Хорт утаа хотоос хөөж, хар зам хөдөө рүү дууджээ
Харааж, ад үзээд байдаг утаанд чинь бас сайн тал гэж байдаг юм байна. Учир юу хэмээвээс их утаанаас дайжсан иргэд хотыг орхиж, хөдөө орон нутагт амьдрах сонирхолтой болжээ. Төвлөрлийг сааруулна хэмээн олон жил ярьсан дарга нарын төлөвлөгөө ийм аргаар ч гэсэн хэрэгжиж эхэлсэн нь сайшаалтай хэмээн алга ташихаас.
Статистикаас харвал хөдөө орон нутгаас нийслэлд жилдээ 30 орчим мянган хүн шилжин ирж, зөрөөд 10 гаруй мянган хүн гардаг байж. Гэтэл 2017 оны мэдээллээр (2018 оны дүн хараахан гараагүй) 10335 хүн нийслэлд ирж, хотын хүн амын тоо сүүлийн хэдэн жилд анх удаа буурсан тухай дарга нар инээд алдан ярьж байв. Ямар арга хэмжээ авсны үр дүн вэ, гэж үү!
2020 он хүртэл нийслэлийг зорих шилжилт хөдөлгөөнийг хүчээр зогсоосонтой энэ нь мэдээж холбогдож таарна. Су.Батболд хотын Засаг дарга байхдаа гаргасан шийдвэрийн үр дүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл явсан даргын үлдээсэн гавьяа гэж шууд хэлж болно.
Нөгөө талаар их утаа ч бас хувь нэмрээ оруулсныг үгүйсгэж боломгүй. 41 настай С бол хотын хүн ам цөөрөхөд хувь нэмрээ оруулж буй хүний нэг. Түүний эхнэр амаржаад удаагүй тул балчир үрээ утаанаас холдуулахын тулд Өвөрхангайд амьдрахаар шийджээ. Тэрбээр “ажил төрлөө бодвол хотод амьдармаар л байна. Гэхдээ хүүхдийнхээ эрүүл мэндийг эхний ээлжинд бодолцох ёстой. Тиймээс хүүгээ том болтол нэг хэсэг өвөрхангайд амьдрахаар шийдсэн” хэмээн ярилаа. Түүн шиг өвлийн их утаанаас зугтаж, хөдөөг бараадаж буй хүн чамгүй олон гэдэгт эргэлзэх хэрэггүй байх. Гэхдээ тэр нь нийт шилжилт хөдөлгөөнд жин дарахгүй л дээ. Харин нийгэм, эдийн засгийн байдал сайжрахын хэрээр хөдөөд ажиллаж, амьдрах сонирхолтой хүний тоо нэмэгддэг зүй тогтол сүүлийн жилүүдэд ажиглагдах болжээ.
ҮСХ-ны мэдээллээс харвал 2017 онд бүх 21 аймагт шилжин явагсдын тоо өмнөх жилээсээ багасчээ. Тухайлбал, 2016 онд ховд аймгаас 1864 хүн нүүсэн бол 2017 онд 703 болж буурсан.
Зөвхөн Төв аймгийн нутаг дэвсгэрт 1743 га газрыг иргэд өмчлөн авчээ
Архангайгаас 2016 онд 1226 хүн явсан бол 2017 онд 744 болж буурчээ. Харин тус аймагт шилжин ирсэн хүн сүүлийн хоёр жилд бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Шилжин явах хүний тоо эрс багассан аймгийн нэг нь Дархан-Уул. 2016 онд 3147 хүн дарханыг орхин нүүдэллэсэн бол 2017 онд 1931 болсон байна. Энэ талаар дархан-уул аймгийн Засаг дарга С.Насанбат “Манай аймагт сайхан цэнгэг агаар байна. Ажлын байр нь байна. Энэ жил дарханы автозам шинэчлэгдчихвэл нөхцөл байдал улам сайжирна. Ер нь хүн амын шилжилт хөдөлгөөн макро эдийн засгаа их хамаардаг. Эдийн засаг унаад, үйлдвэрүүдийн орлого багасч, ажлын байр хумигдаад ирэхээр хүмүүс том зах зээлээ бодоод хот руу яваад өгдөг юм. Харин сүүлийн үед хөдөөг зорьж ирэх хүний тоо нэмэгдэх хандлагатай боллоо. Орон нутагт үйлдвэр баригдах тусам тэнд амьдрах сонирхолтой хүний тоо нэмэгдэнэ шүү дээ” гэсэн юм.
Засаг унаад, үйлдвэрүүдийн орлого багасч, ажлын байр хумигдаад ирэхээр хүмүүс том зах зээлээ бодоод хот руу яваад өгдөг юм. Харин сүүлийн үед хөдөөг зорьж ирэх хүний тоо нэмэгдэх хандлагатай боллоо. Орон нутагт үйлдвэр баригдах тусам тэнд амьдрах сонирхолтой хүний тоо нэмэгдэнэ шүү дээ” гэсэн юм.
Ер нь зам харгуй сайжрахын хэрээр иргэд хотын эргэн тойрны 100, 200 км-ыг хол гэж харахаа больжээ. Тиймдээ ч хотоос зайдуухан газар авах сонирхол их байна. Яваандаа хот хүрээгээ улам тэлж, тэдгээр газар үнэд хүрэх учраас тэр. Зөвхөн 2018 онд л гэхэд төв аймгийн нутаг дэвсгэрт 1743 га газрыг иргэд өмчлөн авчээ. Энэ нь улсын хэмжээнд олгосон нийт газрын гуравны нэгтэй тэнцэж байгаа юм. Түүнчлэн Булганд өмчлүүлсэн газрын хэмжээ 143 хувиар давж биелсэн бол Хөвсгөлд 160, Завханд 189 хувь байх жишээтэй. Ерөнхийдөө, орон нутгийн газар сонирхол татаж, үнэд хүрч буйн нотолгоо энэ.
Одоо хамгийн гол нь иргэдийн энэ сонирхлыг улам өдөөж, орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжийг нь улам сайн хангаж өгөх ёстой. Монголын томоохон аж ахуйн нэгжүүд орон нутагт салбараа нээлээ гэхэд татварын ямар нэг хөнгөлөлт, урамшуулал байдаггүй. Тиймээс компаниуд эрсдэл гаргаж орон нутагт үйлдвэрлэлээ төвлөрүүлэх сонирхолгүй байдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав сануулж байсан удаатай.
Нийслэл Улаанбаатар хот монголын газар нутгийн хоёрхон хувийг эзэлдэг ч ДНБ-ий 75 хувийг үйлдвэрлэдэг. Улсын хэмжээнд ажил олгож, төсвийн орлого бүрдүүлж буй аж ахуйн нэгжийн 64 хувь нь улаанбаатарт төвлөрсөн гэх статистик бий. Мөн нийслэлийн нэг ам км газар нутагт ногдох хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр. Чухам энэ мэт тоо баримт хотын төвлөрлийг нэн даруй багасгах учиртайг ахин дахин сануулж байна. Харин нийслэлдээ бөөгнөрсөн энэ олон хүнийг хөдөө тийш чиглүүлэх гол арга нь орон нутгаа хөгжүүлэх, тэнд ажлын байр бий болгох, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжоор хангах гэдэгтэй олон хүн санал нийлдэг.
Одоо хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орвол түүнийг дагасан томоохон дагуул хот бий болно. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орвол дорноговийн хөгжилд том дэвшил гарна. Их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэвэл нийслэлийн их төвлөрөл мэдэгдэхүйц буурна гээд сайн сайхан зорилго зорилт бий. Хамгийн гол нь бодож төлөвлөснөө даруйхан хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүрмээр байна. хотоос хөдөөг зорих нүүдлийг эрчимжүүлж, улаанбаатарын түмэн бэрхшээлийг нимгэлэхэд үүнээс өөр гарц алга.
https://news.caak.mn/view/8286369/
URL: