Хонгор сумын иргэд хорт хавдраар сүйрч байна
Талийгаач Ч.Шаравхааны ор суурь
-АН-ЫНХАН ХОРДООД МАН-ЫН ГИШҮҮД ХОРДООГҮЙ ГЭХ ЮМ-
2007 оны наймдугаар сарын 7-нд Хонгор сумын 1218 иргэнд хийсэн эмч нарийн шинжилгээгээр 747 нь буюу 61.3 хувь нь хордлоготой гэж гарчээ. Гэсэн хэдий ч тухайн үеийн МАХН-д (Одоогийн МАН) хойд солонгосчууд шиг тархиа угаалгаж, үзэл суртлын шуурганд өртсөн зарим иргэд Хонгор сум хордоогүй хэмээн өгүүлж байгаа юм. Үүнээс үүдэн сумын иргэд хоёр хуваагдан нэг хэсгийгээ “Хамуу, тэмбүүтэй” гэж ад үзэх болжээ.
Нөгөөтэйгүүр АН-ыг дэмждэг иргэд хордоод, МАН-ын гишүүд хордоогүй гэх жишээтэй. Үүнээс үзвэл цианит натри намын харьяаллаар хороо илгээдэг юм биш үү. Сумын ИТХ-ын дарга асан Содномпунцаг “хамуурсан” хэдий ч бусдын нүднээс далд хоёр сар болсон байгаа юм. Гэсэн хэдий ч нэг л өдөр тэсгэл алдан биеэ маажаад намын бодлого алдуулсан гэнэ. Цианит натрийн хор хөнөөл олон жилийн дараа гардаг аж. Өдгөө энэ суманд төрөлхийн гажиг согогтой, саажилттай хүүхдүүд төрөх болсон байна. Үхэр малын тухайд хээл хаях, элдэв согогтой тугал гарах нь наад захын үзэгдэл. Нийтдээ хорь гаруй тугал үсгүй гарч үхсэн байх юм. Мал амьтан ч яамай.
Ингээд тус сумын иргэн Ч.Шаравхааны ор суурийг зорин очлоо. 2007 онд хамуутай хэмээн оношлогдож бөөн уур уцаар болж байсан эр. Дараа нь сүрьеэ өвчтэй хэмээн оношлогдон хотод очоод шулуун гэдэсний хорт хавдраар нас барсан. Задлан шинжилгээгээр ходоод гэдэс нь ногоон идээгээр дүүрэн байсан гэдэг. Түүний дараагаар ижил нэртэй дүү Ч.Шаравхаан нь бас түрүү булчирхайн хорт хавдраар нас барсан дуулдсан.
Цианит натри гэдэг хор энэ айлыг сүйрүүлж дуусч байгаа билээ. Гэсэн хэдий ч нөгөө хашаандаа оршин сууцгааж, хортой гэгдсэн худгаасаа уусаар сууна. Салхинд хашаа хороо нь нуран унаж, дөрвөн ханатай гэрт Ч.Шаравхааны эхнэр А.Бавнай, охин Күндз хүүхдийн хамт амьдарч байгаа аж. Том жижиггүй “хамуутай” учир биеэ маажицгааж байлаа. Ч.Шаравхааны охин Күндзтэй ярилцлаа.
Дөрвөн настай энэ охин судасны хавдартай болжээ
-2007 онд охин чинь хорны голомт дээр төрсөн. Бас хавдартай гэж сонслоо?
-Би 2007 оны хавар аавындаа жирэмсэн байж байсан. Тэгтэл цианит натри алдагдаж биеэр тууралт өгсөн. Тухайн үед сумын эмч “Хамуу” гэж оношилсон ч одоо хүртэл эдгээгүй. Монгол Улсын анагаах ухаан элэг шилжүүлэн суулгалаа л гэх юм. Гэтэл “хамуугаа” эмчилж чадахгүй таван жил болж байна. Миний охин хор алдагдсаны дараа хөлний судасны хавдартай төрсөн юм. Эхэндээ анзаардаггүй байлаа. Том хүнийх шиг шагайн судас нь тодорсон хүүхэд байсан. Өрхийн эмч туранхай болохоор судас нь тэгж харагддаг юм гэсэн. Тийм л юм байх гээд нэг их анзаараагүй. Ойндоо хүрэх үед хөлийн судас нь бүдүүрээд овойгоод гарчихсан. Дарханы эмнэлэг Эх нялхаст очиж үзүүл гэсэн. Эх нялхас нь гуравдугаар эмнэлэгт үзүүл гэсэн. Тэгээд гуравдугаар эмнэлэгт үзүүлтэл “Судасны хавдар байна” гэсэн. Ой хагастайдаа хялгасан судасны хавдрын хагалгаанд орсон. Эмч нар “Байгаль орчны бохирдол эхийн урагт нөлөөлсөн” гэдэг юм. Цианит натрийн хор хөнөөлөөс болоод Мураш гэдэг хүний тагнай цоорхой, нуруун дээрээ уртай хүүхэд гараад нас барсан. Миний мэдэхээс төрөхийн гажиг согогтой тав, зургаан хүүхэд гараад нас барсан.
-Эмч нар юу гэж үздэг вэ?
-Их бүдүүлэг тайлбар хийнэ. Ээж нь жирэмсэн байхдаа тэмээний мах идсэнээс болоод хүүхдийн уруул сэтэрхий гарлаа ч гэх шиг. Тэгвэл Өмнөговь аймагт бүтэн уруултай хүн төрөхгүй болов уу.
-Охины бие сайжирсан уу?
-Үр дүн муутай байна. Ой гарантай л байхдаа бүтэн наркозтой хагалгаанд орсон. Түүнээс хойш хоёр хагалгаанд орчихлоо. Уг нь эмч нар Солонгос улсад эмчилгээнд яв гэдэг юм. Дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй би яаж чадах вэ дээ. Ингээд л сууж байна. Төр засгийн буруутай үйлдлээс болоод Хонгор сумын иргэд үр удмаараа хорт хавдар гэдэг өвчнөөр үхээд дуусах байх. Миний бие ч сайнгүй байна.
-Таны хамуу хэвээрээ юу?
-Таван жил биеэ маажиж байна. Сая хотод хүүхдээ үзүүлэх гээд хэд хоноход зүгээр болчихож байгаа байхгүй юу. Хонгор суманд ирээд дахин загатнаад байгаа юм. Хамуу гэхэд хүнд халдахгүй.
-Танайх нөгөө худгаасаа уусаар байгаа юм уу?
-Ямар харангадаж үхэлтэй биш. Ууж л байна. Хүн битгий хэл мал ууж болохгүй гэсэн дүгнэлт гарсан. Өөр хоолой норгох ус энэ хавьд байхгүй шүү дээ.
-Эндээс нүүж болдоггүй юм уу?
-Энэ айлыг авч явсан эрчүүл хорт хавдраар бурхны оронд явчихсан. Бидэнд нүүгээд очих газар, хийх ажил алга.
-Танай аавын онош юу гэж гарсан бэ?
-Сүрьеэтэй төөрөгдүүлж баахан эмнэлэгт хэвтүүлсэн. Дараа нь шулуун гэдэсний хорт хавдар болоод бурхан болсон. Манай нагац онош нь тодрохгүй байсаар хорт хавдраар нас барсан. Хүргэн ах бас хорт хавдартай гэж оношлогдоод ходоодоо хоёр тайруулчихаад байна. Урд талын хашааны Мөнхөө ах улаан хоолойн хавдраар нас барчихсан гэлээ.
Ч.Шаравхаан агсны гэргий А.Бавнайтай ярилцлаа.
-Таны бие бас тааруу байгаа гэж сонслоо?
-Би яахав дээ. Нас дээр гарсан хүн үхэхэд гомдоод юу байх вэ. Эмнэлэг тэгээд мань мэт хөгшчүүлийг үзчихээд “Насны доройтол” гэсэн онош тавьдаг. Дөчин нас хүрээд “Насны доройтол”-д ордог болсон. Энэ хүүхдүүд л хэцүү байна. Нэг, хоёрдугаар ангийн хүүхдийн толгой тархи өвддөг, бие хаа дээгүүр нь юм гарах юм. Манай энэ ач бие хаа нь өвдөөд хичээлдээ явж чадахгүй байна. Балчир хүүхдүүдэд хорны хор хөнөөл мэдрэгдээд эхэллээ.
-Хонгор сумын зарим иргэд өөрсдийгөө хордоогүй гэдэг юм билээ?
-Хордоогүй бол сайн байна. Ихэнх нь маажууртай, толгой тархины өвчтэй хэрнээ Ардын намаасаа айгаад “Хордоогүй” гэж хэлчихээд эмнэлэг рүү гүйдэг л байхгүй юу. Сумын удирдлагууд Хонгор суманд бус Дархан хотод амьдарна. Их сонин шүү дээ. Манай гэрээр орсон гарсан хүн цай уухгүй. Тэгсэн хэрнээ хордоогүй л гэдэг юм.
-Талийгаач Ч.Шаравхаан гуай өргөдөл гомдол бичдэг байсан байх шүү?
-Тэр өргөдлийнхөө үр дүнг үзэж чадалгүй нас барсан. Нас баран бартлаа “Төр түмэн нүдтэй. Биднийг ингээд хаяхгүй. Та нарыг минь нүүлгэн шилжүүлнэ. Нөхөн олговор өгнө” гэж итгэсээр байсан. Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын амласан амлалт олон иргэдэд тайвшрал авчирсан. Миний нөхөр Ч.Шаравхаан “Төр засаг сэрлээ” гээд ихэд баярлаж байсан даа.
-Төр засаг Хонгор сумыг нүүлгэвэл нүүх үү?
-Нүүлгүй яах вэ. Эрүүл мэндийн яамны хордлогын зөвлөх байсан С.Юндэн “Танай сум тэр чигээрээ хордсон. Тийм учраас та нар наад байшин хашаагаа орхиод нүцгэн гарах ёстой. Цианит натри 40-50 жил хор ялгаруулдаг” гэж байсан. Ховд аймгийн Алтай сум цэвдэгтэй газраасаа нүүж байсан. Гэтэл Хонгор сум хортой газраасаа нүүхгүй юм. Энэ улс төр гэдэг зүйл хүний амь насыг хайрладаггүй юм байна. Доктор Пүрэвсүрэн “Япон улсад хордсон иргэдэд тавин жилийн дараа нөхөн олговор олгосон. Түүнтэй адилхан та нарт олон жилийн дараа нөхөн олговор олгоно” гэдэг юм гэлээ.
Ингээд тэдний баруун хашаанд нь байсан Л.Ганбаатарынд очлоо. Гэргий У.Долгормаа нь хорт хавдраар нас барсан дуулдав. Харин нөхөр Л.Ганбаатар нь хорт хавдар тусаад Дархан хот руу нүүчихсэн байлаа. Цонх нь хагарсан байшин, төмөр хаалга нь салхинд савчсан хашаа л үлджээ.
Үргэлжлэл бий.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: