Хотыг ХЭН удирдах вэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэх юм.
НИТХ-ын хурлаас өмнө нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд МАН-аас НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн бол төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэр дэвшиж, олонхийн санал авч байлаа. НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн санал авсан С.Мөнхчулууныг батламжлуулахаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн боловч буцаагдсан билээ.
Цаашлаад С.Мөнхчулууныг намын бодлогыг зөрчсөн гэх үндэслэлээр МАН-ын гишүүнчлэлээс хасах тогтоолыг тус намын Хяналтын хорооноос гаргасан. Нэгэнтээ намын гишүүнчлэлээс хасагдсан учир төлөөлөгч С.Мөнхчулуунд ямар нэг улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгийг Хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдэгдсэн. Харин С.Мөнхчулууны тухайд МАН-ын гишүүнчлэлээс хасагдсан ч НИТХ-ын төлөөлөгчийн хувьд нийслэлийн Засаг дарга дахин нэрээ дэвшүүлж өрсөлдөнө гэдгээ С.Мөнхчулуун мэдэгдээд байгаа. Бие даан нэр дэвших тухайгаа төлөөлөгч С.Мөнхчулуун “Өнөөдөр дахиад л үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх гээд үзнэ дээ. Миний зүтгэл та бүгдийн гэрт гэгээ оруулж, дүр эсгэсэн ардчилалын царайг ил гаргаж, баг өмссөн шударга ёсны багийг хуу татах болно гэдэгт итгээрэй.” хэмээн цахим хуудсандаа жиргэжээ.
МАН-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид С.Амарсайханы нэрийг дахин дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. С.Амарсайханыг нийслэлийн Засаг даргад МАН-аас нэр дэвшүүлж байгаад “шороотой бөх туг тойрдоггүй юм” гэж зарим хэсэг эгдүүцэн хүлээн авч байна. Ямартай ч нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар дахин өрсөлдөх нь.
Нийслэлийн Засаг даргад энэ удаад С.Амарсайханыг “намын бодлого”-оор НИТХ-ын төлөөлөгчид дэмжээд гаргах байх гэж ажиглагчид харж байна. Учир нь өмнөх хуралдаанаар намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн үндэслэлээр С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намаасаа хөөсөн. Тиймээс бусад гишүүд намын шийдвэрийг үг дуугуй дагах даалгавар авсан байгаа. Гэсэн хэдий ч нууц санал хураалтаар асуудлыг шийднэ.
МАН-ын хувьд хотын фракц томоохон байр суурийг эзэлдэг. МАН-ын дарга хотын фракцтайгаа эе эвээ ололцохгүйгээр намын бодлогоо зангидаж чадахгүй гэж ажиглагчид үздэг. Гэвч өнөөдрийн тухайд хотын фракцаа ч хагаралдуулж, тохиролцоонд хүрч чадахгүй, хүч хэрэглэж байгааг нийслэлийн Засаг даргын томилгоо харуулж байна.
Энэ удаад олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногт батламжлах хуулийн зохицуулалттай. Тиймээс хотыг хэн удирдахыг энэ удаагийн НИТХ шийдвэрлэх юм.
shuud.mn
URL: