Голомт банк алтны зах зээлийн 68%-ийг дангаараа бүрдүүлж тэргүүлэгч байр сууриа баталгаажууллаа
Голомт банк нь Монгол Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлэгч уул уурхайн салбарт бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжин ажиллах тал дээр онцгойлон анхаарч ажилладгийн нэг илрэл нь “ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ-2019” арга хэмжээ юм. Энэхүү чуулганыг Голомт банк энэ сарын 22-ны өдөр хоёр дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд форумд ашигт малтмалын салбарт бизнес эрхлэгч, алт олборлогч томоохон компаниудын төлөөлөл бүхий 150 гаруй зочид төлөөлөгчид оролцож хамтран ажиллах гэрээ болон борлуулалтын гэрээг үзэглэлээ.
Тус форумын үеэр Голомт банкны санхүүгийн мэргэжилтнүүд 2019 оны макро эдийн засгийн урьдчилсан төлөв байдал болон хөрөнгө оруулалтын шинэ боломжуудын талаар форумд оролцогчдод мэдээлэл өгсөн ба Монгол Улсын нэр бүхий эдийн засагч, хөрөнгө оруулагчдын дунд хэлэлцүүлэг өрнөж, бизнесийн шинэ санаа, боломжуудыг санал болгосноороо онцлог байлаа.
Мөн 2018 онд Монгол Улсын хэмжээнд нийт экспортолсон төмрийн хүдэр, хүдрийн баяжмалын 75%, жонш болон нүүрсний экспортын 45%, алт тушаалтын 68%-ийн төлбөр тооцоог Голомт банк дангаараа хийж гүйцэтгэснээр зах зээл дэх тэргүүлэгч байр сууриа баталгаажуулжээ.
Голомт банк нь өнгөрсөн 2018 онд уул уурхай тэр дундаа алтны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч, харилцагчдаа алтны ханшийн уналтаас хамгаалж, эрсдэлийг байж болох хамгийн бага хэмжээнд байлгах хамгаалалтын хеджинг үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд алтны урьдчилгаа санхүүжилт, тоног төхөөрөмжийн зээл хэмээх шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлж, алт барьцаалсан зээлийн хүүг бууруулж, олголтын хугацааг 15 минут болгон бууруулжээ. Мөн алтны салбарт алт хадгалах үйлчилгээ, үнэт металл сорьцын хяналтын газарт Голомт банкны алтны кассыг ажиллуулж банк санхүүгийн салбарт анхны 999 сорьцтой “шижир алтан гулдмай”-г гаргаад байна.
URL: