Эхийн нулимс хатаагүй байхад үрсийн хэрэг мартагдлаа

FХүүхдийн амь насыг чихрийн цаас шиг үнэлж болно гэж үү

Зүгээр л баримт дурдъя.


2018.06.15 Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Дарь-Эхийн шинэ эцэст хичээлээ тараад тоглохоор гарсан 11 настай хүү тогтоол усанд эндэж амиа алджээ. Осол гарсан газрын ойролцоо хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх гүүрний бүтээн байгуулалтын ажил явагдаж, голын голдирлыг өөрчлөх зорилгоор шороогоор далан босгосон нь гүн цүнхэл үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэр газарт аюул ослоос сэргийлэх хашлага хаалт, тэмдэглэгээ тавьсан бол балчир хүүгийн амь нас үрэгдэхгүй байв.

2018.06.18 Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан тавдугаар ангийн хүүхэд амь насаа алдсан.  Тус сургуулийн хөл бөмбөгийн талбайн хаалганы төмөр унаж, тэнд тоглож байсан 11 настай хүү дарагдаж нас барсан. Хэрэг гарсны дараа сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг эл хэрэгт холбогдуулж шалгахаар прокурорт шилжүүлэх гэж буйгаа Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн байцаагч нэгэн тухайн үед хэлж байлаа.

2018.06.26 Байрныхаа гадаа тоглож байсан хүү эмийн сангийн гадаах тогтой төмөр утсанд хүрч, амь эрсдэв. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын долдугаар байрны хажууд байрлах дэлгэрэх төвийн “Эко шинэс” эмийн сангийн хамгаалалтын төмөр хаалганаас барьтал тогонд цохиулж, амьсгал хураасан юм.  Хэргийг хариуцсан байцаагч нь өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд ээлжийн амралтаа авч, өөр байцаагчид шилжсэн гэдэг. Шинэ байцаагч хэргийг хүлээж авснаас хойш долоо хоногийн дараа эмийн санг нь нүүлгэх шийдвэр гаргаснаар хүүгийн амь настай холбогдох асуудал замхарчээ.

2018.07.05 Налайх дүүргийн зургадугаар хорооны горхины баруун салаанд долоон настай эмэгтэй хүүхэд тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн газарт Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиход “Болор” гэх амралтын газрын ойролцоох арван айлын цахилгаан дамжуулдаг 220 вольтын цахилгааны шон газар унасан байсан аж. Улмаар цахилгааны утасны хажуугаар дугуйтай явж байсан охин утсан дээр унахдаа цахилгаанд цохиулж амь насаа алджээ. Энэ мэтчилэн бидний ирээдүй болсон хүүхэд багачууд ар араасаа золгүйгээр амиа алдаж, монголчуудын зүрх сэтгэлийг шимшрүүлсэн нь хэдхэн сарын өмнө. Гэтэл үрээ алдсан эхийн нулимс хатаагүй байхад амиа алдсан балчир хүүхдүүдийн хэрэг мартагдан, хумхын тоос адил замхарч эхэллээ. Нийгмийг нэг хэсэгтээ л харуусал гунигт автуулсан энэ хэргүүд өнөөг хүртэл шийдэгдэлгүй, хариуцах эзэн, хүлээх холбогдогчгүйгээр үргэлжилсээр буй гэвэл та итгэх үү. Харуусал дагуулсан энэ хэргүүдэд анхаарал хандуулж, ажлаа хийж буй албан тушаалтныг эрээд сураад олж чадсангүй. Зүгээр тоглож яваад л тэнгэрийн орон руу явчихсан эдгээр хүүхдийн амийг хэнээс нэхэх вэ. Хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн газар, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ зэргээс асуухад хэнд, ямар хариуцлага ногдуулсныг хэлээд өгөх нэг ч хүн байсангүй. Холбогдох байгууллагуудын зарим албан тушаалтнаас хэргийн талаар лавлатал өөдөөс бараг “юун хэрэг” хэмээн гайхширсан янзтай асууж байв. Өнөөдрийн байдлаар дээрх хэргүүдээс нэг нь ч шийдэгдээгүй, хэн ч хариуцлага хүлээгээгүй байна. Хүүхдийн амь зүй бусаар зүгээр л үрэгдсээр байна. Холбогдох хэргүүд нь хумхын тоос болон замхарсаар л… Би хэн нэгнийг баримтгүй гүтгэхгүй. Монгол хүн бүрт уй гуниг төрүүлсэн эдгээр үйл явдлаас ганцхан хэргийг сөхөж, хэрхэн үргэлжилж буйг хүргэе. Тухайлбал, сургуулийн хөл бөмбөгийн талбайд амиа алдсан хүүгийн авга эгч Т.Алтантуяатай утсаар холбогдож, хэрэг ямар шатандаа явж байгаа талаар болон хэн нэгэнд хариуцлага ногдуулсан эсэхийг асуусан юм. Тэрбээр “хэрэг прокурорт шилжсэн гэж бидэнд хэлж байсан. Түүнээс хойш ямар ч сураг алга. Прокурорын газраас хэзээ дуудах бол гээд хүлээгээд л байж байна” гэхээс өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Энэ хэргүүдэд анхаарал хандуулж буй албан тушаалтныг хайгаад олсонгүй

Гэтэл хэрэг гарсанаас хойш найман сар өнгөрчихөөд байна. Үрээ алдсан эцэг эх, элгэн садан нь хууль хяналтын болон хүүхдийн төлөөх холбогдох байгууллагуудыг хариуцсан ажлаа хийн, хэргийг шийдвэрлэн, харуусал гунигаас нь бага ч гэсэн нимгэлэх болов уу хэмээн горьдлого тээн, хүлээсээр. гэвч хүүхдийн эрх, хууль шударга ёсыг хамгаална хэмээн улсын төсвөөс хэд бол хэдэн тэрбум төгрөг авдаг төрийн байгууллагууд тоомжиргүй хандсаар.

Хүүхэд, гэр бүлийн тэгш оролцоог хангаж, нийгмийн хөгжлийн таатай орчинг бүрдүүлэн, тэдэнд чиглэсэн хөгжил, хамгааллын цогц үйлчилгээг үзүүлнэ гэх тов тодорхой зорилготой гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэмээх яамны статустай Засгийн газрын шууд харьяа байгууллага байдаг. Ядаж эл хэргүүдэд энэ байгуулагаас анхаарал тавьдаг байх ёстой гэсэн найдлага тээн очлоо. Гэтэл амиа алдсан хүүхдүүдийн хэргийг цагдаагийн байгууллага шалгах ёстой, бидэнд огт хамаагүй хэмээн хэнэггүй хариулж байна. Мэдээж хэргийн газар юу болсон, хэн буруутай, хэнд ямар хариуцлага хүлээлгэхийг цагдаа, хууль шүүхийнхэн мөрдөн шалгаж мэдэх ёстой. Гэхдээ дээр дурдсан урт нэртэй, гоё зорилготой байгууллага хүүхдүүдийг хамгаалах үүрэгтэй. Монголын үрсийг хамгаална хэмээн төрийн өмнө хариуцлага хүлээж, татвар төлөгч та бидний мөнгөөр тэжээгддэг гол байгууллага ийм ичмээр хариулт хэлж буй нь дэндүү харамсмаар.

Томруулж хэлбэл нийгмийн, тодорхой хэлвэл төр, засгийн, бидний ийм л мартамхай ой санамж, хэнэггүй, хатуу харгис хандлагаас болж хүүхдийн ам нас даанч харамсалтайгаар үрэгдсээр буй нь үнэн. 2018 оны эцсийн байдлаар хэдэн хүүхэд гадны нөлөөтэй, золгүйгээр нас барсан нь одоогоор ил болоогүй. Харин өнгөрсөн оны эхний хагасын байдлаар гэхэд 151 хүүхэд гадны нөлөөтэй амиа алджээ. Тэгвэл зөвхөн 2017 онд 261 хүүхэд ижил шалтгааны улмаас нас барсан гэх гашуун тоо байна. Монголын үрс энх цагт ийнхүү зуурдаар амь насаа алдаж, золгүйгээр нас нөгчсөөр. Гэтэл том дуугаар хүүхдийн төлөө гэж хашгирч ярьдаг хүүхдийн гэх байгууллагууд хэрэг дээрээ таг дуугүй болчихдог нь өөрөө гэмт хэрэг биш юм гэж үү! үүрэг хүлээсэн байгууллагууд ажлаа ийм унтамхай, унхиагүй хийж байхад хүүхдийн амь нас чихрийн цаас шиг үнэлэгдэх нь аргагүй аж.

Г.Санжааханд

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих