Өсвөр насны хүүхэд гурван удаагийн хүчингийн хэргээр 15 жилийн хорих ял сонсчээ
Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар 2011 оны гэмт хэргийн статистик мэдээлэл хийлээ.
Статистик үзүүлэлтээс харахад Баянзүрх дүүргийн шүүх 2011 онд эрүүгийн 576 хэрэг, иргэний 2763 хэрэг, захиргааны 1351 хэрэг маргаан шийдвэрлэжээ.
Тус дүүргийн нутаг дэвсгэрт нийт таван хорих анги үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр хорих ангид ял эдэлж байгаа ялтнуудыг хугацаанаас нь өмнө ялаас чөлөөлөх, ял эдлэх дэглэм дээшлүүлэх, дэглэм бууруулах, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зогсоох, тогтоол биелүүлэхийг хойшлуулах зэрэг асуудалд 300 гаруй материал хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн гэмт хэргийн хувьд 14,5 хувь нь хөнгөн, 58,8 хувь нь хүндэвтэр гэмт хэрэгт тооцогдож байсан бол үлдсэн 26 хувийг хүнд, онц хүнд гэмт хэрэг эзэлж байгаа ажээ.
Хүн амины гэмт хэрэг нийт шийдсэн хэргийн таван хувийг эзэлж байна. Танхайн хэрэг 20 гаруй хувийг, хулгайн хэрэг мөн 14 орчим хувийг эзэлж байна.
Өнгөрсөн онд шийдвэрлэгдсэн хамгийн ноцтой хэрэг бол дөрвөн хүний аминд хүрсэн Б.Эрдэнэбилэгийн хэрэг юм. Мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй 17 настай хүү 2008 оноос хойш 8-9 насны гурван хүүхдийг хүчиндсэн ноцтой хэргийг шүүх хурал өнгөрөгч арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болж 15 жилийн хорих ял оноосон байна. Шинжээчдийн дүгнэлтээр түүнийг оюун ухааны хөнгөн хомсдолтой гэсэн дүгнэлт хийсэн тул хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ. Одоогоор шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болоогүй тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Түүнээс гадна өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн шүүх мансууруулах бодистой холбоотой зургаан хэрэг шийдсэн бөгөөд 14 хүнд ял шийтгэл оногдуулсан байна. Мөн хүн худалдаалах гурван гэмт хэрэг шийдвэрлэж, долоон хүнд ял шийтгэл оногдуулжээ.
Өнгөрсөн оны тоон үзүүлэлтээс ял шийтгүүлсэн 806 хүний 68 нь оюутан байжээ. Тэдгээрийн 30 нь танхай, долоо нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан, мансууруулах бодисын хэрэгт зургаан оюутан холбогджээ.
Түүнчлэн 84 эмэгтэй хүн, 50 хүүхдэд ял шийтгэл оногдуулсан бөгөөд тэдгээр хүүхдүүдийн долоо нь хүнд, онц хүнд хэрэгт холбогджээ.
Эдгээр үзүүлэлтээс харахад сүүлийн үед гэмт хэрэгт өсвөр насны хүүхдүүд ихээр холбогдох болжээ. Энэ нь эцэг, эхчүүд болон багш нарын зүгээс хүүхдүүдэд тавих анхаарал сул байгаагийн илрэл билээ.
Өнгөрсөн онд Баянзүрх дүүрэгт 413 гэрлэлт цуцлагдаж, 311 хүүхдэд тэтгэлэг тогтоосон байна. 16 хүүхдийн эцгийг нь тогтоогоод тэтгэлэг гаргуулжээ. Харин эцэг эх байх эрхийг нь хасах шийдвэр өнгөрсөн жил гараагүй байна.
URL: