмаа барьсан аж. Энэ үед зуслангийнх нь хашаанд үхэр орж ирснийг н.Батмөнх хөгжлийн бэрхшээлтэй охин гурвуулаа хөөж гаргахаар цас бороон дундуур нэлээн хөөцөлдсөн юм билээ. Бүгдээрээ л их өвсөн дунд өвдөгнөөс доош норчихоод чичирч байсан гэдэг юм. Б.Дашзэвэг маань эмэгтэйг гэрт нь дулаан газар оруулаад гутал өмдийг нь тайлах гэсэн чинь хөл нь шагайгаараа эргэчихсэн учир доошоо тайлж болсонгүй. Тэгэхээр өмдийг нь дээрээс нь тайлж норсон өвдгийг нь дулаацуулах гэтэл н.Батмөнх ороод ирж. Тэрбээр нэлээд халмаг байсан учир “Охины өмд тайллаа. Хүчирхийлэх гэсэн” гэж маргалджээ. Далимдуулаад Б.Дашзэвэгээс архины мөнгө нэхсэн гэнэ. Болсон явдал ердөө л энэ. Б.Дашзэвэгийн бичсэнээр бол эмэгтэйг хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан зүйл ердөө байхгүй. Өмдийг нь тайлж, өвдгийг нь дулаацуулах гэсэн л буруутай юм билээ. Үүнээс хэд хоногийн дараа ирсэн чинь н.Батмөнх том охиндоо хэлээд, охин нь хууль хяналтын байгууллагад хандаад, шүүх цагдаа тэр доор нь шийдэж, сэтгүүлчийг есөн жил хорих ялаар шийтгэдэг байгаа. н.Батмөнхийнхөн, оройтсон хойно нь гэмшсэн гэсээн. н.Батмөнх, шүүх хурлын шийдвэрийг сонсоод “Өндөр настай Дашка ах яаж амьд гарах вэ.

Би наана нь үхэх хэрэгтэй, хүний нүүр харах арга алга” гэж үглэсээр гэртээ боож амиа хорлосон аж. н.Батмөнхийн том охин Б.Пагма нь “Аавын хэл гэснээр л би мэдүүлж ярьсан. Дашка ах, дүүгийн өмдийг шувталсан гэдэг ч худал байх гэж би боддог. Бид Дашка ахыг сайн мэднэ ээ” гэх мэтээр гэмшин ярьж байсан гэнэ. Болсон явдал ердөө л энэ. Тэгээд шүүгч “Хүчирхийлэхийг завдсан” гэдэг зүйл ангиар есөн жилийн ял оноож, Дээд шатных нь шүүх гурван жил болгосон.  Б.Дашзэвэгийнхээ шоронгоос бичсэн захиа шүлгүүдийг өмнөө тавьчихаад элдвийн зүйл бодож сууна. Өмд тайлсан хэрэг, миний хувьд сонссон хоёр дахь хэрэг юм. Оюутан ахуй цагтаа зуны амралтаар нутагтаа очсон чинь “өмд тайлсан хэрэг” ид шуугиж байлаа. Манай Сайншандад эрэгтэй хүний дансанд явдаг боловч яг эмэгтэй хүн шиг хувцасладаг, үг яриа, намба төрх нь эмэгтэйрхүү хоёр хүн байсан юм. Манай сургуулийн дүрсгүй багачуул нэгнийх нь өмдийг тайлж харчихаад зугтаачихсан юмсанж. Энэ шуугиан хэдэн сар үргэлжлээд, дунд сургуулийн захирал нөгөө хүүхдүүдийг тушаалаар донгодоод л өнгөрсөн. Өмд тайлсан хоёр дахь тохиолдол энэ. Надад бол арай л ахадсан шийтгэл шиг бодогдоод байгаа юм. Би Б.Дашзэвэг андыгаа арван хуруу шигээ мэднэ.

Юм үзэж, нүд тайлсан сайхан залуу байсан. Тийм насандаа өмд гутлын хэрэгт холбогдоогүй анд маань дал хол гарчихаад, эцгийнх нь дэргэд, хөгжлийн бэрхшээлтэй охиныг нь хүчирхийлэх гэж баймааргүй л юм даа. Харин, их өрөвч зөөлөн сэтгэлтэй, хэнд л бол тус болох гэж явдаг, цагаан цайлган сэтгэлтэй хүн гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Харамсмаар явдал болоход хамгийн түрүүнд л Б.Дашзэвэг маань хөдөлж байдаг л даа. Тэгээд ч, эмэгтэйн хөрч хөлдөх шахсан өвдөг шилбийг дулаацуулах гэсэн бол уу гэж бодож сууна. Шүүх хуралд гол гэрч н.Батмөнхийг яагаад биеэр нь оролцуулаагүй юм бол, тухайн үед байгаагүй том охиных нь мэдүүлгээр яагаад шийдэж байгаа юм бол, гол хариуцагч эмэгтэйг шүүх хуралд оролцуулсан уу, үгүй юу, тэр хүн юу гэж мэдүүлдэг юм бол гэсэн олон асуудал бүдэг, бүүдгэр л байх юм. Би бас, шүүх прокурорынхонд Б.Дашзэвэгээр шүүмжлүүлж байсан ч юмуу, хувийн өш хонзонтой хүн нөлөөлсөн биш байгаа даа гэх мэтээр янз бүрээр л бодох юм даа. Чухам үнэн бол Дашзэвэг маань бидний л адил ядуу сэтгүүлч. Хууль шүүхийнхэнд бэлэн аваад өгчих мөнгө төгрөг байхгүй.

Тэгээд л “шоронгийн хадаас” боллоо гэх хүн олон таарч байна.Ер нь шүүх прокурор гэдэг хүчингийн хэрэгт, яг Б.Дашзэвэгт хандсан шигээ чанга хатуу хандаж байгаа юу гэдгийг сонирхож байгаа юм. Өнгөрсөн онд хүчингийн гэмт хэргийн 376 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байх юм. Үүний зөвхөн 51 хувь нь шүүхээр шийдэгдсэн байна. 49 хувьд нь ямар нэг шийтгэлгүй ял завшаад өнгөрчээ. Ер нь ийм төрлийн хэрэг жилд дунджаар 300 гаруй л гардаг юм байна. Шийдвэрлэлт нь дунджаар 47 хувьтай байдаг аж. Энэ 47 хувьд л Б.Дашзэвэгийн есөн жилийн ялтай хэрэг явж байх юм. Цаад 53 хувь нь яасан бэ. Дандаа их мөнгөтэй баячууд, хуулийнхны танил тал, өндөр дээд албан тушаалтнууд байсан уу. Ийм л асуулт өөрийн эрхгүй тавигдаж байгаа. Намайг гүтгэлээ барилаа гэж заргалдаж магадгүй.  Өмнөө байгаа энэ олон баримтаас би хоёрхоныг авъя. УИХ–ын хоёр гишүүн эмэгтэй хүн хүчиндсэн, эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэн тэр байтугай хөнгөн гэмтэл учруулсан гэж хичнээн сар жилээр яригдав даа. Бараг л телевиз нээх болгонд энэ хүчингийн хэргийг ярьдаг байлаа. Салтаа саамаа ил гаргачихсан, шалдан нүцгэн хүний зураг гардаг байлаа. Өнөөдөр тэд ямар ч ял эдлээгүй, зүгээр л явцгааж байгаа.

Тэгэхэд далан хэдэн настай зохиолч сэтгүүлч өвгөн “өмд тайлах” хэргээр шоронгийн мухарт хоригдож байдаг, сонин байгаа биз. Өөр нэг баримт авъя. “Очир” төвийн аллага гэж аймшигтай хэрэг гарсан. Хувийн баар цэнгээний газарт бүлэг алуурчид 13 настай охинд архи цутган өгч, согтоогоод хүчиндэж хөнөөжээ. Үүнийг хууль шүүхийнхэн олон сар мартагнуулж байгаад саяхан шийдэж, алуурчин хоёр залууг бүх насаар нь хорихоор шийтгэлээ. Давж заалдсан ч тусыг эс олов. Цааз ялыг устгасан болохоор энэ хоёрт бол таарч тохирох ялыг нь өглөө гэж олон түмэн баяртай байгаа. Гэвч энэ хэрэгт хардлага дагуулсан олон зүйл бий. Эхлээд алуурчдыг гурван хүн байсан гэж сонинд гарсан. Нэг нь тэр доороо гадаадад оргон гарсан гэж мэдээлсэн. Тэр хүн яасан бэ. Хэн нэг дарга даамлын хүүхэд, гол алуурчныг нь гадаадад гаргачихаад үлдсэн хоёрыг нь яллаж байгаа юм биш байгаа даа гэсэн хардлага хүмүүсийн дунд байсаар л байгаа. Нөгөө нэг тал нь “Очир” төв. “Очир” төвийг хааж удирдлагыг нь ялал гэж олон түмэн шаардаад байгаа. Хөзөр даалуу тоглуулчихсан айлыг мөрийтэй тоглоомын байр бэлдсэн гээд шийтгэж байгаа.

Тэгтэл ямар ч хяналтгүйгээр согтууруулах ундаа борлуулж аймшигтай аллага үйлдэхэд хүргэсэн “Очир” төв буруугүй юу. Үүнийг хэн хамгаалаад удирдлагыг нь ял шийтгэлгүй өнгөрөөж байгаа юм. “Ард нь УИХ-ын гишүүн байгаа” гэж баахан бичигдсэн. Хэрэв тийм бол тэр хүмүүст яагаад ял халдааж болоогүй юм гээд хүчингийн хэрэгтэй холбоотой асар олон хэрэг хуулийн байгууллагынхны хуйвалдаанаар дарагдаж байна. Тэгэхэд, ухаан санаа нь орон гаран болсон, хөөрхий нэг өвгөнийг хүчингийн хэрэгт холбогдуулж есөн жилийн ял тулгачихаад сууж байгаа шүүх прокуроруудыг харахаар дэндүү алагчлал харагдаад байх юм. Монголын нэрт зохиолч сэтгүүлч Б.Дашзэвэг маань энэ хатуу хүндийг даалгүй шоронд үхэх байх л даа. Тэгээд ч үхэхийн өмнө надад захидал бичиж, шүлэг зохиолоо явуулсан болов уу. Одоогоос нэгэн жарны өмнө миний найз Тангадын Галсан “Арвай хээр” найраглалдаа “Өнгө мөнгө хоёр, үнээ хэзээ алдах бол. Өөдгүй хуурамч сэтгэлийн үр хэзээ тасрах бол” хэмээн бичиж байсансан. Тэгсэн чинь өнөөдөр “өнгө мөнгө” хоёр улам үнэд орж, “өөдгүй хуурамч сэтгэл” улам хүчээ авлаа.

Эх сурвалж: www.Dardas.mn


URL:

Сэтгэгдэл бичих