“Өсөх зоос” ХХК нүүрс угаах үйлдвэрээ IV сард ашиглалтад оруулна
Нарийнсухайтын бүлэг ордод олборлолт хийж байгаа “Өсөх зоос” ХХК нүүрс угаах үйлдвэрээ дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Жилд 2.5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг ажиллуулснаар эцсийн хэрэглэгчдэд хүргэж байгаа нүүрсний ханш 100-200 орчим юаниар нэмэгдэнэ гэж тус компани тооцоолжээ. “Өсөх зоос” ХХК 2018 онд гурван сая 38 мянган тонн нүүрс борлуулсан бол энэ жил 3.5-4 сая тоннд хүргэхээр зорьж байгаа аж. Улмаар борлуулалтын орлогоо 256 тэрбум төгрөг байсныг 300 орчим тэрбум төгрөг болгон нэмэхээр төлөвлөжээ. БНХАУ-ын Засгийн газар Австралийн нүүрсний импортод хязгаарлалт хийж байгаа гэсэн мэдээлэл гарсаар байна. Энэ нь сул коксжих чанартай Нарийнсухайтын нүүрсний зах зээлд төдийлөн нөлөөлөхгүй, харин хатуу коксжих чанартай Тавантолгойн нүүрсэнд таатайгаар нөлөөлж магадгүй гэж “Өсөх зоос” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чинбат онцоллоо. Нарийнсухайтын бүлэг ордод олборлолт хийж буй компаниудад эрчим хүчний асуудал тулгардаг. МАК, “SouthGobi Sands”, “Өсөх зоос” компаниуд нийлж, БНХАУ-ын талтай хамтран 110 мегаваттын цахилгаан станц байгуулахаар ажиллаж байгаа аж. 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай энэхүү станцыг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
URL: