Энэ “балгас” бол хэвлэлийнхний цорын ганц өмч

Г.ЖАМЬЯН / МУСГЗ/

-ДУУДЛАГААР ХУДАЛДАЛГҮЙ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНДЭЭ ДАВУУ ЭРХЭЭР ӨГЧИХ -

Д.Сүхбаатарын нэрэмжит улсын хэвлэх үйлдвэрийн барилгын хэрүүл шуугиан ид өрнөж байна. Миний бие энэ үйлдвэрийн хаалгаар одоогоос тавин жилийн өмнө анх хөл тавьж билээ. Миний төрсөн дүү Галсангийн Жаргал, хүргэн дүү Ваанчигийн Авирмэд нар ч энд насаараа ажиллаад хар тугалганы хордлоготой болоод тэтгэвэрт гарсан.

Энэ барилга нь миний хувьд хоёр дахь тэр минь, ажлын байр минь, залуу насаа үдсэн буянтай газар минь хэмээн үргэлж сэтгэлд дулаан явдаг юм. Миний амьдралын 38 жил, одоо балгас болоод байгаа энэ барилгатай холбоотой, эндээс би тэтгэврээ тогтоолгож гарсан хүн. Над шиг бодож явдаг улсын хэвлэлийн комбинат гэх нэртэй нь амьдрал хувь заяагаа холбосон олон зуун хүн бий. Одоо балгас болоод байгаа энэ барилгад Д.Сүхбаатар үсэг өрөгчөөр ажиллаж байсан гэж бодохоор их дээр үеийн барилга. Оросууд барьсан, Улаанбаатарт байгаа хамгийн бат бөх барилга юм гэсэн. Тэр дээр үед чухам юугаар гагнаж ийм бөх бат болгосныг мэдэхгүй, Энд хэлүүштэй, санууштай нэг чухал зүйл бий. Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр (Улсын хәвлэлийн комбинат)-ийн барилга бол Монголын хэвлэлийн, сэтгүүлчдийн цорын ганц өмч юм. Энэ алга дарам газар, балгас байшинг ямар ч мөнгөтэй хүн авах ёсгүй. Монголын хэвлэл мэдээллийнхний халдашгүй өмч хэмээн бичиж тэмцэж яваа хүний нэг нь би. “Хэрвээ энэ барилгыг хэн нэгэн хүн авбал би үүдийг нь дараад өлсгөлөн зарлахад ч бэлэн” хэмээн хэдэн жилийн өмнө бичиж байж билээ. Энэ байшинд ажиллаж байсан, хар тугалганд нь хордоод эрэмдэг зэрэмдэг болсон, “хар хүүхэд” (тугалганы хордлоготой) төрүүлж байсан олон хүн өнөөдөр амьд гэрч болоод байж байна. Тухайлбал, 1934 оноос энэ үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж байгаад сүүлд Намын Хорооны нарийн бичгийн дарга болсон өдгөө, 93 настай Д.Гомбожав гуай, мән энэ үед ажиллаж байсан Очирбат гуай, 1940-өөд оноос энэ үйлдвэртэй ажил амьдралаа холбосон мастер Юмжир гуай (“Хүжийн гал”-ыг бичсэн зохиолч Л.Бадарч агсны гэргий), “Хэвлэлийн” Гомбо, ахмад дайчин Ишжамц, Дамдинжав гуай, сүүлд Улсын хэвлэлийн комбинатын удирдлагад байгаад өнөө УИХ-ын дэд дарга болоод байгаа Нямаагийн Энхболд, төрийн сайдын албыг хашиж байсан Гомбосүрэн, Борхондой, Зундуй, комбинатын сонины цехийн даргын албыг олон жил хашсан Жамсранжав… гэхчлэн олон хүн өнөөдөр амьд сэрүүн байна.

hewlehДээхнэ үед төвийн хэдэн сонины редактор, хянагч, нийлэгч нар сигнал уншилт хийнэ гээд ээлжээр өдөр шөнөгүй ажилладаг байж билээ. Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч маань хүртэл залуухан сэтгүүлч “Улаан од” сонинд ажиллаж байхдаа энэ үйлдвэрт шөнийн сигнал уншилт хийгээд сууж байсан. Би л гэхэд шөнө дундаас хойш гараанктай үсгээ даалгүй алдаж асгачихаад уйлж сууснаа санадаг юм. Дээхнэ үеийн “Үнэн”, “Хөдөлмөр” “Залуучуудын Үнэн”, “Улаанбаатарын мэдээ”, “Пионерийн үнэн” сонинуудын асар туршлагатай ланжгар жижүүрийн редакторуудын олонхи нь одоо ч байна. Хэвлэл мэдээллийнхний олон үеийн гэр болсон энэ алга дарам газар, барилгыг давуу эрхээр бидэнд өгчих л гэж гуйгаад байгаа юм. Хувьцаа тараа л даа. Нэг жил ажилласанд нь арван хувьцаа, арван жил ажилласанд нь зуун хувьцаа гэхчлэн. Хувьцаагаа нийлж борлуулаад энэ газар дээр хэвлэл мэдээллийн ордон барья. Хэвлэлийнхэн, тэр дундаа Монголын сэтгүүлчид алийн болгон байр байшингүй, хүний царай харж аль нэг байгууллагын хажуу бөөрөнд хоргрдож явах юм бэ?!

Ерөнхий сайд Сү.Батболд, Улаанбаатар хотын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт, Нийслэлийн, Засаг дарга Г.Мөнхбаяр нар минь, хэвлэл мэдээллийнхний ядууг ойлгож байгаа. Дуудлага худалдаагаар авчихаад түмний тусын тулд зориулах хүн юу л бол? Энэ газар, балгас хоёрыг ямар нэг зохистой байдлаар Монголын хэвлэл мэдээллийнхэнд өгчихөөч. Улсын их хурлын дэд дарга Н.Энхболд Та гадаадад хэвлэлийн сургууль төгсч ирээд энэ үйлдвэрт инженерээр ажиллаж байсныг тань санаж байна. Та мэдээж, олон жил ажилласан хэвлэх үйлдвэрээ ийм “хашаатай балгас” болоод байгаад элэг эмтэрч л байгаа. Хэвлэл мэдээллийнхнээ үндсэн гал голомттой нь үлдээхэд хүчин чармайлт тавиач гэмээр байна. Үүнээс илүү буян байхгүй болов уу гэж бодох юм. Хэвлэл мэдээллийн үзэг нэгт нөхөд минь энэ зах зээлд цорын ганц өмчтэйгөө хоцоръё л доо.


URL:

Сэтгэгдэл бичих