Бөө болгоно гээд халуун чулуугаар түлж хөнөөжээ
Өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Д.Болд-Эрдэнэ гэгч Наранзул гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн халуун чулуугаар түлж, амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ.
Өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт гарсан эл хэргийг прокурорын байгууллагад хянаж байгаа аж.
Бусдын амь насанд хүрсэн Д.Болд-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1-т зааснаар бусдыг болгоомжгүй алсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх аж.
Сэжигтэн Д.Болд-Эрдэнэ талийгаач Наранзулыг бөөгийн чанар авахуулна гэх нэрийдлээр гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлснээр амиа алдсан аж. Талийгаач амьсгалын замын бүтэлттэй, биеийн ихэнх хэсэг түлэгдэж, амь насаа алдсан гэсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан байна.
URL: