Л.Мөнхбат: Америкт хаустай, Швейцарийн банкинд мөнгөтэй олон хүн бий, би тэдний нэг биш
Одкон холдинг” компанийн ерөнхий захирал, Төрийн соёрхолт, Монголын Улсын зөвлөх инженер Л.Мөнхбатыг энэ удаагийн “Топ-100 зочин” буландаа урьж ярилцлаа.
-Шинэ оны мэнд хүргэе.
-Баярлалаа. Та болон танай сонины хамт олонд шинэ оны мэнд хүргэе. Энэ жилдээ ажил үйлс тань дэлгэрч явахын ерөөл өргөе.
-Баярлалаа. Өнгөрсөн онд “Одкон холдинг” компани амжилт бүтээл арвин байв уу?
-Манай групп 2010 оны үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөгөөр 7.5 орчим тэрбум төгрөгийн ажил хийх хар зураг гаргасан. 2010 он бол “Одкон холдинг”-ийн үүсэн байгуулагдсан 20 жилийн ойн өмнөх жил. Өнгөрсөн онд эрчим хүч, барилгын салбарт манай ажил үйлс өрнүүн байлаа. Ажил үйлсийг маань үнэлээд барилгын салбарынханд олгодог дээд шагнал “Алтан цамхаг”-ийг өгсөн. Энэ шагнал бол манай хамт олны өнгөрсөн онд хийсэн бүтээсэн ажлын баталгаа юм,
Аливаа юм тэр дундаа бүтээн байгуулалтын салбар хөдөлмөрийн бүтээмжээр үнэлэгддэг. Манай компанийн нэг хүнд ногдох хөдөлмөрийн бүтээмж улсын хэмжээнд их өндөр байгаа. Дунджаар 2.5-3 сая төгрөг. Үүнийг дуулгахад таатай байна. Түүнээс гадна эрчим хүчний салбар, яг тодорхой ярихад Ховд аймгийн Дарви сумаас Говь-Алтай аймгийн Дарив сум хүртэлх 35 киловаттын цахилгаан дамжуулах агаарын шугамыг дамжуулах станцтай нь иж бүрнээр нь хийлээ.
Ерөнхий сайд баруун бүсэд 2010 оны намар ажиллахдаа баруун бүсийн эрчим хүчний системд Говь-Алтай аймгийн таван сум, Алтай хотын талыг холбож болох” санал гаргасан. Энэ дагуу Техник эдийн засгийн үндэслэл гаргасныг бид хэрэгжүүллээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, түүний харъяа Эрчим хүчний газрын захиалгаар гүйцэтгэсэн. Монголын түүхэнд хамгийн хурдан барьсан өндөр хүчдэлийн шугам гэж нэрлэгдэж байгаа. Засгийн газрын даалгавартай учраас манай эрчим хүчний шугам барьдаг охин компани “Од софт” 48 хоногт барьж дуусгасан. Нийтдээ 70 орчим километр урт шугам барьсан юм.
Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах нөхцлийг хангасан Бага тойрууг Их тойруутай холбосон 600-700 мм диаметрийн ган хоолойг шинэчиллээ. Улсын төсвийн гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалттай ажил байсан.
Сүхбаатар аймагт өөрөөсөө 2.4 тэрбум төгрөг гаргаж, төрийн албан хаагчийн 22 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Багш, эмч нар моргейжийн зээлд хамрагдаад орсон байгаа. Томоохноос нэрлэвэл ийм ажил хийлээ.
Өнгөрсөн онд давхардсан тоогоор 80 гаруй төслийг хэрэгжүүлсэн. Нийт 9.3 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн. Энэ бол манай ажилсаг хамт олны уйгагүй хөдөлмөрийн үр.
-80 төсөл хэрэгжүүлж. Тендерт маш сайн оролцож байгаагийн илрэл үү, эсвэл эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр төсөл хэрэгжүүлээд байна уу?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийдэг хэдэн компани бий. Тэдний нэг нь манайх. Тендерт орно. Дандаа ялахгүй. Бас ялагдахгүй. Өөрийн улс нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс өөрийн хөрөнгөөр хийсэн олон төсөл ч бий. Тухайлбал, Дундговь аймгийн “Олгойн говь” төслийг өөрсдөөсөө 800 сая төгрөг гаргаж хийсэн. Энэ жил мөнгөө авах гэж байна. Хэдэн төгрөгөө банкинд хадгалаад хүүг идээд байвал амьдраад л байна. Төр мөнгөгүй байхад зарим төслүүдийг өөрсдөө санхүүжүүлэх нь улсдаа оруулж байгаа хувь нэмэр гэж боддог.
-”Одкон холдинг” компани эрчим хүч, барилгаас өөр ямар салбарт ажиллаж байна вэ?
-Манайх нэг их барилга бариад байдаггүй. Цэвэр инженерийн шугам сүлжээ хийдэг компаниудтай. Цэвэр, бохир, дулаан, агааржуулалт гээд. Ер нь инженерийн шугам сүлжээ нарийн л даа. Тоосго өрөөд барилга барих ч хэцүү. Гэхдээ инженерийн шугам сүлжээ барилгыг амилуулдаг юм. Дулаан, цахилгаан, холбоо, интернэтгүй бол барилга ямар байх вэ. Энэ бүгдийг хийнэ, бүтээнэ, учир начрыг нь олж угсарна, туршина, тохируулна гэдэг бол асар нарийн ажил. Тиймээс инженеринг хийдэг компаниудад оюуны асар чадамжтай хүмүүс ажилладаг. Ийм учраас мэргэжлээрээ бахархана шүү.
-Оюуны өндөр чадвартай инженерүүд олдож байна уу?
-Одоо хүмүүс материаллаг бус салбарт ажиллах сонирхолтой байна. Гоё дуулдаг нь урлаг гээд яваад өгөх юм. Урлаг хүний оюун санааны хэрэгцээг нөхөж байдаг. Тиймээс хэрэгтэй. Гэхдээ 10 хүний тав нь дуучин байвал утгагүй. Таван хүн ажиллаад, тав нь дуулаад байвал ямар ч утгагүй. 10 хүний нэг нь дуулаад ес нь материаллаг салбарт, өөрөөр хэлбэл, эрчим хүч, барилга, уул уурхайд ажиллах хэрэгтэй.
Монголын залуусын олонх нь багш, хуульч, ня-бо болно гээд байх юм. Харин сүүлийн үед Засгийн газар тодорхой хэмжээний бодлого явуулж, материаллаг салбарт ажиллаж байгаа хүмүүсийг магтан дуулж байна. Социализмын үед материаллаг салбарынхныг түлхүү анхаардаг байсан. Боловсролын салбарт сүүлийн жилүүдэд ийм гажиг тогтсон. Бүгдээрээ хуульч болоод яах вэ, хэнийгээ шүүх нь вэ. Энэ бол төрийн тогтолцооны гажиг. Төрийн албанд орох сонирхолтой хүмүүс олон болж. Төрийн албанд орвол амьдрал нь бүрэн баталгаажна гэж ярьж байна. Би үүнийг нэг талдаа буруу гэж боддог. Төрийн албанд өндөр мэдлэг чадвартай сорууд ажиллах ёстой. Гэтэл одоо бол замбараа алга.
-Компанийн тань ажилчид төрийн алба руу урваад, эсвэл инженерийн сургууль төгссөн залуус ажилдаа гологддог болоод та ийм үг хэлж байна уу?
-Биш, биш. Хүн юманд шүүмжлэлтэй хандахдаа өөрийгөө хэн бэ гэж бодож байх ёстой. Би Доржийг, Дондогийг мэдэхгүй байж тэр хоёрын тухай чамд муулж ярих нь утгагүй. Ярихаасаа өмнө өөрийгөө хэн бэ гэдгийг бодох ёстой. Манай ажилчид бол төгс боловсорсон хүмүүс. Барилгын ажлын зургийг манай захын ажилтан уншина. Бие даагаад ажлаа хийгээд явчихдаг юм. Энэ бол 10-20 жилийн хөдөлмөр шүү. Мэдлэгт суурилсан хүн төвтэй компанийг олоод ир гэвэл манай дээр л ирнэ дээ. Би тэгж боддог юм. Манайхан шинэ ажилчнаа сар сургаад толгойд нь юм хийгээд ажил дээр гаргадаг. Зүгээр хөлсний хөдөлмөрчин шиг хандаж болохгүй. Хүний нөөцийн хувьд би өөрийгөө болгочихсон хүн.
Манай компанийн ажилчид одоогийн зах зээлийн нөхцөлд боломжийн амьдарч байгаа. Би төрийг хараад байдаг юм. Тиймээс ийм үг унагасан хэрэг. Яагаад гэвэл, хувь хүн бие дааж хөгжих ямар ч үндэс байхгүй байна. Заавал бусдаас хамааралтай. Тэгэхээр хамтдаа хөгжих ёстой. Нэг хэсэг нь баяжаад, нөгөө нь ядуураад байгаа нь хөгжил биш.
Хүн амын гуравхан хувь нь чинээлэг амьдарч байна. Америкт хаустай, Швейцарийн банкинд мөнгөтэй, Монголд зун л ирж амьдардаг хүмүүс байна. Би тэдний нэг биш. Гурван сая хүнтэйгээ хамтдаа хөгжихсөн гэж мөрөөддөг нэгэн. Хүн хорвоод шалдан ирээд шалдан буцдаг. Сая доллартай байлаа гэхэд аваад үхэхгүй шүү дээ.
-Үр хүүхдэд нь үлдэх юм даа. Тийм ээ?
-Өөрөө хөдөлмөрлөж, хөлс гаргаж олоогүй мөнгө хүнийг чөтгөр болгодог юм. Мэдэх үү. Чөтгөр болно. Аав чинь чамд 10 сая доллар үлдээгээд үхвэл маргааш нь байна уу, үгүй юу гэж тэмтэрч үзээд чи чөтгөр болно. Эмэгтэй нь шулам, эрэгтэй нь чөтгөр болно. Хүн өөрөө тийм бузрын амьтан. Бурхан тэгээд бүтээчихсэн юм. Дээр үед дарга нарын хүүхэд сайхан амьдарч байсан. Хүний эдэлдэггүйг эдлээд л. Одоо бүгд архичин гудамжинд мөлхөж байна. Тийм л болно.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг арай өөр тийш хандуулъя. Та бизнесээ хэрхэн эхэлж байв?
-Бизнес гэдэг бол зах хязгааргүй далай. Далайд доошоо бол хамгийн гүнд шумбах, дагуудаа бол хамгийн хол сэлэхийг мөрөөдөх ёстой. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд яах вэ. Юун түрүүнд мэдлэг, туршлага хэрэгтэй. Орчин тойрон чинь чамайг хамгийн сайн ойлгодог байх хэрэгтэй. Аав, ээж, найз, үерхдэг хүүхэн чинь ч сайн ойлгодог байх хэрэгтэй. Сэтгэл санааны маш сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бэлтгэлтэй байна гэхээр шатрын тэмцээнд орох гэж байж штанг өргөөд гүйгээд байдаг онигоо шиг юм болбол буруу. Хүн хамгийн сайн чадах юмаараа бизнес хийдэг юм.
Дорж тэрийгээ Дондогт тэдэн төгрөгөөр зараад ашиг олчихлоо гэж хараад байдаг. Хүн хамгийн сайн мэргэшсэн, боловсорсон юмаараа бизнес хийдэг юм. Би дулааны инженер хүн. Тэгээд хамгийн сайн чаддаг юмаараа бизнес хийж байна. Салбарлуулж өргөжүүлсэн тал бий. Сайн чадах юмаа хийвэл хүн далайн гүн рүү хамгийн хол шумбаж чадна.
-Та мөрөөдлийнхөө гүнд хүрсэн үү?
-Би түрүүн хүн шалдан ирээд шалдан буцдаг гэж хэлсэн дээ. Олон хүүхэдтэй хүнд зовлон их гарна. Би гурван хүүхэдтэй. Би хүүхдүүдийнхээ 18-25 насны хугацааны идэх мөнгийг нь бэлтгэж өгөх байх. 26 насанд нь миний мөнгө дуусна. Хэрвээ 35 насандаа идэх мөнгийг бэлтгэж өгвөл түрүүний хэлснээр чөтгөр, шулам болно. Би ямар ч мөнгөгүй бизнесээ эхэлсэн. Надад 30 гаруй ажилтан л байсан. Тэгээд 1991 оны 10 дугаар сарын 1-нд дулааны инженерийн компаниа байгуулсан юм.
Манайх долоон охин компанитай. Эрчим хүчний “Од софт”, агааржуулалтын “Одкон салхивч”, барилгын материалын худалдааны “Одкон тех”, “Манни пост” банк санхүүгийн байгууллага, зураг төслийн “Од тэнхлэг”, ялтсан бойлор халаалтын “Жанхаан Одкон”, “Одкон холдинг” гээд толгой компани байна.
Би үр хүүхдүүдийнхээ хэрэглээг хангана гэвэл мөрөөдлийнхөө гүнд хүрчихсэн. Хувь хүнийхээ хувьд аль 10 жилийн өмнө хүрсэн. Мөрөөдлийг тоон илэрхийллээр хэмжиж болохгүй. Би эрүүл, таатай амьдармаар байна. Чи миний цуглуулсан номыг харж байна уу, энд “Мао Цедун” гээд ном байна. Одоо тааваараа ном уншиж эхэлж байна. Багадаа гайгүй уншдаг хүүхэд байсан. Бизнесийн орчинд ном унших цаг байхгүй, цуглуулаад л байлаа.
-Компаниа ганцаараа байгуулсан уу. Санаа нийлсэн найзуудтай хамтрав уу. Ихэнх том компаниудыг гар нийлсэн хүмүүс “босгосон” байдаг?
-”Одкон”-д ямар нэг байдлаар хөрөнгө оруулсан 30 орчим хүн бий. Тэр хүмүүсгүйгээр энэ компанийг төсөөлж болохгүй. Тэр хүмүүсийн л бий болгосон компани. Тэдний л хөрөнгө. Юмыг нэг өнцгөөс харж болохгүй. Хөрөнгөө булаацалдаад хэрэлддэг ш дээ. Тийм юм гардаг л юм. Амьдрал юм чинь арга байж үү.
-”Одкон холдинг”-т хэдэн хүн ажиллаж байна вэ?
-350-380 хүн ажилладаг юм. Зундаа дээд тал нь 500 ч хүрдэг. Зундаа гэрээт ажилчин авдаг юм.
-Зах зээлийн нийгэмд 350 хүнийг ажлын байраар хангана гэдэг бол нийгэмд оруулж байгаа том хувь нэмэр гэж боддог. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Хамгийн үнэтэй зүйл гэвэл чи юуг хэлэх вэ. Нуусан жаахан алтаа хэлэх үү. Хэлэхгүй биз дээ. Миний үр хүүхэд надад хэрэгтэй. Эхнэр маань хэрэгтэй. Хамгийн үнэтэй юм тэр л байдаг юм. Үүнтэй адилхан “Одкон”-д тэр 350 ажилчин чинь үнэхээр хэрэгтэй. Тэднийг боловсруулах гэж 20 жил зүтгэсэн. Магадгүй дахиад 10 жил зүтгэнэ. Манай компани хүн төвтэй, хүнийг шүтэж ажилладаг. Ажилчдадаа мэдлэг боловсролын, ахуйн хөрөнгө оруулалт хийчихсэн байдаг. Тиймээс манайхаас гарна гээд байдаггүй. Манайх ажилчдын байртай. Харин манайд ажилд орох нь нэр төрийн хэрэг гэж үздэг.
-”Одкон холдинг” улсад хэдэн төгрөгийн татвар төлж байна вэ?
-Ойролцоогоор 1.2-1.5 тэрбум төгрөг өгдөг. Ер нь байгуулагдсан цагаасаа хойш 240 орчим тэрбум төгрөг төлсөн. Бид нэг удаа тооцож үзсэн юм. Тийм тоо гарч байна лээ.
-Татварт төлсөн мөнгийг чинь төр хэрхэн зарцуулж байна гэж үздэг вэ?
-Tөp татвар төлөгчдийн өгсөн мөнгийг хамгийн муу хөрөнгө оруулалтад зарцуулдаг. Угаасаа дэлхий нийтээр тийм байдаг юм. Tөp гэхээр Засгийн газар. Засгийн газрыг УИХ-ын гишүүд нь ч нэлээн зовоох юм. Tөp оршихуйд татвар оршино гэж. Хүмүүс татвараас зугтаадаг л даа. Би тэрний эсрэг байдаг. Цардмал замаар явж байна. Бэлтгэсэн ногоон байгууламжид амьдарч байна. Төрийн тогтолцооны гүн агуулга нь татвар. Татвар бол төрөөрөө дамжуулж бусаддаа өгч байгаа халамж. Тэгж ойлгох хэрэгтэй. Maнай татварын байцаагчид ойлгодоггүй юм. Татварын байцаагч гээд нээх том нүдний шил зүүсэн хүүхэн орж ирээд дарамтлах гээд байдаг. Би татварын байцаагч гэдэг татвар төлөгчөө хүндэтгэх, алдаа гаргах гэж байвал сэрэмжлүүлэх ёстой гэж хэлдэг. Зарим нь ойлгоно. Зарим нь ойлгохгүй. Татвар төлнө гэдэг хувь хүн төртэйгээ амьд сэжмээр холбогдож байгаа хэрэг.
-Татаараас зугтаадаг тухай байнга л ярьдаг. Одоо нээлттэй ил тод байх зарчимтай компанийн засаглалын тухай ярьдаг болж. Компанидаа ямар засаглал төлөвшүүлж байна вэ?
-Хоёр хүн хоорондоо зөвшилцөөд юмаа хийхээр нэг төвшинд ажиллаж болдог. Гурвуулаа болохоороо нэг нь заавал даргалах ёстой болдог. Нас, мэдлэг боловсрол тэнцүү байсан ч нэг нь заавал давамгайлах болдог. Нэгийгээ нөгөө хоёр нь дагадаг. Хүн гэдэг амьтны оюун санааны философи юм даа. Засаглалыг том төвшинд төр, жижиг төвшинд аж ахуйн нэгж дээр яриад байгаа юм.
Одоо Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд хувийн хэвшлийг нэгдүгээр авч үзэхээс өөр аргагүй болсон. Тэгэхээр төр өөрөө сайн засаглалтай байхын тулд компанийнхныг сайжруулах хэрэгтэй болж байна. Хоёулангийнх нь засаглал сайн байвал харилцаа нь нэг шугам дээр ирнэ.
-Манай компаниуд чадавхижихын хэрээр нийгмийн хариуцлагын тухай ярих болсон. Танай компани нийгмийн хариуцлагын шинж чанартай ямар үйл ажиллагаа явуулж байгаа бэ?
-Нийгэм гэдэг том ойлголт. Нийгэм байхгүй бол тухайн компани ажиллаж чадахгүй. Тэгэхээр нийгэм рүүгээ хандсан бодлого явуулах зайлшгүй хэрэгтэй. Би түрүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод барилга барьсан гэж хэлсэн дээ. Би Сүхбаатар аймгийн хүн. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаад тэнд хямд орон сууц барилаа. Tөp нь урт хугацааны зээлийн санхүүжилтийг нь өглөө.
-Та бизнест ямар зарчим баримталдаг вэ?
-Бизнест шударга, үнэнч байх гэсэн гол зарчим баримтална. Хэрэглэгчийг хохироож болохгүй. Хэрэглэгч бол хаан. Хүн мөнгөө өгөөд үүнийг ав, оронд нь юм хийгээд өг гэвэл сайхан хийгээд өгөх хэрэгтэй. Сүүн цагаан мөртэй гэдэг дээ. Бид илч дулаан, гэрэл түгээдэг хүмүүс. Тиймээс чанаргүй юм хийх ёсгүй. Ийм зарчмаар ажилладаг. Хүмүүс манайхаар юмаа хийлгэх дуртай.
Т.Энхбат
URL: