Энэ цагийн Итгэлт баян Б.Наранхүү төрийн өндөр сэнтий өөд мөлхсөөр…
“Мон уран”-ны Б.Наранхүү гэхээр газрын наймаанд гаршиж баяжсан, хурдан хүлгээр нэрээ мөнхөлсөн, авилагч, Т.Алтжингийн амраг гээд л тун таагүймэдээллүүдээр овоглогдсон нөхөр байдгийг хүмүүс мэдэх болсоор удсан. Тэрбээр МАН-ын томчуудтай хүзүү сээрээ холбон найзалж буй нь ч олны нүдэнд өртөх болсон. Энэ бол УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед эрхэм гишүүний сэнтийд залрах эвгүйхэн бодол өвөрлөсний тэмдэг гэлтэй. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ын сайд Т.Бадамжунайгийн хүүгийн хуриман дээр “Ланд-200” машиныг хосуудад бэлэглэж, улсад алдартай ажнай шаргыг 800 саяар худалдан авч, Дундговь аймагт өнгөрсөн наадмаар “Ланд-200”-гаар бороо оруулж, түрүүлсэн хүүхүүдэд баяр хүргэж, “Манай аймгийн наадам сайхан боллоо” хэмээн аймгийн засаг даргаас илүүтэй телевизийн камеруудыг эзэгнэж, Дундговь аймгийн засаг дарга Д.Чандмань түүний дэргэд Наранхүүгийн жолооч аятай зогсож байхав.
Зургаан насны хурдан морьдын түрүү бүрийг цоо шинэ “Ланд-200”-гаар байлж, Мөн наадмын үеэр алдарт шарга азарганд зориулаад хөшөө босгосон гэж байгаа. Тэр хөшөөг л гэхэд 400 сая төгрөгөөр босгож, лусын хаан шиг хөлгүй баян гэдгээрээ бардамнасан. Гэхдээ юунд ингэж хөл алдан хүмүүсийн өмнө шоудаж байгаа нь нэгэнт ил мэт… Хурим найр, баяр наадам гэдэг түүний хувьд бусдад авлига өгөх боловсон арга гэдгийг дээрх жишээ нотолдог. Хөлсөө гаргаж олоогүй мөнгийг л хүн ингэж баруун солгойгүй цацдаг байх. Тэгэхээр энэ эрхэм юуны тулд энэ их хөрөнгө мөнгө, машин тэргийг гарынхаа салаагаар урсгана вэ. Жирийн нэг бизнесмэн насаараа хөдөлмөрлөөд ч хурааж чадахааргүй толгой эргэм мөнгийг Б.Наранхүү хаанаас яаж, ямар аргаар олсон гэдэг нь үнэхээр сонирхол татаад байгаа юм. Мөнгөтэй нэг нь төрийн ордны зөөлөн буйданд шигдэх болсон өнөө үед гишүүний өндөр сэнтий гэрийн босгоноос ч намхан болсон ажгуу.
Хамгийн сүүлийн үеийн сенсаациас дурьдвал Б.Наранхүүг бага насны охидыг садар самуунд уруу татсан хэргийг нэгэн сэтгүүлч бүсгүй илчлэн бичсэн. Харин өнөөх гайхал Наранхүү нөгөө сэтгүүлчийг шүүхэд өгсөн боловч шүүх хуралдаанаар сэтгүүлч бүсгүйг буруугүй хэмээн цагаатгасан. Заргач хүний заль зургаа дахидаг гэгчээр мөнгөөр хур буулгагч мань эр дахин давж заалдахаар болсон. Дээрх хэргийн үнэн мөнө тогтоогдоогүй хэдий ч өнөөг хүртэл олны хэл ам таталсаар байгаа Наранхүү заргалдсаар л байгаа. Гэвч одоо цагт “Үнэнээр явбал, үхэр тэргээр туулайг ч гүйцнэ” гэх мэргэн үг өөрчлөгдөж, “Худал хуурмагаар явбал, хулгана тэргээр хурдны галт тэргийг ч гүйцдэг” болсон юм уу даа. Энэ бүхний эцэст энэ цагийн Итгэлт баян Наранхүү гишүүний сэнтий өөд л сэм мөлхөөд байна даа.
Н.НУУР nud.mn
URL: