Голч оноо 2,8-аас бага бол “Оюутан цэрэг”-т хамрагдах боломжгүй

273

“Оюутан цэрэг-2019” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл улс орон даяар эхэллээ. Энэ талаар БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.РАГЧААДОРЖООС тодруулав.

Энэ жилийн “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын онцлог юу вэ? Бүртгэл хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

- 2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр нь 2016 оноос шинээр батлагдсан Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн албаны нэгэн хэлбэр болж хэрэгжиж эхэлснийг бид бүхэн мэднэ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 5000 гаруй оюутан энэхүү сургалтад хамрагдсан байна. Энэ жилийн хувьд ч гэсэн өмнөх жишгээр 1000 гаруй оюутныг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд орон нутгийн хамрах хүрээг улам өргөжүүлж байна. Тухайлбал, энэхүү сургалтад 2017 онд 10, 2018 онд 14 аймаг дахь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн  оюутан, суралцагчийг хамруулсан бол энэ жилээс Дорноговь аймаг дахь Политехникийн коллеж, МСҮТ-ийн оюутан, суралцагчдыг нэмж хамруулахаар болсон. Ингэснээр 15 аймаг дахь  их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид энэхүү сургалтад хамрагдах боломжтой. Бүртгэл 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Сургалтад 18 нас хүрсэн, сурлагын голч нь 2,8-аас дээш дүнтэй, Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутан, МСҮТ-ийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжтой. Бүртгэлийн хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Сурлагын голч дүн, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшнийг үндсэн шалгуур болгоно.

Бүсчилсэн хэлбэрээр аль аймгуудад хэрэгжих вэ?

-“Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтыг бүсчлэн зохион байгуулах бөгөөд баруун бүсийн аймгийн оюутан, суралцагчид Зэвсэгт хүчний 123 дугаар ангид, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн оюутан, суралцагчид Зэвсэгт хүчний 186 дугаар ангид, Зүүн бүсийн аймгийн оюутан, суралцагчид Зэвсэгт хүчний 336 дугаар ангид, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн оюутан, суралцагчдын сургалт Зэвсэгт хүчний 256 дугаар ангид тус тус явагдана.

Оюутнуудаас “18 настай хоёрдугаар дамжааных байж болох уу. Голч оноо нь 2,8-аас бага бол хамрагдах боломж бий юу” гэсэн асуулт их ирдэг. Үүнд хариулбал?

-Монгол улсын Засгийн газрын тогтоолд нэгдүгээр дамжаанд суралцдаг, 18 нас хүрсэн, голч оноо нь 2,8-аас дээш гээд тодорхой заачихсан. Тэгэхээр боломжгүй. Ноднин нэгдүгээр дамжаанд суралцаж байхдаа 18 нас хүрээгүй, харин энэ жил хоёрдугаар дамжаандаа дэвшиж ороод 18 нас хүрэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд ч гэсэн бид хууль тогтоомжоо баримтална. Гэхдээ тэр оюутанд цэргийн албыг бусад хэлбэрээр хаах эрх, үүрэг нь нээлттэй байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих