Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд сумдыг холбож эхэллээ

238“Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг Засгийн газраас баталсан “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд ХЗДХЯ-ны санаачлагаар, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2018 оны 02 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөгийн байдлаар төслийн хүрээнд 2018 онд 12 аймгийн 39 сум, хоёр дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбоод байна.

Энэхүү төсөл хэрэгжихээс өмнө нь тухайн сум, хороодын иргэд улсын бүртгэлийн зарим үйлчилгээг авахын тулд аймгийн төв, дүүрэг ороход дунджаар 2-290 км зам туулж, унаа, хоол, байр, бусад зардалд 1000-250.000 орчим төгрөг зарцуулдаг байсан асуудал шийдэгдлээ. 2019 онд үргэлжлүүлэн 120 сумыг үе шаттайгаар бүрэн холбох бөгөөд онлайн сүлжээний тусламжтайгаар цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх олон давуу талтай болж байгаа юм.

Тодруулбал иргэд өмнө нь иргэний бүртгэлийн зарим лавлагаа, үйлчилгээг зөвхөн аймгийн төв болон харьяалах дүүргээсээ авдаг байсан бол одоо онлайн сүлжээний тусламжтайгаар харьяалал харгалзахгүйгээр шууд сум/хорооноосоо авах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр бүртгэлийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргээд зогсохгүй иргэдийн хувьд цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх олон давуу талтай хэмээн Хууль зүй дотоод хэргийн яамнаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих