Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Ойдов: Төрийн сүлдийг бүтээлээ гэж төр надад ганц ч төгрөг өгөөгүй, би ч гуйхгүй
Хүн төрөлхтөн цаг хугацаатайгаа уралдан гайхамшигт зүйлийг бүтээсээр ирсэн. Бүтээсэн зүйлийг нь улс үндэстэн дээдлэн шүтэж бишрэн мөргөж явна гэдэг бахархмаар зүйл. Ийм агуу уран бүтээлийг тэр бүр хийгээд байдаггүй. Монголчуудын тахиж дээдэлдэг нэгэн зүйлийг бүтээсэн нэгэн хүн бий. Уулзсан, тааралдсан бүхэндээ “Би…” гэж цээжээ дэлдээд байдаггүй ч урласан, бүтээсэн зүйлээрээ уул “ургуулсан” аугаа зураачтай хөөрөлдлөө. Түүний бүтээлд монголчууд мөргөж хүндэтгэн, ээжүүд цай сүүнийхээ дээжийг өргөдөг билээ. Энэ хүн бол Төрийн сүлдийг зурсан урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Ойдов. Магад өнөөдөр энэ том зураачийг мэдэх хүн цөөрсөн ч байж болох. Гэвч энэ нь Ц.Ойдов гуайд өөрөөрөө бардамнах шалтгаан болж чадахгүй нь тодорхой юм.
-Шинэ жил гараад хэдхэн хонож байна. Зураачид шинэ жилийн зураг зурдаг юм болов уу. Ихэнхдээ цагаан сар, наадам гээд үндэсний баярын уур амьсгалыг зурсан байдаг. Хааяа нэг эмэгтэйчүүдийн баярын зураг харагддаг?
-Зураач хүн шинэ шил төдийхөн зүйлийг тоогоод байж болохгүй л дээ. Жаахан хол харья гэвэл том сэдвээр оролдох ёстой.
-Ойрын хугацаанд юу хийв дээ?
-Өнгөрсөн долоо хоногт ТМ телевизийн “Бүтээл төрөх агшин” гээд нэвтрүүлэгт гар бие орцлоо. Өөр ч нэг хийгээд байсан зүйлгүй. Гэхдээ завгүй л шогшиж явна. Одоо том хэмжээний тосон будгын “Үүлэн цагаан хүлэгс” гээд цуврал зураг зурж байна. Ирэх хоёрдугаар сар гэхэд бараг дуусчих байх.
-Завгүй шогшиж байгаа хүн маань хэдийгээр үзэсгэлэн гаргах гэж байна. Таны бүтээлийг харах юмсан гэсэн хүмүүс байна л даа?
-Хөх хот, Улаан-Үд зэрэг газруудад үзэсгэлэн гаргадаг байлаа. Харин сүүлийн хэдэн жил энэ тэрүүгээр сэлгүүцэх завгүй явна. Завгүй байгаа учир гэвэл ах нь бага залуудаа дэмий тэнэх, хэрэгтэй хэрэггүй ном унших, элдэв албан тушаал хаших, архи дарс ууж маш их цаг алдсан юм билээ. Түүнийгээ одоо нөхөж байна. Ер нь ах нь сонин хэвлэл, телевиз гээд яваад байдаггүй хүн. Угаасаа ч тэгж явах дургүй. Харин сүүлийн үед найз нөхөдтэйгөө цай уух зуураа ганц нэг сонин уншдаг болсон.
-Хаана, ямар хүмүүстэй вэ?
-Сүүлийн үед дэлхий даяараа зөв хооллолт, биеийн хөдөлгөөний дасгал энэ тэр гэдэг болж. Тэр шугамаар эрүүл мэнддээ анхаарч өглөө болгон урлаг соёлынхонтойгоо нийлж цай уудаг болсон. Бид өглөө бүр 8.00 цагт “Улаанбаатар” чуулгын байранд уулзаж цай уунгаа сонин уншдаг.
-Олны танил хүмүүс ирнэ биз?
-Тэгэлгүй яах вэ. Ардын жүжигчин Б.Мөнхшүр, гавьяат Ц.Түвшинтөгс, Бүрнээбаяр, найруулагч Л.Эрдэнэбулган гээд олон хүн зөв хооллолтын хичээлд суудаг. Бид чинь долоо хоногийн зургаан өдөр нь цугладаг юм байна.
-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Би чинь урлагийн бүх төрөлд хүчин зүтгэсэн юм билээ. Дээхнэ үед ч “Олон зүйл рүү савсганалаа” гэж шүүмжлүүлж байсан. Яах вэ, угаасаа л юм хийж яваа хүнийг шүүмжлэл дагадаг хойно. Тэгээд ч би нутаг уснаасаа гарч олонд алдарших бүтээл туурвих хүсэлтэй явдаг хүн. Хэзээ нэг өдөр миний бүтээл дэлхийд алдаршиж Монгол Улсын нэрийг гаргана гэдэгт итгэдэг. Өөрийнхөө хүссэнийг л хийе гэж боддог. Түүнээс ийм, тийм юм хийчихлээ гээд сонин хэвлэлээр зарлаад байх дургүй.
-Нэг хэсэг киноны зураачаар ажиллаж байсан гэл үү?
-Олон кинонд зураачаар ажиллаагүй ээ. “Мандухай сэцэн хатан” киноны ерөнхий зураачийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Түүнээс хойш “Цэц магнай” киноны ерөнхий зураач гэх мэт 10 хүрэхгүй кинонд зураачаар ажилласан юм байна. Удахгүй бас нэг түүхэн кинонд зураачаар явах гэж байгаа. Кино зураачийн минь тэр миний сүүлийн бүтээл. Зодог тайлж байна гэсэн үг. Зургаа бол биеэ дуустал бүтээнэ ээ.
-Та Монгол Улсын төрийн сүлд бүтээсэн. “Өглөө” кинонд Бодоо “Төрийн тамгыг хэн сийлсэн, би” гэдэг шиг таньд би төрийн сүлд бүтээсэн гэж омогших үе байна биз?
-Хүн гэдэг чинь урмаар амьдардаг юм байна. 200 гаруй зураачийн 900 гаруй бүтээлээс минийх шалгарсан. Би арван хуулбар зураг өгсөн юм. Тухайн үедээ миний зурсан Төрийн сүлдийг “модон морь” гэх зэргээр их шүүмжилсэн. Одоо харахад сайн л зурсан юм билээ. Би улс орнуудын сүлд цуглуулдаг хообийтой. Түүн дотор манай Төрийн сүлд эхний эгнээнд орохоор хийц загвартай олон бэлгэдлийг зөв илэрхийлсэн харагддаг. Үүндээ би омогшдог. Уран бүтээлч хүнд худалаа даруу бас онгироо зан хэрэггүй байдаг юм.
-Дээхнэ Төрийн сүлдийг солино гээд баахан юм боллоо. Та түүнийг яаж хүлээж авав?
-Тэгж л байна лээ. Тоогоогүй ээ, би. Олон жил энэ сэдвийг судалсан хүний хувьд дахиад ч төрийн сүлд бүтээх чадвар, чадал надад бий. Солигдохгүй, өөрчлөгдөхгүй юм гэж хаана байх билээ. Гэхдээ манайхан нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төрийн сүлд бүтээнэ гэдэг байшин засахтай адил зүйл биш. Солилоо гэхэд миний зурснаас илүү гаргана гэдэгт ч найдахгүй байгаа. Төрийн сүлд гэдэг тухайн улсын ард түмний шүтээн нь байдаг. Түүгээр оролдоод байх нь сайн зүйл яав ч биш.
-Төрийн сүлдэд 200 гаруй зураач бүтээлээ ирүүлснээс таных сонгогдсон гэлээ. Дараа нь янз бүрийн хэл ам гарсан биз?
-Өө, тэгэлгүй яах вэ. Элдэв атаа жөтөө ч их байсан. Ямар сайндаа л бөө, удган, үзмэрч гэсэн нөхөд гэрт ирчихээд “Энэ чиний амь насанд халтай. Наадхаа буцааж ав” гэж хэлж байх вэ. Би тэдэнд нүүр өгөлгүй хөөгөөд гаргаж байсан. Би ямар Төрийн сүлдийг сонгосон биш дээ. Гэхдээ надад “Төрийн сүлд бүтээсэн хүн дотроо бодолтой, өөдрөг сэтгэлтэй явах хэрэгтэй” гэж захисан нь олон байсан. Ер нь тэгээд шүүмжлэл дагуулсан зүйл улам л тодордог. Аав маань надад “Миний хүү худлаа ярьж, хулгай хийж болно. Арван хуруу тэгш хүн гэж байдаггүй юм. Харин хүнд битгий атаархаж бай” гэж захисан. Идэр залуудаа энэ үгийг тоолгүй өссөн. Одоо бодоход амьдралын жинхэнэ гүн ухаан байж.
-Монгол Улс таны зурсан Төрийн сүлдийг сонгосон. Мэдээж шагнал урамшуулал өгсөн биз?
-Хүмүүс намайг их мөнгө авсан л гэж боддог юм шиг байна лээ. Харин би өнөөдрийг хүртэл төрөөс нэг ч төгрөг аваагүй ээ. Түүх архив нь нотлох байлгүй дээ, үүнийг. Би ч мөнгө төгрөг гэж гүйгээгүй. Төр ч намайг тоогоогүй. Харин миний хийсэн сүлдийг элдэв янз болгож мөнгө хийгээд байгаа нөхөдтэй хариуцлага тооцох зохиогчийн эрх нь надад бий. Тэд ашигласан тохиолдолд надад мөнгө өгч байх ёстой юм.
-Тэгвэл та багагүй мөнгөтэй болох нь ээ?
-Буруу зүйл хийгээд ашиг олоод байгаа нөхөдтэй бол хатуу тооцоо хийнэ. Энэ талаар надад хуулийнхан зөвлөсөн. Төр сүлдээ хайхрахгүй байгаа юм чинь бүтээсэн эзэн нь түүнийгээ хамгаалах нь зөв биз дээ.
-Уг нь Төрийн сүлд бүтээсэн хүнийг төр бодмоор л юм?
-Яах вэ, миний хүү. Бид тийм сайхан цагт амьдраагүй л яваа юм байлгүй. Миний сонсч судалснаар бусад оронд янз бүрийн зоосон мөнгө, төгрөгийн нууцлалыг хийсэн хүмүүсээ тусгай хамгаалалтад авдаг юм гэсэн. Тэгэхгүй бол хулгайлагдаад мөнгө төгрөг хуурамчаар үйлдвэрлэх хууль бус ажилд оролцох магадлал өндөртэй байдаг юм гэнэ билээ. Мөнгө төгрөгийн нууцлал мэддэг хүмүүсээ хамгаалалтад авах нь төрийн үүрэг. Манайд ямар тийм юм байх биш дээ.
-Нээрэн та цаасан мөнгөний нууцлалыг мэддэг цөөхөн хүний нэг шүү дээ. Ямар дэвсгэрт бүтээхэд оролцож байв?
-Ярихгүй зүйл гэж бас байна, ахад нь. Энэ тухай ярихгүй.
-Хулгайлагдана гэж айсан уу?
-Үгүй ээ. Гэхдээ тэр хулгайлагдсан хүмүүс чинь маш өндөр хангамжид байдаг юм гэсэн. Би найз нөхөддөө “Намайг нэг хүн хулгайлдаггүй юм байх даа” гэж наргиан болгож л суудаг/инээв/.
-Уг нь би таныг сүлд бүтээсэн хүн болохоор Төрийн шагнал авчихсан л юм байх гэж бодсон. Танд яагаад өгөөгүй юм бол?
-Би яаж мэдэх вэ дээ. Төрийн сүлд бүтээсэн гэж Үндсэн хууль батлагдсан өдрөөр “Алтан гадас” өгсөн юм байна. Уг нь Төрийн дуулал, соёмбо бүтээсэн хүн төрийн шагнал авдаг бичигдээгүй хуультай юм билээ. Би хөөцөлдөөгүй учраас өгөөгүй юм байлгүй дээ. Тиймэрхүү зүйлийн араас хөөцөлдөх ч утгагүй биз. Ах нь саяхан урлагийн гавьяат зүтгэлтэн болсон шүү. Миний уран бүтээлд өгсөн шагнал.
-Танд байр өгсөн гэлүү?
-Төрөөс байр авсан минь үнэн. Гэхдээ энэ байр сүлд зурсантай минь ямар ч холбоогүй. Нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэсний 50 жилийн ой хүрээнд зохиогдсон зургийн уралдаанд “Туульсын Улаанбаатар” гэсэн бүтээл маань тэргүүн байр эзэлж, түүнийхээ хаялгаар авсан байр.
-Ингэхэд та аль нутгийнх билээ?
-Архангай аймгийн Хашаат сумынх. Гэхдээ би Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Нас ахиж байгаагийн шинж юм уу даа, нутаг усаа их санах болж. Миний төрсөн газар Эрдэнэзуу хийдээс дөрвөн км, Орхон голын хөвөө шүү дээ. Тэнд хоёр Норовбанзад мод байдаг юм. Манайхан түүнийг тойроод төрсөн улс. Ойролцоо нь хуучин чулуун зэвсгийн үеийн бууц, эртний Хархорум хот, Эрдэнэзуу хийд, Түргийн үеийн Хар балгас хот, Уйгарын хөшөө цайдам гээд түүхэн дурсгалт газар бий. Үүгээр би юу хэлэх гэсэн юм бэ гэвэл тэр нутаг уран дархчуудын энерги шингэсэн газар юм шүү дээ. Тэр энерги надад шингэсэн учраас л зураач болсон байх. Халх даяар алдартай сийлбэрч уран Дондогийн удам гэдгээрээ би бахархаж явдаг. Сунтаг, хүрд нь Цэнд да ламаар дамжин надад ирсэн юм. Одоо ч бий.
-Зураач болоход тань өссөн орчин их нөлөөлсөн биз?
-Хар балгас, Эрдэнэзуу хийдийн бурхан дотор тоглож өссөндөө өөрийгөө азтайд тооцдог. Тэр гайхамшигт уран дархан хийцтэй бүтээл дунд өссөн болохоор нүдний ялгаа арилсан байх. Магадгүй зураач болох эхний үе шат маань тэр байсан байх л даа. Ардын зураач Амгалан гэдэг хүн намайг Дүрслэх урлагийн дунд сургууль гэж байхад шууд дөрөвдүгээр курст оруулж төгсгөж байсан. Тэгэхэд би 18 настай, Урчуудын эвлэлийн шагнал авчихсан байсан үе. Тэгээд сургуулиа төгсөөд гадаад явах гэж байтал ардын зураач Чүлтэм гуай намайг “Багшийн сургуульд ор” гэж загнаад явуулдаггүй. Би Урчуудын хорооны шагналтай байсан болохоороо жаахан харц дээгүүр явахгүй юу. Тэгээд Чүлтэм багшийн хаалгыг нь тас савж гарч байлаа. Өнчин өрөөсөн өссөн болохоор ч тэр үү, шар хөдлөөд болдоггүй. Соёлын яаман дээр очоод Боловсон хүчний хэлтсийн дарга хар Нанзад гэдэг хүн дээр орлоо. Тэгээд л “Онц төгссөн би яахаараа гадаад явж болдоггүй юм” гээд хэлчихсэн. Нанзад гуай ч “Чи мундаг хүүхэд явалгүй яах вэ. Польш явуулъя. Чүлтэмээс зөвшөөрөл аваад эрүүл мэндийнхээ бичигтэй хүрээд ир” гэж байна. Чүлтэм гуай Урчуудын эвлэлийн хорооны дарга байсан юм, тухайн үед. Хаалгыг нь савж гарсан нөгөө өрөөндөө маргааш нь орлоо доо. “Намайг Соёлын яамны Нанзад гуай сургуульд яв. Таниас зөвшөөрөл аваад ир гэнэ” гэсэн чинь “Чи манай хүн, чамайг явуулахгүй” гээд болдоггүй. Би ч “Тэр Багшийн сургуульд чинь орохгүй. Сурдаг юмаа сурчихсан хүн” гээд дахиад л хаалгыг нь саваад гарсан даа.
-Тэгээд яасан?
-Багшийн сургуулийн түүхийн ангид орсон. Б.Ширэндэв гэдэг хүнээр хичээл заалгаж Х.Пэрлээ багшийг есөн жил дагасан юм. Б.Ренчин гуайн гэрт очоод уран бичиг заалгаж байлаа. Одоо бодоход сургуульд яваагүй минь оносон байгаа биз. Явсан бол пиво ууж, цээжээ дэлдсэн онгироо юм ирэхгүй юу. Тэр үед миний уран бүтээлийн үзэсгэлэнг гаргуулдаггүй байсан. Гэхдээ би уран бүтээлээ хийсээр ирсэн.
-Яагаад таны бүтээлээр үзэсгэлэн гаргадаггүй байсан гэж?
-Абстракт зургийг хөрөнгөтөн орны соёлын урсгал гэж үзсэн. Тэр үед сэтгэл жаахан гундсан минь Х.Пэрлээ багшид анзаарагдсан юм болов уу “Чиний наадах чинь юу ч биш. Би шоронд орж байсан ч уран бүтээлээ орхиогүй” гэж хэлж билээ. Би их зориг орсон. Агуу хүний үг, нөлөө гэж тийм л мундаг байгаа юм. Ардын зураач, төрийн хошой шагналт Цэвэгжав багш, яруу найрагч Б.Явуухулан, Ц.Гайтав гээд их ч олон гайхамшигт хүмүүсийн архинд гүйсэн дээ. Тэдний яриаг сонсч сууна гэдэг том ухаарал олсон хэрэг шүү.
-Та өнчин өссөн гэлээ. Аав ээж тань хэзээ Бурханы оронд морилсон юм бэ?
-Ээж маань 1969, аав 1971 онд өөд болсон. Би “Улаач” гэж хоёр морь хөтлөөд давхиж яваа хүний сийлбэрийг Ардын хувьсгалын 50 жилийн ойн үзэсгэлэнд тавьсан. Тэр үед би 18 настай байлаа.Хүүхдийн зурсан зургийг томоохон үзэсгэлэнд оруулдаггүй байлаа. Харин миний зураг үзэсгэлэнд тавигдсан юм. Тухайн үед аавын бие тааруу байсан ч би үзэсгэлэнд дагуулж очсон. Миний сийлбэр дээр хүмүүс шавчихсан байсанд аав минь баярлаад “Наадахыг чинь миний хүү бүтээсэн” гээд нулимс цийлэлзүүлж байсан даа. Тэр сийлбэр аавыг минь олон удаа баярлуулсан.
-Аавыгаа өнгөрөхөд хэдүүлээ үлдсэн бэ?
-Хоёр эгч хөдөө. Ах, хоёр дүүтэйгээ үлдсэн. Ах маань цэрэгт явж ирээд Улсын драмын театрт жүжигчин болсон. Дэндүү авьяастай хүн байсан даа. 1972 онд хүний гарт өөд болсон юм. Хоёр дүү сургуулийн сурагч. Бид гурав миний оюутны стипендиэр амьдралаа болгодог байв. Зовлон их үзсэн. Гэхдээ хүний гар харж өсөөгүй.
-Тухайн үед цаг ч сайхан байсан байх?
-Тийм ээ, гэхдээ миний хоёр дүү онц төгсөөд их сургуулийн хуваарь авчихсан байхад нь хүмүүс булаачихсан байсан. Би хэдий их хөөцөлдсөн ч хүүхэд байсан болохоор бяр дутаад. Энэ мэт зүйл биднийг их хурцалж байсан юм болов уу. Хэдий хувь тавилан гэж ярьдаг ч гэлээ түүнийг хүн өөрөө зурдаг юм билээ.
-Та зохиолч хүн. Нэлээд олон номтой байх шүү?
-Хөтөлгөө морьтой явахад хаана ч сульдахгүй шүү дээ. Роман, тууж гэвэл нэлээд юм бий. “Хөх Монголын хас туульс” нэртэй анхныхаа номыг хоёр жилийн өмнө гаргасан. Тэр ном маань одоо надад олдохгүй л байна. Үзсэн харсан бүхэн л гайхамшигтай ном гэдэг юм. Нэг итали нөхөр “Та энэ номоо англи хэл дээр гаргаад хэвлүүлчих. Би мөнгийг нь өгье” гэж байсан. Ингээд бодохоор би Монголынхоо нүүрийг улайлгахааргүй бүтээсэн гэж боддог. Дүүгийн хүүхэд л мөнгө төгрөгийг нь өгч гаргасан юм. Нэг нь хэдэн зуун мянгаар үнэлэгдэх ном л доо.
-Та олон оронд үзэсгэлэнгээ гаргасан байх?
-Нэг их олон биш ээ. Харин оролцсон үзэсгэлэн гэвэл тоймгүй байх. Миний зураг гадаад гарвал борлогдчихоод байдаг юм. Тийм учраас хэдэн зургаа дэлхий дахинд түгээх бодолтой байгаа. Гэхдээ мөнгө бодож байгаа юм биш. Би мөнгө бодож зурдаггүй. Нээрэн Өвөрмонголын том ресторан миний зургаар дотоод чимэглэлээ хийсэн байна гэсэн.
-Одоо таны амьдрал ямар байна?
-Хоёр идэхгүй, хоосон хоноогүй л явна. Амьдрал болж л байна. Нэр нүүрээ ашиглаад явсан бол ах нь алтны компани ч байгуулах боломжтой байсан. Ер нь тэгээд сэтгэл өөдрөг байвал амьдрал болох нь тэр.
-Хэдүүлээ амьдарч байна?
-Том хүү тусдаа гарсан. Охинтойгоо хоёулаа л байна.
-Уучлаарай, эвгүй асуулт байж магадгүй. Эхнэр тань яасан юм бэ?
-Бид охиноо гурван настай байхад нь салсан. Охиноо яг гар дээрээ өсгөсөн дөө. Энэ бол миний хүн болгосон бүтээл. Одоо 17 настай, мэргэжлийг минь өвлөж авсан.
-Та тэгээд өөр хүнтэй суугаагүй юм уу. Яагаад салчихсан юм бэ?
-Уран бүтээлч хүнийг дээд зэргээр ойлгодог хүн л насан туршийнх нь хань болно шүү дээ. Эхнэрээ салаад явахад ах нь гутраагүй. Зургаа зураад л гэртээ үлдсэн. Надтай сууя гэсэн хүүхэн байсан. Охиноо бодсон, мөн уран бүтээлд эхнэр хүн саад болдог учраас би хүсээгүй. Ах нь дураараа хүн шүү дээ.
-Хааяа тэр хүнтэй уулзана биз?
-Хааяа тааралддаг л юм. Гэхдээ тэрний юу хийж яваа нь надад падгүй. Ах нь дэмий юм бодох дургүй.
-Тэтгэвэрт гарах дөхөж байгаа байх шүү?
-Хоёр жил гүрийчихвэл сар бүр авдаг мөнгөтэй болно доо. Ер нь зураач хүмүүс сэтгэлээрээ баян болохоос ядуу шүү дээ. Гэрт маань одоо 2000 орчим зураг хэзээ нэгэн өдөр намайг алдаршуулах гээд хэвтэж байна.
Л.Зэрбан
URL: