“Айвенхоу”-ын хувьцаанд Монголчууд нөлөөлөхөө больжээ

Монголд Оюутолгойн гэрээтэй холбоотой том, жижиг маргаан дэгдэх бүрт олон улсын биржид арилжаа хийж буй “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханшид илт сөрөг нөлөө үзүүлдэг байсан. Тэгвэл сүүлийн үед Монголын улс төрд дээрх сэдэвтэй холбогдож үүссэн нөхцөл байдал “Айвенхоу Майнз”-ынхныг айлгахгүй байна.

Өөрөөр хэлбэл, иргэний хөдөлгөөнийхний хийрхэл бус, улс төрийн халуун тогоонд Оюутолгойн гэрээний талаар ноцтой маргаан дэгдсэн ч тус компанийн хувьцаа сүйдтэй доошилсонгүй.

Урьд нь хэдэн тэмцэгч л уг гэрээг “Булхай, луйвар” хэмээн тодотгодог байсан. Харин шинэ он гарахын өмнөхөн УИХ-ын эрхэм гишүүд Оюутолгойн гэрээнд ноцтой алдаа гарсныг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж ийм агуулгатай үгийг амнаасаа хамаагүй унагаж эхэлсэн билээ. Бүр сүүлдээ тус гэрээг үзэглэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн сайд нарыг огцруулах юм болоод явчихав.

“Яг энэ эгзэгтэй үед л “Айвенхоу Майнз”-ын хувьцаа нэлээд хувиар унана даа” хэмээн өрсөлдөгчид нь баярлаж байв. Гэтэл тийм юм болсонгүй. Сүүлийн нэг сарын турш хувьцааны ханш нь тогтвортой байгаад зогсохгүй энэ долоо хоногоос эхлэн багагүй өсөлт ажиглагдаж эхэллээ.

Тодруулбал, Торонтогийн бирж дэх “Айвенхоу Майнз”-ын нэгж хувьцааны үнэ өнгөрсөн мягмар гарагт 2.49, лхагва гарагт 1.40 хувиар тус тус өссөн юм. Тэгвэл өчигдрийн байдлаар 0.71 хувиар өсч, 23.99 канад доллар болжээ. Хэдийгээр “Айвенхоу Майнз”-ын талаас “Оюутолгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Кийт Маршаллын оронд “Рио Тинто”-оос Камерон Макрай гэх эрхэм томилсон ч тэдний ашиг орлогод сөрөг нөлөө үзүүлсэнгүй.

“Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ын хооронд хоёр өнгөрсөн хавраас хойш өрнүүлсэн хувь эзэмшлийн маргааныг оны өмнөхөн Улаанбаатарт шийдсэн. “Айвенхоу”-ын 43 хувийг “Рио Тинто” эзэмшихээр болоод зогсохгүй цаашид 49 хүртэл хувийг эзэмших эрх нь ч нээлттэй үлдэж байгаа. Учир нь тэдний маргааныг таслах арбитрын шүүх хурал хагас жилээр хойшилсон юм.

“Оюутолгой”-н удирдлага “Айвенхоу Майнз”-аас “Рио Тинто” руу шилжсэн нь Монголчуудын хувьд ашигтай. Яагаад гэвэл “Рио Тинто” дэлхийн уул уурхайн “акул” шүү дээ.

“Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханшид Монголын улс төр нөлөөлөхөө больж байна гэсэн үндсэн сэдэв рүүгээ эргэн оръё. Дээрх томоохон үйл явдлуудтай зэрэгцэн Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахаар болсон гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдчихээд байгаа. Харин сүүлийн үеийн маргааны гол агуулга болох “Давуу эрхийн хувьцаа гаргах замаар санхүүжилт татах нь Монголын эзэмшлийн 34 хувийг бууруулна” гэсэн яриаг Засгийн газар үгүйсгэсэн юм.

Гэхдээ Засгийн газар болон УИХ-ын нэр бүхий гишүүдийн хооронд үүссэн уг маргаанд өнөөдрийн байдлаар хэн ч цэг тавиагүй байна. Ялангуяа, албан тушаал, сандал суудалтай холбоотой асуудал улам даамжирч буй. Бараг л өдөр бүр нэг хүн энэ сэдвийг барьж авдаг болсон. Үүнээс үүдэн олны анхаарал ч үүнд нэлээд төвлөрч байна.

Нөхцөл байдал ийн хурцдаж байхад “Айвенхоу Майнз”-ын хувьцаанд өөрчлөлт орохгүй байгаа нь сонин. Уг нь тэр компани Монголынх биш. Хувьцааны ханш нь унана уу, байна уу бидэнд огт падгүй. Гэхдээ урьд нь ялихгүй маргаан дээр хангалттай савалдаг байсан өөрчлөлт ийм үед огт гарахаа больсон нь олон зүйлд хариулт өгч байгаа юм.

Нэг талаас “Оюутолгойн гэрээг одоо оролдоод хэрэггүй. Оролдсон ч “Айвенхоу Майнз”-д гай болохоосоо нэгэнт өнгөрсөн” гэсэн санааг хэлж байх шиг.

Нөгөөтэйгүүр Монголын улстөрчдийн энэхүү эх адаггүй маргаан Оюутолгойн гэрээ хийгээд Монголчуудын эрх ашгийн төлөө гэсэн зорилго агуулаагүй. Ердөө л албан тушаал, эрх мэдэл, хувийн ашиг сонирхлын үүднээс хийж буй марзан шоу гэдгийг баталж байна.

Улстөрчид нь ч, иргэний хөдөлгөөн нь ч мөн чанараа алдаж, олон нийтийн эрх ашгийг хамгаалах нэрэн дор цээжээ хий хоосон дэлддэг болсон хойно арга ч үгүй биз. Энэ бүхнийг гадарладаг болсон хөрөнгийн зах зээлд оролцогчид Монголоос огт эмээхээ байчихаж.

Ч.Дашдэлэг


URL:

Сэтгэгдэл бичих