Монголын төрийн түүхийн музей нээлтээ хийлээ

Монголын төрт ёсны түүхийн хуудсыг баяжуулан хөтлөх нэгэн учрал, ерөөл 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тохиож Төрийн ордонд Монгол төрийн музей үүдээ нээлээ.

Төрийн түүхийн музейд 2000 гаруй биет үзмэрийг байрлуулсан бөгөөд манай улсад бүртгэгдсэн түүх, соёлын хосгүй үнэт 612 дурсгалын 289 нь сан хөмрөгт нь багтжээ.

Монгол түмний төрийнхөө ёслолд хэрэглэж байсан сүлд, туг, далбаа, тамга, дууллыг энд хүндэтгэлтэйгээр залж, Хубилай хааны зарлигаар 1270 оны орчим бүтээсэн “Арван буянт номын цагаан түүх” зохиолд дурдсан Хаан төрийн есөн их бэлгэ, Богд Живзундамба хааны зарлигаар 1915 онд бичигдсэн  “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг”-т заасан Олноо өргөгдсөн Монгол Улсын төрийн долоон эрдэнэ, Эзэн Чингис хааны нутгийн хөрс шороо, рашааны  дээжүүд, Чингис хаан, түүний дөрвөн хөвүүний удмынхны бүтээн дээдэлж ирсэн Хаадын овгийн тамганууд зэрэг бидний төрөө дээдлэн шүтэх олон зуун жилийн өв уламжлалыг шингээсэн бэлгэдлийн эд зүйлсийг байрлуулсан байна.

Монгол төрийн түүхийн музейн нээлтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны бусад хүн оролцлоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар музейг олон нийтэд нээлттэй байлгахын тулд Төрийн ордны тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, “Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д нэмэлт зохицуулалт хийх төсөл боловсруулж дуусч байгааг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар энэ үеэр тэмдэглэв.

Засгийн газрын 2005 оны 136 дугаар тогтоолоор “Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол, хүндэтгэлийн цогцолбор”-ыг Төрийн ордны урд талд өргөтгөн байгуулах, нэг бүрэлдэхүүн хэсэг нь Монгол төрийн түүхийн музей байхаар шийдвэрлэсэн юм.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд төрийн түүхийн музейн сан хөмрөгийг бүрдүүлж эхэлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн онд тэмдэглэсэн их ойнууд болон Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд музейн сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх, баяжуулах чиглэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон музейн захиргаа, бусад байгууллага идэвхийлэн ажиллажээ.

Монгол төрийн түүхийн музейн сан хөмрөг нь үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын дархлаа, өвөг дээдсийн баатарлаг зориг, суу заль, төрт ёсны түүхэн уламжлалын ой санамж бөгөөд монголчууд төдийгүй монгол  түмний түүх, соёлыг дээдэлдэг, сонирхон судалдаг хүн бүхний оюуны мэлмий, сэтгэлийн галыг тэтгэх эх ундарга байх нь дамжиггүй.


URL:

Сэтгэгдэл бичих