Г.Мягмаржав: “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 20 мянган оюутнаас зөвхөн мянга оюутан л хамрагдана

206

Өнөөдрөөс “Оюутан цэрэг” хөтөлбөрийн элсэлт  улс орон даяар эхэлж байна. 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөрөөр нийт 5000 гаруй оюутан цэргийг нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бэлтгэжээ. Энэ талаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч хурандаа Г.Мягмаржаваас тодрууллаа.

207

-“Оюутан цэрэг” хөтөлбөрийн элсэлтийн бэлтгэл хэрхэн хамрагдаж байна вэ? Энэ жил хичнээн оюутан хамрагдах вэ?

-Оюутан цэргийн сургалт зургаа дахь удаагаа амжилттай хэрэгжиж байна. Энэ сургалтыг 2017 онд гарсан Засгийн газрын 32 тоот тогтоолоор оюутан цэргийг зохион байгуулах, бүртгэлийн журам гаргасан. Үүний дагуу сургуулиудаар бүртгэл явагдаж байна. 3 дугаар сарын нэгнээс эхлээд энэ бүртгэл штабуудаар явагдана. Их, дээд сургуулийн нэгдүгээр курст суралцдаг 18 нас хүрсэн, 2.8-аас дээш голч дүнтэй, сурлага сахилгаар сайн оюутнуудыг сургуулийн сургалтын алба шалгаруулаад цэргийн хэлтэст материалыг нь өгөх юм. Тус мэдээллийг цэргийн хэлтэс шалгаж үзээд харьяа дүүргийн цэргийн штабууд дээр өгөх шат дараатай явна. Бүртгэл цэргийн штабууд дээр явагдаж дууссаны дараа нэгдсэн журмаар эрүүл мэндийн үзлэгт ордог. Энэ жилийн хувьд гурван сарын 20-д гаргаж эрүүл мэндийн үзлэгт хамруулах байгаа.

Эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын үзлэгт тэнцсэн оюутнуудыг 4 дүгээр сарын нэгнээс онолын бэлтгэл мэргэжлийн ерөнхий бэлтгэл сургалтад хамруулна. Энэ сургалт 6 дугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.  Үүнийг бямба, ням гарагуудад оройн цагаар оюутнуудын шалгалт, шүүлэгт саад болохгүйгээр амралтын өдрөөр хийх юм. Дөрвөн төрлийн хичээл заагаад шалгалт авч 60-аас дээш оноо авсан оюутнуудыг дахин хяналтын үзлэгт оруулж, 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15 хүртэл хээрийн сургалт буюу цэргийн мэргэжил олгох сургалтанд хамрагдана.

Энэ жил 1000 оюутан хамрагдах бөгөөд ҮБХИС, Дорноговь, Эрдэнэт,  Ховд, Зүүнбаян дахь цэргийн ангийн хээрийн сургалтын төвийг түшиглэн сургалт явуулна. Энэхүү хээрийн сургалтаар 14 кредит 560 цагийн хичээл үзсэнээр цэргийн мэргэжил эзэмшиж, цэргийн тангараг өргөх аж.

-Нэг жилийн хугацаанд сурах бүх зүйлээ энэ хугацаанд сурна гэсэн үг үү?

-Тийм. Энэ сургалт нь вакуумжуулсан маш ачаалалтай цэргийн эрчимтэй сургалт явагдана. Энд телевизор үзэхгүй гар утас ашиглахгүй, өглөө 6 цагаас шөнийн 11 цаг хүртэл бэлтгэл сургалт хийгээд энд 11 мэргэжлийн бага мэргэжил эзэмшдэг. 11 бага мэргэжлээр шалгалт өгөөд тэнцсэн оюутнуудыг тангараг өргүүлээд оюутан цэрэгт алба хаасан гэж тооцно.

Ингэснээрээ дайчилгааны нэгдүгээр зэргийн цэргийн үүрэгтнээ бэлтгэж цэргийн жинхэнэ алба хаасанд тооцон дараагийн дайчилгааны бэлтгэл сургуулилтад хамрагдаад явахаар ийм ач холбогдолтой сургалт байгаа юм.

-Оюутан цэрэгт явахын ач холбогдол нь юу юм бэ?

-Энэ сургалтад суралцсан оюутнууд болон тэдний эцэг, эхчүүд их ам сайтай байдаг. Яагаад гэвэл оюутан цэрэгт явснаар нэгдүгээрт бие бялдрын хөгжил болон ёс суртахууны хувьд ч сайн болж байна гэдэг. Хоёрдугаарт нь оюутан цэрэгт явсан оюутнууд хүмүүжиж төлөвшихөөс гадна сурлагандаа амжилт гаргаж байгаа учраас энэ сургалтанд илүү олон оюутан хамрагдах эрэлт хэрэгцээ их байгаа. Гэвч Монгол улсын Батлан хамгаалахын сайдын тушаал гараад тодорхой тоо тогтоож өгсөн байдаг. Энэ жил 100 оюутан хамрагдана. Энэ тоонд багтаагаад сургуулиудад квот өгсөн байгаа. Тэр квотоор нь сургуулиуд өөрсдөө шалгаруулаад цэргийн хэлтэст өгдөг байгаа.

-Оюутан цэрэг хөтөлбөрөөс гарч байгаа эерэг үр дүн юу вэ?

-Оюутан, залуучуудыг цэрэгт хамруулдаг энэ хөтөлбөрийн үр дүнд  их, дээд сургуулийн захиралууд эцэг, эхчүүд гурван үндсэн зүйлийг ярьдаг.

Нэгдүгээр залуучууд төлөвшиж байна. Хоёрдугаарт үндсэн үүргээ  биелүүлдэг ажлыг дадал болгосон байна. Гуравдугаарт эх оронч үзэл сууж байна гэдгийг хэлж байна. Хамгийн гол нь энэ оюутан цэрэгт явснаараа төрийн алба хаах эрхтэй болж, цаг хугацаа ч хожиж байна.

Мөн Батлан хамгаалах салбарын хувьд их ач холбогдолтой. Нэг жил сурах зүйлийг 4 сарын хугацаанд сурч байгаа. Онол 2 сар, бэлтгэл сургуулилт 2 сар байгаа. Тэгэхээр нэг цэрэгт жилийн хугацаанд зарцуулж байгаа мөнгийг оюутан цэрэг гурав дахин багасгасан зардлаар сурч байгаа нь ач холбогдолтой.

Тэрнээс гадна батлан хамгаалах бэлтгэлжилтэй иргэн төлөвшиж байгаагаараа батлан хамгаалахын үйл ажиллагаанд ач холбогдолтой чухал ажлын хэрэгжүүлж байна.

-Нэг жилийн цэргээс гурав дахин бага мөнгийг оюутан цэрэгт зарцуулдаг гэлээ. Оюутнууд энэ хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагддаг гэсэн үг үү?

-Энэ хөтөлбөр эхэлснээс хойш 5000 орчим залуучууд хамрагдсан байдаг. Сайн дурын үндсэн дээр хамрагдаж байгаа учир эхний онолын хичээлийн хоёр кредитний мөнгийг Засгийн газрын тогтоолын дагуу оюутан өөрөө төлнө. Бусад зардлыг улсын зардлаар төсөвт суулгаж үнэ төлбөргүй хамруулж байгаа.

-Хоёр кредит нь ямар үнэ төлбөртэй вэ?

-Тэр хоёр кредит нь 100 мянган төгрөгийн л өртөгтэй байгаа. Хамгийн хямдарсан үнээр тогтоосон байгаа.

“Оюутан цэрэг” хөтөлбөр эрэлт, хэрэгцээ ихтэй байдаг гэсэн шүү дээ. Жилд хичнээн оюутан бүртгүүлээд хэдийг нь авч байна вэ?

-Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуучууд маш их байна. Монгол улсын хэмжээнд 90 гаруй их дээд сургууль байгаа. Үүнд 175 мянга орчим оюутан сурч байна. Эдгээрээс 40 мянган нэгдүгээр курсийн оюутан сурч байгаагийн 20 мянга нь эрэгтэй оюутан байгаа. Тэр 20 мянган хүнээс нэг мянган оюутныг л энэ жил авч байгаа.

Эрэлт хэрэгцээ их байгаа ч улсаас баталж тогтоосон тоонд тааруулаад энэ үйл ажиллагаа цэргийн татлага шиг явагдана.

-Их, дээд сургуулиас гадна МСҮТ-ийн оюутнууд хамрагдах боломжийг бүрдүүлсэн гэсэн?

-Энэ жилийн онцлог нь их, дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутнаас гадна МСҮТ, Политехник коллежид суралцагчдыг оролцуулахаар төлөвлөөд байгаа.

Х.Соёл


URL:

Сэтгэгдэл бичих