Н.Алтанхуягийн ойрын эх сурвалж хахууль авсныг нь мэдээлжээ
Олны хэл ам дагуулаад байсан АН-ынхан ҮЗХ-аа өчигдөржин хийлээ. Хамтарсан Засгийн газраас гарах болсон гол шийдвэрээ хэлэлцэх ёстой байсан уг хурал эхнээсээ л хэрүүлийн алим шидэлцэх талбар болж хувирсан. Хурлыг АН-ын дарга Н.Алтанхуяг удирдан явуулахаар төлөвлөсөн боловч гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Ингээд намын гишүүд ширүүхэн шүүмжлэл өрнүүлж, даргыгаа нэг үг ч хэлэх аргагүй болгож буруутган, Н.Алтанхуяг даргын нэр хүнд шалан дээр унаж, шороотой хутгалдав. АН-ын дарга Н.Алтанхуяг “Үүргээ сайн биелүүлээд Хамтарсан Засгийн газраас гарч байгаадаа баяртай байна” гээд Богдын үгээр түрий барьсаар илтгэлээ дуусгасан. Хурал хэрүүлээр үргэлжилж сүүлдээ ор хөнжлийн асуудал сөхөгдөж, идсэн уусан нь илрэх шинжтэй болоход Н.Алтанхуяг дарга аанай л дэлгэц дүүртэл инээж юу ч болоогүй юм шиг аашилсан. Харин үүнийг нь АН-ын ҮЗХ-ны гишүүд үзэн ядсан шинжтэйгээр ээлж ээлжээрээ саналаа хэлж, Н.Алтанхуягийг үгээрээ байлав. Мөн Хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр АН-ын бус зөвхөн Н.Алтанхуягийн тэр дундаа АН дахь МҮДН-ын фракцийн байр суурь байсан гэж шүүмжиллээ. Хэрүүлийн тавцанд АН-ын ҮЗХ-ны гишүүн Г.Бурмаа гарч “Хоншоортой, эр хүн шиг бай л даа. Чаддаг юм бол эр хүн шиг байгаад өөрийнхөө ажлыг үнэн зөвөөр нь дүгнүүл. Тэгэхгүй ингэж азаргалж дээр нь суучихаад байх юм бол АН-ын үнэт зүйлийг гутааж байгаа хэрэг. АН-ын дарга ард түмнээсээ, АН-ын гишүүдээсээ уучлалт гуй. Ёс зүйтэй л юм бол өөрөө огцор” гэх мэтчилэнгээр шахаж, шаардав. Харин үүний дараа ҮЗХ-ны гишүүн Ж.Равдандорж “Засгийн газарт орох болохоороо бөөн юм болж байж оруулчихаад, гарах болохоороо хажуудаа сууж байгаа ЕНБД, намын бүлэгтээ ч хэлдэггүй. Ийм аюултай улс төрийн алдаа гаргаж болохгүй ш дээ. Үүний цаана ямар нэгэн юм танд байна. Би хардаж байна. Тэр нь юу вэ гэхээр таны ойрын эх сурвалжаас хахууль авсан юм надад хэлсэн шүү. Үүнийг ярьж болно. Нэг их баяр баясгалантай, сэтгэл ханамжтай суугаад байгаа. Ямар гавъяа байгуулчихсан юм, бүүр нэг сэтгэл нь ханачихсан, зурагтаар гарахаараа нэг их алиа марзан зан гаргаад л, инээгээд л, яагаад байгаа юм. Хүнийг доромжлоод байгаа юм уу, хаашаа юм. Эсвэл нэг тэнэг хүнтэй харьцаад байгаа юм уу, юмыг нэг их тайлбарлаад, бид юу ч мэдэхгүй тэнэг хүмүүс биш шүү дээ. Одоо намын даргаа өг. Өөрөө 1996 оноос хойш ЕНБД, намын дарга, сайд гээд л өчнөөн албан тушаал хашиж, АН-ыг 15 жил ноёрхлоо. Ямар АН-д ганцхан Алтанхуяг байгаа биш, одоо боль” гэсэн юм. Ямартай ч энэ өдөр намынхаа даргыг нэг сайн шүүмжилж аваад, ам алдвал барьж болдоггүйн үлгэрээр АН-ынхан Хамтарсан Засгийн газраас гарснаа мэдэгдэж, сайн сөрөг хүчин байхаа амлалаа.
Э.Мөнх mminfo
URL: