SOS: “МОМО”-той холбоотой зөрчил бүртгэгдээгүй ч эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарлаа хандуулах шаардлагатай

292Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүд рүү чиглэсэн “Момо” гэх аюултай “челленж” цахим орчинд цацагдаж буй талаарх мэдээллүүд ихээр гарч байна.  Аймшигтай дүр бүхий хүүхэлдэй нь  “Youtube”-ээр хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны дундуур гарч ирж, нүд хальтрам муухай зургуудыг үзүүлж, мөн аюултай “челленж” хийхийг уриалдаг байна.

Тодруулбал, Момо хүүхдүүдийн үздэг хүүхэлдэйн кино, бичлэг дундуур гарч ирж, тэдэнд судсаа зүс, аав ээжийгээ унтаж байхад пелетка асаа, төмөр сэрээ разеткаруу хий гэх мэтээр амиа хорлох аргын талаар ухуулан ярьдаг болсныг сэрэмжлүүлж байна. Мөн бусдыг хэрхэн хорлох талаар хүүхдүүдэд ярьж, хэлснийг нь биелүүлэхгүй бол очиж авна, өөрийнх нь ярьсан зүйлийн талаар хүнд хэлбэл ээж аав, ах дүүг чинь хөнөөнө гэж сүрдүүлдэг болох нь тогтоогдсон байна.

Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн улсын цагдаагийн байгууллага иргэддээ анхааруулга өгчээ. Хакердсан хүмүүсийнх нь ашигладаг дугаар ашиглалтад байхгүй байсан аж. Хакерууд хүүхдүүдийг айлгаж, заримд нь нөлөөлсөн байж болзошгүй гэсэн баримт ч байна. Тухайлбал, Момогоос болж Украинд сурагч охин амиа хорлохыг завдаж, нэг хүүхэд тагтнаасаа үсэрсэн, Аргентинд 12 настай охин амиа хорлосон гэсэн албан бус мэдээлэл гарсан. Мөн Филиппинд бага насны хүүхэд эм хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан тохиолдлыг Момотой бичлэгээс болсон байж магадгүй гэж үзэж байгаа аж. Одоогоор Youtube үүнтэй тэмцэж байгаа бөгөөд өдөрт 400 аккаунт хааж байгаа гэх мэдээлэл байна.

Энэ аюул Монгол хүүхдүүд ч ойрхон байгаа талаар цахим орчинд эцэг эхчүүд үзэл бодлоо илэрхийлээд байна. Тухайлбал, МОМО-гоос сэрэмжлүүлсэн залуугийн постны доор олон ээж, “хүүхэддээ үзүүллээ манай хүүхэд мэдэж байна. Тоглодог тоглоом болон үздэг киноныхон дундуур гэнэт гарч ирдэг гэж байна” хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Азаар бага насны хүүхдүүдийн дийлэнх нь англи хэл мэддэггүйн давуу тал гарч байгаа болтой, өөрийгөө хохироосон тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа аж.

Энэ бол бид ирээдүй хойч үед заналхийлсэн маш том заналхийлэл юм. Тиймээс хүүхдүүдийнхээ цахим хэрэглээ, юу үзэж, сонирхож буй талаар анхаарал тавьж, болзошгүй аюулаас сэрэмжлүүлэхийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан бидэнд ярилцлага өгөх үеэрээ онцолсон юм. 

Д.Будзаан: Эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч

-Сүүлийн үед хүүхдүүдийн үздэг хүүхэлдэйн дундуур Момо гэх зүйл гарч ирж хүүхдүүдийг айлгадаг болсон талаар мэдээлэл цацагдаад. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хүүхдүүдийг гэмт хэрэгт болон аминд халтай аюултай зүйл хийлгэхэд уруу татдаг Момо гэх челлэнж яваад байгаа. Энэ бол аюултай челлэнж юм. Эцэг эхчүүд үүнийг сайн мэдэхгүй байна. Энэ нь өсвөр насны болон бага насны хүүхдийн үздэг контент дундуур гэнэт гарч ирдэг.

Энэ зүйл нь хүүхдийг буруу зүйлд уриалсан байдаг. Аав, ээжийгээ унтаж байхад шарх шүүгээгээ асаа. Унтраалга руу төмөр сэрээ хий гэдэг ч юм уу маш аюултай зүйлийг даалгадаг. Момо гээд байгаа зүйлийн дүрс нь өөрөө аймшгийн багтай хүний дүрстэй. Энэ нь хүүхдүүдийн үзэж байгаа контент дунд байгаад түүнийг эцэг эх нь харсан бол энэ бол бодит зүйл биш гэдгийг хүүхэддээ ойлгуулах хэрэгтэй. Харин мэдэхгүй бол мэдээд байх шаардлага ч байхгүй зүйл юм. Энэ бол хүүхдэд хэрэгтэй эерэг мэдээлэл өгч байгаа зүйл биш. Зохиомол зүйл.

-Монголд Момотой холбоотой хэрэг зөрчил бүртгэгдсэн үү?

-Одоогоор бүртгэгдээгүй. Гэхдээ эцэг эхчүүд нь хүүхдээсээ асуухад өмнө нь харсан гээд таньж байна гэсэн мэдээлэл сошиал сүлжээгээр нилээд явж байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийнхээ ямар тоглоом тоглож, юу үзэж, юу хийж байгааг мэдэх  зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

-Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх ямар ажлыг хийж байна вэ?

-Эцэг эхчүүд хүүхдээ сатааруулахын тулд хүүхэлддээ 3G, 4G сүлжээ ашиглаад интернэт орчинд орох боломжийг олгодог. Гэтэл манайд хүүхдэд зориулсан сүлжээ гэж байхгүй. Хүссэн сайт руугаа ордог. Ухаалаг гар утас хэрэглэн интернэт сүлжээнд ордог 600-700 мянган хүүхэд байдаг. Мөн Монгол улсад 1 сая иргэн фэйсбүүк хэрэглэж, 1.9 сая хүн давхардсан тоогоор интернэт сүлжээ ашигладаг гэсэн тоо байгаа. Интернэт орчноос хүн өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллийг түргэн шуурхай олж авч мэдлэг боловсролоо дээшлүүлж чаддаг давуу талтай ч үүний хажуугаар аюултай контент мэдээлэлд эцэг эхчүүд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс нилээд болгоомжилсон зүйлүүд байна. Цахим сүлжээнд Момо хэмээх челлэнж үүслээ гээд сэрэмжлүүлээд гаргаад тавихад ойлгоод сэрэмжлэх нэгэн байхад сонирхоод туршиж үзэх эрсдэл бас байдаг. Болохгүй гэдэг талаас нь хэлэхэд яагаад болохгүй юм бэ гэдэг хариулт байж байдаг. Яагаад болохгүй юм бол гэдэг байдлаас болж сонирхох тал бий. Тэгээд түүнээс нь хүүхдүүд айдаг даалгаврыг нь биелүүлдэг болох эрсдэл бий.

Манайхаас сэрэмжлүүлэх үүднээс зөвлөмж постеруудыг цахим сүлжээгээр явуулж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэг мөрдөх хэлтсийн пэйж хуудаснаас хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.

Хамгийн гол нь хүүхэдтэй хамгийн их хугацаанд хамт байдаг хүмүүс нь хүүхдээ энэ зүйлд автахаас сэргийлж оролцоотой байх хэрэгтэй байна.

Дашрамд сонирхуулахад, Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа Момогийн талаар Их Британийн Үндэсний аюулгүй байдлын нийгэмлэгээс хүүхдээ Момогоос хэрхэн хамгаалах талаар зааварчилгаа өгсөн байна.

Тус зааварчилгаандаа ”Хүүхэд тань хэтэрхий их цагийг интернэтэд өнгөрүүлж ямар нэг зүйл нууж байгаа бол заавал анхаарч харж байхыг санууллаа. Ялангуяа хүүхэд таныг хажууд нь дөхөж очиход дэлгэцээ солих, төхөөрөмжөө унтраах зэрэг ямар нэг юм нуух үйлдэл хийж байгаа бол заавал шалгаарай.

Мөн хүүхдүүддээ танихгүй хүнд хувийн мэдээллээ өгөхгүй байх ёстойг тайлбарлаж, тэдэнд хэн нэгэн хүсэхгүй байгаа зүйлийг нь хийлгүүлэх эрхгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Түүнчлэн “эцэг эхийн хяналт”-ын тохиргоог хүүхдийнхээ ашиглаж байгаа төхөөрөмжинд суулгах хэрэгтэй гэж зөвлөж байна.

Хүүхдийн зан авир тогтворгүй болох, зурвас илгээхдээ сандрах, эсвэл утсан дээр нь шинэ дугаарууд, имэйл хаягууд бүртгэгдсэн байвал эцэг эхчүүд санаа тавих нь зүйтэй.

Мөн хүүхдийнхээ хэрэглэж байгаа аппликейшн, тоглоомын талаар, тэдгээр нь ямар аюул учруулж болзошгүйг ярилцаж байх шаардлагатай” гэжээ.

Олон улсад “Цэнхэр халим”-ыг ОНЦ АЮУЛТАЙ гэж үзсээр байна.  Гэхдээ өнөөг хүртэл “Цэнхэр халим” эсвэл “Момо”-гийн ард хэн байгааг тогтоож чадаагүй. “Microsoft” компани Момогийн ард хэн байгааг тогтоохоор ажиллаж буй юм байна.

Т.Гэрэл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих