УИХ Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авсангүй
Олон нийт, ялангуяа төв талбайд болсон жагсаалыг зохион байгуулагчид, оролцогчид, дэмжигчдийн ойлгож байгаагаар бол ҮАБЗ үзэл бодол нийлсэн, нэг талын хүмүүсээс бүрдсэн. Ингэснээр төрийн гацаа арилж, УИХ саадгүй хуралдах нөхцөл бүрдсэн ч завсарласан. Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж амжихгүй, хэрүүлд хамаг цагаа зарцуулсан учраас олон нийт УИХ-ыг ээлжит бусаар хуралдахыг шаардаж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын гишүүд, иргэний нийгмийн 51 байгууллага ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардаж албан бичиг илгээсэн.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 20-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа хүргүүлсэн юм. Тэрээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичигтээ “УИХ-ын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхин, шийдэл хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлууд хойшлогдох нөхцөл үүссэнтэй холбогдуулан миний бие 2019 оны нэгдүгээр сарын 22-нд албан бичгээр УИХ-ын даргад албан ёсоор хандаж, чуулганы хугацааг сунган хуралдуулах санал, шаардлагыг хүргүүлсэн боловч намрын ээлжит чуулганыг хуулийн хугацаанд нь завсарлуулаад байна.
Төрийн эрх барих дээд байгууллагын үр дүн муутай үйл ажиллагаа нь сахилга, хариуцлагыг бүх түвшинд алдагдуулж, нийгмийн хөгжлийг сааруулах, аливаа бэрхшээлийг гааруулах шалтаг, шалтгаан нь болох тул алдагдсан цаг хугацааг нөхөж улс орон, ард иргэдийн амьдралд тулгамдаж байгаа шийдэл хүлээсэн асуудлуудыг нэн даруй хэлэлцэн шийдвэрлэх арга хэмжээг шуурхай авах шаардлагатай юм.
Иргэд, олон нийт эрх баригч нам, УИХ, Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудаас “хууль тэгш үйлчилж, хэлбэрэлтгүй хэрэгждэг” шударга нийгмийг цогцлоох дорвитой бодлого, шийдэл хүлээж, шаардаж байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу УИХ-ын гишүүдийн санал болгон шаардаж буй асуудлаар ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 1-ний дотор зарлан хуралдуулах саналыг үүгээр хүргүүлж байна. Судлан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэсэн юм.
Ерөнхийлөгч ийм санал гаргах эрхтэй. Учир нь, УИХ-ын тухай хуулийн 16.2-т “Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар хуралдуулна” гэсэн заалт бий. Гэвч Ерөнхийлөгчийн энэхүү идэвх санаачилга бодит ажил хэрэг болсонгүй. Өмнө нь намрын ээлжит чуулганыг үргэлжлүүлэх санал гаргаад дэмжлэг авч чадаагүй Ерөнхийлөгч энэ удаад ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 1-ний дотор зарлан хуралдуулахыг шаардсан боловч тусыг эс оллоо.
Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авсан бол УИХ-ын дарга захирамж гарган энэ баасан гаригт ээлжит бус чуулганыг хуралдуулахаар товлох байсан гэсэн үг. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаад завгүй явна. УИХ-ын дарга болсноосоо хойш нутагтаа очиж буй түүнийг нутгийнхан нь ёслол төгөлдөр хүлээн авчээ.
Мөн ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 18-нд хуралдуулах тухай мэдээлэл гарсан. Энэ бүхнээс харвал Ерөнхийлөгчийн санал УИХ-ын дарга солигдсон ч өмнөхийн адил парламентын босгон дээр бүдэрч буй бололтой.
URL: