А.Эрдэнэбилэг: Симба Батаа “Чи аминдаа хайргүй юм уу” гэж заналхийлсэн
Хуульч А.Эрдэнэбилэг өөрийнх нь амь насанд Симба Батаа халдсан талаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. Энэ үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.
- Та Симба Батаа заналхийлсэн гээд байгаа. Чухам юу болсон юм бэ?
-Өнгөрсөн ням гаригт “NBS” телевизээр гардаг “Хуулийн цоорхой” нэвтрүүлэгээр миний бие Симба Батаагийн талаарх мэдээллийг гаргасан. Энэ нэвтрүүлгийн дараа хэн нэгэн миний утас руу залгаж “Чи аминдаа хайргүй юм уу” гэсэн утгатай үг хэлсэн. Гэхдээ тухайн хүн утасныхаа дугаарыг нууцалсан байсан л даа. Би үүнийг бодит заналхийлэл гэж үзэж байгаа. Тэгээд над руу залгасан хүн бол Симба Батаа л байх.
-Та үүнд итгэлтэй байна уу?
-Тийм ээ. Өөр хэн байх вэ дээ. Ер нь надад удаа дараа заналхийлэл ирдэг л дээ. Учир нь миний бэлтгэдэг нэвтрүүлэгүүд луйварчид, хууль зөрчсөн шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нартай холбоотой байдаг. Тэгээд ч би тухайн нэвтрүүлгээрээ тэдгээр хүмүүсийн нэрийг шууд заадаг болохоор тэр.
-Тухайн нэвтрүүлэгээрээ та Симба Батаатай холбоотой юу гээд хэлчихсэн болж байна?
-Гол нь Симба Батаа улсын өчнөөн олон тэрбум төгрөгөөр улсын шатахууныг худалдаж авсан байдаг юм. Тэр шатахуунаа одоо хүртэл шатахуун түгээх станцуудад нийлүүлээгүй. Энэ нь шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлсен гэж үздэг. Симба Батаа татвар төлөгчдийн мөнгөөр бизнес хийдэг хүн. Мөнгөнийх нь хэмжээ хязгааргүй их. Өнөөдөр түүний нэг дүү нь гэхэд улсын 30 тэрбум төгрөгөөр тоглоом хийгээд явж байна. Бас нэг дүү нь Эрдэнэтийн Засаг даргыг татан буулгаж, түүний оронд очих гэж яваа сураг сонсогдсон. Миний хувьд энэ хүний бузар булайг л ард түмэнд үнэн бодитоор нь хүргэсэн юм. Үүнийхээ төлөө заналхийлэлд өртөөд байна. Надад Симба Батаатай холбоотой нэг бус мэдээлэл байгаа. Тухайлбал, тэрбээр онгоцоор үнэг агнаж яваад осолдуулсан. Гэтэл тэр онгоц нь сүйдэж барьсан зүйл байдаггүй ч акталсан байдаг. Үнэндээ тухайн онгоцыг Симба Батаа 10 сая төгрөгөөр худалдаж аваад 500 сая төгрөгөөр худалдаалсан байгаа юм. 50 дахин нугалж, үнийн өсгөж чаддаг ийм бизнесийг асар их эрх мэдэлтэй хүн л хийдэг байхгүй юу. Симба Батаа гэдэг хүн төрийн том эрх мэдэлтнүүдтэй хуйвалдаж мөнгө идэж, төрийн мөнгийг угаагчдын нэг. Тэгсэн хэрнээ ийм хүмүүстэй холбоотой хэргүүд цаг үргэлж хав дарагдсаар ирснийг хувьдаа гайхдаг.
-Ямар учраас та өөрт тохиолдсон асуудлаа ингэж олонд дэлгэх болов оо?
- Энэ удаа би үнэхээр айж байна. Учир нь Симба Батаагийн эрх мэдэл, мөнгө нь хэтэрхий их. Тэр хэрээр төр түүний өмнө бөхийж байгаа шүү дээ.
- Танд энэ талаар баримт байгаа юу?
-Нотлох баримт хангалттай байна. Улсын өч төчнөөн тэрбум төгрөгийн шатахууныг Симба Батаа хувьдаа авсан нь үнэн үү гэдгийг холбогдох байгууллагууд шалгах ёстой байгаа юм. Дээр нь онгоц унасан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хуулийн олон зүйлээр шалгах ёстой л доо.
Энэ бол шударга бус явдал юм. Өнссдөр жирийн ард түмэн иймэрхүү асуудалтай тулгарвал шууд шоронд суудаг гаж тогтолцоо Монголд бий болчихлоо шүү дээ. Гэтэл яагаад Симба Батааг үнэн бодитоор шалгаж, шоронд суулгаж болдоггүй юм бэ. Сонин байгаа биз.
-Ингэхэд та бэлтгэдэг нэвтрүүлэгийнхээ санааг хэрхэн олж авдаг вэ?
- Би одоогоор 140 гаруй нэвтэрүүлэг бэлтгэж үзэгч олонд хүргээд байна. Нэвтрүүлгийн дараа надад олон хүн ханддаг. Надад дарга нартай холбоотой асуудлаар мэдээлэл иргэдээс их ирдэг. Манайхан “Атрын аян” гээд яриад байдаг. Гэтэл “Атрын аян”-ыг хариуцсан хүн нь мөн л Симба Батаагийн дүү шүү дээ. Тэр дүү нь дараа нь малчдад зээл олгодог ажлыг хариуцсан байдаг. Ер нь Симба Батаа Монголын мөнгө төгрөг хаана төвлөрдөг, мөнгө олж болдог бүх арга замыг хэдийнэ судалж, мэдсэн байдаг нь сонин санагддаг.
Монгол Улс гурван сая хүн амтай. Гэтэл Монгол Улсын бүх санхүүг нэг гэр бүлд даатгуулж, байлгаад байх нь зөв үү. Энэ бодох ёстой л асуудал байгаа юм. Үнэндээ, Монголын бүх дампуурал, үнийн өсөлт зэрэг нь зөвхөн Симба Батаагийн гэр бүлийн хүрээний мэдлийн асуудал байдгийг цэглэх цаг нь болсон.
Ө.БОТА
URL: