Ерөнхий сайд ажлын 5 хоногт багтааж батламжилна

208

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар өчигдөр хотын шинэ даргыг сонгох асуудлыг өдөржин шахуу хэлэлцэж НИТХ-ын дарга С.Амарсайхан олонхийн саналыг авсан.

Түүнтэй хамт өрсөлдсөн С.Мөнхчулуунаас тэрбээр 5 хүний саналаар илүү гарч дараагийн хотын дарга болох эрхээ НИТХ-ээс авсан билээ. Одоо харин түүнийг Ерөнхий сайд батламжлах гэсэн сүүлийн “даваа” С.Амарсайханд үлдээд буй.

Тэгвэл Ерөнхий сайд ажлын тав хоногт багтаж НИТХ-аар дахин хэлэлцэж шийдвэрлэсэн уг асуудлыг дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд НИТХ-ээс сонгогдсон хотын даргад нэр дэвшигчийг хуулийн хүрээнд зөвхөн нэг удаа буцаах эрхтэй юм.

Тодруулбал, Нийслэлийн эрх зүйн байдлын  тухай хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй гэсэн заалт бий.

Ингэснээр С.Амарсайханыг ажлын тав хоногт багтааж томилох юм. Харин зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар нийслэлчүүд хотын шинэ даргатай энэ долоо хоногийн Засгийн хуралдааны дараагаар албан ёсоор “танилцах” бололтой. Мөн үүнээс урьдаж НИТХ-аас шинээр хотын даргад сонгогдсон С.Амарсайханыг үүрэгт ажилд нь томилуулах тогтоолыг төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэх учиртай.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих