“АСЕМ Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь Туул гол руу цутгаж хөлджээ
БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар иргэд нь холбогдох газруудад гомдол гаргажээ. Гомдлын дагуу БЗД-ын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл нар нөхцөл байдалтай очиж танилцсан байна.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа “Скай ресорт”, “Асем Вилла”-ын барилгуудын бохирын ус хальж Туул голтой нийлсэн гомдлын талаар газар дээр нь ирж танилцлаа. Бохирын ус хоёр талаараа Туул голтой нийлсэн байгаа тул мэргэжлийн байгууллагууд яаралтай арга хэмжээ авна уу” гэжээ.
Тодруулбал, энэ сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдсан байна. Тиймээс “Асем вилла” цогцолборын хойд хэсэгт инженер, техникийн ажилчид овоорч хөлдсөн мөсийг хоёр өдөр цэвэрлэж арилгахаар ажиллаж байна.
Уг хотхон нь одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил хийхдээ төвийн шугамд холбогдсон байхаар зохицуулалт хийсэн юм байна. Гэтэл өнгөрсөн оны намраас тус газарт хөрсний усны бохирдол их байна гэх шалтгаанаар УСУГ-аас бохирын шугамыг хязгаарлажээ. Дараа нь хотхоны бохирыг соруулах зохицуулалтыг хийжээ.
Улмаар төвийн шугамд холбох асуудлыг өвөл хийх байсан ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өдийг хүртэл холбоогүй байна. Учир нь тухайн холболтын ажлыг дулаан байхад хийвэл илүү үр дүнтэй байдаг гэнэ.
Тухайн гэмтэл гарсан усны шугам нь зөвхөн “Асем Вилла” хотхоны шугам бөгөөд “Скай ресорт” цогцолбор нь тусдаа шугамд холбогдсон гэдгийг тус байгууллагын инженер тайлбарлажээ.
Иргэн хүн машинаа голд угаахад 700 мянган төгрөгөөр торгодог. Гэтэл энэ том ААН нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өөрсдийгөө өмгөөлсөн хамгаалсан тайлбар хийж байгаа нь ёс зүйгүй асуудал болж байна. Би “МХЕГ” албан мэдэгдэл хүргүүлсэн. Одоо улсын байцаагч нарын дүгнэлтийг хүлээгээд сууж байна” гэсэн юм.
Хэрэв лабораториор шинжлүүлбэл 72 цагийн дараа хариу гарах юм байна. Ямартаа ч хөлдсөн бохир мөснөөс дээж авч шинжилгээнд өгсөн байгаа ажээ.
Дашрамд дуулгахад, АСЕМ хэмээх том арга хэмжээнд зориулж барьсан энэ хотхоныг дараа нь худалдсан бөгөөд нэг байрыг 2 тэрбум төгрөгөөр зарсан гэх мэдээлэл байгаа юм.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: