Хотын даргаар С.Амарсайханыг томилохыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжлээ
НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар хотын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Бүтэн өдрийн турш хуралдаж, шийдэлд хүрч чадахгүй байсан ч 19.00 цагийн үед хотын даргыг томилох асуудлыг нууц санал хураалт явуулж шийдлээ.
Санал хураалтад 45 төлөөлөгч буюу үндсэндээ 100 хувийн ирцтэй оролцсон юм. Тооллогын комисс дүнг нэгтгэн танилцууллаа. Тус комиссын дарга НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Хүчинтэй 44 хуудас байсан. Нэр дэвшигч С.Амарсайханд 25 төлөөлөгч, С.Мөнхчулуунд 19 төлөөлөгч саналаа өгсөн байна. Тиймээс С.Амарсайханыг хотын даргад томилох тухай тогтоолыг танилцуулъя” гэлээ.
Дашрамд, тооллогын комиссын даргаар НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, гишүүдэд Д.Амарбаясгалан, Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар, Ц.Одонтунгалаг нар багтаж байгаа билээ.
Тооллоын комисс дүнг танилцуулсны дараа НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар С.Амарсайханыг хотын даргаар батлах тогтоолын төслийг уншин танилцуулж 64.4 хувийн саналаар баталлаа. Энэ хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлж, батламжлуулах ёстой юм.
С.Амарсайхан нь 1973 оны 6 дугаар сарын 13-нд төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөнбөгөөд эрх зүйн магистр зэрэгтэй юм.
Ажилласан байдал:
- 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
- 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
- 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер
- 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.
Гавъяа шагнал:
- 2012 онд “Алтан гадас” одон
Сонгуульт ажил:
- 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүн, НИТХ-ын даргаар тус тус ажиллаж байна.
URL: